Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг энэ сарын 10-ны өдрийн чуулганаар хэлэлцсэн билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тэдгээрийн дунд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хэлсэн үгийг энэ удаа онцолж байна. Тэрбээр "Монгол байгаа авлига Төрийн өмчит компанид байна гэж харсан. Гэтэл тодорхой тоо алга. Бүх тоо баримт зөрж байна, төр өмчөө мэдэхгүй байна. Энэ хууль гарахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ямар ажил нэмэгдэж, ямар ажил хасагдах вэ. Хууль зүйн техник найруулга дээр анхаараарай. Засаг захиргаа, нэгжийн чиг үүргийг энэ хуульд заахгүй. Улс төрийн албан тушаалтаныг ТУЗ-д оруулахгүй гэсэн байна, энэ зөв.
Бидний хамгийн арчаагүй байдал сая танилцуулгад байна. Төрийн өмчийн нэгдсэн бүртгэл байхгүй учраас Төрийн өмч, Сангийн яам, Аудитын газар гурван өөр тоо хэлж байна. Үнэндээ төр өмчөө мэдэхгүй байна. Хөгжлийн банкны түр хороо ажиллаж байна. Урьдчилсан байдлаар харахад ТУЗ, гүйцэтгэх захирал их солигдож байна. 11 жилийн хугацаанд есөн гүйцэтгэх захирал, есөн ТУЗийн даргыг сольж зээлийн хороонд байнга өөрчлөлт орсон. Олон яам тамгын газрын хүмүүс орчихсон ээлж ээлжээрээ хулгай хийдэг юм шиг байдал үүсчхээд байна. Төрийн өмчийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага тогтвортой байх талаар хэрхэн тусгагдаж байна вэ. Сайдын үүрэг оролцоо нэмэгдсэн гэж үзэх үү хасагдсан уу" гэсэн юм.