Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганболд гишүүнд төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахаас илүү ЦҮНХ баригчдыг шахах нь ЧУХАЛ БОЛОЛТОЙ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
8 минут 58 секунд

Үе үеийн парламентийн гишүүд дунд Монголын төрд байгуулсан гавъяатай нь ч бий. Гай болсон лай ланчинтай нь ч бий. Тэдний нэг нь өнөөгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж. Түүнийг насаараа шахуу парламентад тухалж, хуулийн сайдын сэнтийд 10 гаруй жил заларсан гэдгийг ард түмэн андахгүй. Андахгүй шиг ээ, сайд байхад хугацаанд нь хуулийн салбар ариусаад цэвэршээд байсан юмгүй гэдгийг ч хэлэх нь олон. Тэгвэл Ц.Нямдорж сайдын халаасанд "төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл" бүхэл бүтэн дөрвөн жил дарагдсан байх юм. Эл үгийг дайсан хүн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Тэрбээр халаасны “хулгайд” өртсөн хуулийн төсөл парламентын босго давсанд ихэд баярлаж байна гээд Ц.Нямдоржийн тухай хэд хэдэн хатуухан үг шидсэн. Ямартай ч дөрвөн жил хав дарагдсан хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцлээ.

Уг асуудлаар хууль санаачлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Төрийн өмчит компаниуд дандаа алдагдалтай ажилладаг.

Алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй.

Төрийн өмчит компанийн ТУЗ-д дандаа төрийн төлөөлөл шууд томилогддог. Энэ бүх тогтолцоог хална. Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийн нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Гүйцэтгэх удирдлагыг ч ялгаагүй. Энэ тогтолцоо руу явах хэрэгтэй. Төрийн өмчийн компанийг алдагдалтай хоёр жил дараалан ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг шууд чөлөөлнө. Дараагийн төрийн өмчийн компанид очих эрхийг нь хаана” хэмээн ярьсан юм.

Түүний хэлснийг дүгнэвэл, дээрх хуулийн төсөл батлагдвал төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах томоохон хөшүүрэг болох нь.

Түүхийн хуудсыг сөхвөөс, төрийн өмчит компаниудын олонх нь ашиггүй ажиллаж ирсэн. Бүр төрөөс татаас авах замаар татвар төлөгчдийн халаасыг сэгсэрч ирсэн нь ч цөөнгүй. Тэдгээрээс “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” гэсэн хоёрхон компани л ашигтай ажиллаж ирсэн. Харин бусад төрийн өмчит 472 компани нь 2020 онд 150 тэрбум, 2021 онд 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан. Нэг үгээр хэлбэл, эдгээр компанийн эргэлтийн хөрөнгө нь 32 их наяд атлаа 40 их наяд төгрөгийн өртэй.

Наандаж л улсад барагтай татвар төлдөггүй төмөр замын салбар гэхэд жилд нэгхэн тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Энэ ч утгаараа ашиггүй ажилласан гэх шалтгаанаар цөөнгүй төрийн өмчит компанийг хувьчилсан. Гэхдээ хувьчлал нэрийн дор төрийн өмчийг завшсан нь олон.

Тэрийг нь ч Б.Энхбаяр тэргүүтэй Б.Пүрэвдорж гишүүн илчилж хэллээ.

Харамсалтай нь, хууль хяналтынхан шалгаад, үнэн мөнийг тогтоосон нь нэгээхэн үгүй. Тиймдээ ч дээрх хуулийн төслийг батлуулахаар аль дөрвөн жилийн өмнө оролдож байсан юм байна. Гэтэл Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүйн сайд байхдаа хуулийн төслийг "халааслачихаж".

Төрд энэ мэт саад тотгор болсон хүн ганц нэгээр тогтохгүй.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Г.Ганболд болчих шиг болов.

Учир нь чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслийг ихэд эмзэгхэнээр хүлээж аваад ихэд санаашрангуй дараах үгийг хэлсэн юм.

Тэрбээр ““Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг цөөлж 27 болгосон гэсэн. Уг асуудлаар ТӨБЗГ ямар ч хариу өгөхгүй юм. Нөгөөтэйгүүр, саяхан төрийн өмчит компаниудын 34 хувийг хувьчилна гэж УИХ-ын чуулганаар ярьж байгаад 20 орчмыг нь хувьчлах болсон.

Цаашдаа ч 34 хувийг нь нээлттэй хувьчилна.

Гэтэл ийм хууль орж ирлээ. Тэр дундаа ТУЗ-тай холбоотой заалт байна. ТУЗ-ийн нийт төлөөллийн 30 хувь нь төрийн байгууллагынх байна. Бусдыг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно гэхээр орон нутгийн Тавантолгой шиг болно. Орон нутгийн жижиг Тавантолгойн 51 хувийг төр эзэмшдэг.

