Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Алдагдсан өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсон. Сүүлийн 20-н жил маш олон стратегийн бүтээн байгуулалтын ажил гэрээ хэлэлцээрийн түвшинд явагддаггүй тасалдаж ирсэн. Тухайлбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станц байгуулах ажлыг нэг сумын засаг дарга БНХАУ-руу бичиг илгээснээр 2 жил гаран бүтээн байгуулалтын тасалдуулсан хэрэг бий. Стратегийн бүтээн байгуулалт гэдэг нь Улс орны хөгжлийн эдийн засгийн хурдасгуур болдог. Энэ ажлыг иргэний нэр барьсан хүн эсвэл ард түмний нэр барин тасалдуулж буй үйлдлүүдийг эрүүгийн хуульд заасан хорлон сүйтгэх ажиллагаа гэх зүйлчлэлээр хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийг өмнөөс өгч шалгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллана" хэмээлээ.
Мөн Х.Баттулгыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгах юм.
Үргэлжлүүлэн "Хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбогдуулан боловсролын салбарын авлигын асуудлыг таслан зогсоох , хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 1111 төв дээр өргөтгөсөн байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ялангуяа Улаанбаатар хотод тойргийн бус хүүхдүүдийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хувийн ашиг сонирхлын үүднээс бүртгэн сургадаг. Тиймээс энэ асуудлыг ЦЕГ, ТЕГ, АТГ, Нийслэлийн боловсролын яам зэрэг мэргэжлийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллахаар төлөвлөж байна.
Тэрбээр үргэлжлүүлэн "Сүүлийн үед цахим гэмт хэргийн гаралт маш ихээр бүртгэгдэж, гэмт хэргийн төрөл өөрчлөгдөж байна. Ялангуяа, цахим орчин дахь залилан, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд гарч байна. Өсвөр насны болон бага насны хүүхдүүдийг цахим орчинд айлган сүрдүүлэх замаар бэлгийн харьцаанд орох, бүр цаашлаад биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг зохион байгуулагдаж байна. Иймд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг таслах зогсоох чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан" гэдгийг дурдлаа.