УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Ард түмний амьдрал хүнд байхад үр ашиггүй зам, гүүр элдэв янзын юм хэрэггүй гэж үзээд, зогсоохыг нь зогсоосноос болж дотоод, гадаадгүй улс төртэй нүүр тулж байгаа нь үнэн" гэж мэдэгдсэн.
Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатар үүнд хариу тайлбар хийж "Сүүлийн үед ард иргэдийн амьдрал хүнд байгааг зам, гүүр, бүтээн байгуулалттай холбон тайлбарлаж, миний эхлүүлсэн төслүүдийг ч “үр ашиггүй” мэтээр ярих болжээ.
Тийм ээ, манай баг Сэлбэ 20 минутын хотын төсөл, Туулын хурдны зам, ТЭЦ-5 зэрэг томоохон төслүүдийг эхлүүлсэн. Үүнээс гадна эхлүүлээд дуусгасан, Багануурын 50 MBт, Бөөрөлжүүтийн 300 MBт, хотын замын зам гүүрийн бүтээн байгуулалтууд, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн шинэчлэл, Нийтийн тээврийн шинэчлэл, Камерийн нэгдсэн систем, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтууд гэх мэтээр хөвөрнө.
Харин ч эхлүүлсэн нь зөв байсан гэж боддог. Яагаад гэвэл хотыг хөгжүүлэхгүйгээр улсын эдийн засгийг хөгжүүлэхгүй. Дэд бүтэцгүйгээр хувийн хэвшил өсөхгүй. Эрчим хүчгүйгээр үйлдвэр байгуулахгүй. Зам, тээврийн сүлжээгүйгээр бүтээмж нэмэгдэхгүй. Орон сууц, инженерийн дэд бүтэцгүйгээр иргэдийн амьдралын чанар дээшлэхгүй.
Энэ бол зүгээр нэг барилга барих тухай асуудал биш. Энэ бол макро эдийн засгийн бодлого.
Эдийн засагт “мөчлөг сөрсөн бодлого” гэж бий. Эдийн засаг сайн үед хуримтлуулна. Харин эдийн засаг саарч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хумигдаж, ажлын байр эрсдэлд орох үед төр эдийн засгийн өгөөжтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтаар мөчлөгийг сөрдөг.
Нэг зам барихад зөвхөн зам барилгын компани ажилладаггүй. Барилга, цемент, төмөр, тээвэр, тоног төхөөрөмж, инженер, жолооч, жижиг дунд бизнес, үйлчилгээ гээд бүхэл бүтэн эдийн засгийн хэлхээ хөдөлдөг.
Ажлын байр хадгалагдана. Өрхийн орлого хадгалагдана. Хэрэглээ хадгалагдана. Бизнесийн орлого нэмэгдэнэ. Татварын бааз тэлнэ.
Харин хамгийн чухал нь бүтээн байгуулалт дууссаны дараа тэр зам, цахилгаан станц, орон сууц, инженерийн дэд бүтэц нь дараагийн хэдэн арван жилийн эдийн засгийн бүтээмжийн суурь болж үлддэг.
Мэдээж төсөл болгон зөв гэсэн үг биш. Үр ашиггүй бол зогсоо. Тооцоогүй бол зас. Авлига байвал шалга.
Гэхдээ “ард түмний амьдрал хүнд байна, тиймээс зам, гүүр, бүтээн байгуулалтаа зогсооё” гэдэг бол эдийн засгийн бодлого биш. Ажлын байрыг зогсоосноор иргэдийн амьдрал сайжрахгүй.
Хувийн хэвшлийн захиалгыг хумиад эдийн засаг сэргэхгүй. Хөрөнгө оруулалтыг зогсоогоод татварын бааз тэлэхгүй. Эрчим хүчний эх үүсвэрээ барихгүй байж үйлдвэржилт ярих боломжгүй. Түгжрэлээ шийдэх замаа барихгүй байж хотын бүтээмж ярих боломжгүй.
Орон сууц, инженерийн дэд бүтцээ байгуулахгүй байж хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах боломжгүй. Тиймээс Сэлбэ 20 минутын хот, Туулын хурдны зам, ТЭЦ-5 болон бусад бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэл үүссэн шалтгаан биш.
Харин өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдрийн бодлогоор нь хэмжих ёстой. Инфляцаа яаж удирдав. Төсвийн бодлогоо яаж удирдав. Эдийн засгийн мөчлөгөө яаж сөрөв. Хувийн хэвшил, ажлын байраа яаж хамгаалав. Иргэдийн бодит орлогыг яаж өсгөв. Эдгээр асуултын хариуг өчигдөр эхлүүлсэн зам, гүүрээс хайх хэрэггүй. Зам, гүүр макро эдийн засгийг удирддаггүй. Засгийн газар удирддаг.
Бид бүтээн байгуулалт эхлүүлсэндээ буруудахгүй. Харин эхлүүлсэн ажлуудыг улам хурдан, улам үр ашигтай дуусгаж, дараагийн бүтээн байгуулалтаа эхлүүлэх ёстой гэж өнөөдөр ч боддог.
Хотыг төсөл зогсоож хөгжүүлдэггүй. Улсыг хөрөнгө оруулалт царцааж хөгжүүлдэггүй. Үр ашиггүйгээ зогсооно. Үр ашигтайгаа үргэлжлүүлнэ.
Шаардлагатайгаа шинээр эхлүүлнэ. Энэ бол бүтээн байгуулалтын тухай маргаан биш.
Энэ бол эдийн засгаа хямралын үед агшаах уу, эсвэл зөв бодлогоор мөчлөгийг нь сөрж, ажлын байр, хөрөнгө оруулалт, ирээдүйн өсөлтөө хамгаалах уу гэдэг бодлогын ялгаа юм. Өнөөдрийн эдийн засгийн хариуцлагыг өчигдрийн бүтээн байгуулалт руу түлхэх хэрэггүй.
Улсын нэгдсэн төсвийн алдагдал 6 ихнаяд төгрөгт хүрсэн шүү. Аймаг, Нийслэл, Төрийн бүх байгууллагууд цалингаас өөр зардал гаргаж чадахгүй удаж байгаа. Буруутан хайх амархан. Эдийн засгаа удирдах л хэцүү" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!