Гэтэл төр хэзээ ч гүйцэтгэх удирдлагаа тавьж чаддаггүй.

Цөөн хувийг нь эзэмшдэг хүмүүс нь ТУЗ-ийг худалдаж аваад Гүйцэтгэх захирлаа томилдог. Тэгэхээр цаашдаа ийм бодлого барих ёстой юм уу. Төрийн өмчөө хувийнханд алдах эхлэл юм биш үү” гэсэн юм.

Харин түүний уг асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Төрийн өмчит компанийн ТУЗ, удирдлагыг 100 хувь гаднаас нээлттэй сонгон шалгаруулалтаар тавьж байж ашигтай ажиллана гэдэг зөвлөгөөг гаднын томоохон экспертүүд зөвлөсөн. Таны хэлсэн зүйл бол уламжлалт аргачлал буюу өмчлөгч нь өөрийнхөө төлөөллийг гүйцэтгэх удирдлага, ТУЗ-д томилох ёстой гэдэг зүйл.

Бид цаашдаа засаглал нь улстөрөөс ангид байх ёстой гэдэг тогтолцоон дээр ойлголцож чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн.

Гэтэл Г.Ганболд гишүүн “ТУЗ-ийг гаднаас сонговол ашигтай ажиллана гээд байх юм. Энэ хүмүүс чинь хариуцлага хүлээдэггүй. Төрийн хариуцлагатай ажил хийдэг залууст хариуцлага хүлээлгэх гэж ТУЗ-д оруулдаг юм аа. Гэтэл гаднаас сонгон шалгаруулчихлаа. Гэтэл ашиггүй ажиллангуут нь ТУЗ-аас гарчихвал яах вэ” гэдэг асуулт тавьсан.

Түүний эл үгнээс төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийг төрөөс томилохгүй бол хариуцлага хүлээх хүн олдохгүй болно. Дагаад орон нутгийн жижиг Тавантолгой шиг болно гэж шууд ойлгогдлоо.

Тэгвэл энд нэг залруулга хэлье.

Дээр хэлсэнчлэн төрийн өмчит команиуд түүхэн цаг үедээ ашигтай ажиллаж ирсэн нь тун цөөн. Үүний гол буруутан нь нам дагасан цүнх баригдаар төрийн өмчит компаниудын ТУЗ, Гүйцэтгэх удирдлагаар тавьж ирсэнтэй холбоотой. Нэг үгээр хэлбэл, намын тавиулууд төрийн компаниудыг ашигтай ажиллуулъя гэж бодож, сэтгэж, ирсэн удаагүй шахуу. Тиймдээ ч өнөөгийн нөхцөл байдал үүсээд буй.

Хамгийн наад захын жишээ нь Хөгжлийн банк байна.

Тэгвэл УИХ-ын чуулганы босго давсан энэ удаагийн хуулиар уг асуудал цэгцрэх сайн талтай.

Гэтэл УИХ-ын гишүүн Г.Ганболд орон нутгийн жижиг Тавантолгой шиг болно гэсэн. Угтаа бол Өмнөговь аймгийн иргэд захаасаа аваад жийп машин хөлөглөж, хоёр давхар хауст амьдарч, Монголын хамгийн чансаа өндөртэй аймгийн жагсаалт тэргүүлж буйн буян нь Г.Ганболд гишүүний ад үзээд буй жижиг Тавантолгой.

Тус компанийн тодорхой хувийг төр эзэмшдэг. Гэхдээ ТУЗ-ийг томилох эрхгүй нь үнэн.

Харин бусад хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийг сонгон шалгаруулах замаар компанийн засаглал нээлттэй зарчмаар явагддаг. Энэ ч утгаараа хувьцаа эзэмшигчид нь өгөөжөө хүртэж, ахуй амьдрал нь өдрөөс өдөрт сайжирсаар байгаа.

Х.Нямбаатар сайдын санаачилж, парламентийн босго давуулсан хуулийн үзэл санаа яг ийм л зарчим агуулсан. Хуулийн төсөл гэдэг утгаараа засч сайжруулах зүйл, заалт олон байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ засаад, сайжруулаад батлачихвал орон тоо бөглөж, төрд дарамт учруулж байгаа төрийн өмчит 472 компани ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Ашгийг нь ч ард түмэн хүртэнэ.

Тиймээс Г.Ганболд гишүүн ээ, төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахаас илүү ЦҮНХ баригчдаа шахах хоёрын аль нь танд чухал юмм бэ. Та уламжлалт сэтгэхүйгээсээ салж, асуудлыг томоор харж, зөвөөр сэтгэнэ үү гэж хэлье.

ЦЕГ: Сэтгүүлчийн биед санаатайгаар халдсан нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг үүснэ
ЦЕГ: Сэтгүүлчийн биед санаатайгаар халдсан нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг үүснэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.