НЗДТГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.06.11/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр цагдаагийн алба хаагч нар ажлаа хийж явсан сэтгүүлч, зураглаачийн биед халдаж, зүй бус хандсан асуудалд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "НЗДТГ-ын захирамжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, хэв журмыг хангуулах чиглэлд цагдаагийн байгууллага ажилласан. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, согтуурсан байсан асуудал гарсан. Хамгаалалтад ажиллаж байсан алба хаагчийг машинаараа түрсэн нөхцөл ч үүссэн. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа "Парламент" телевизийн сэтгүүлчийн биед халдсан байж болзошгүй мэдээлэл цацагдсан. Энэ асуудал дээр өчигдрөөс эхлэн ЦЕГ-ын удирдлага холбогдох үүрэг даалгаврыг өгч, сэтгүүлчийн гомдол мэдээллийг бүртгэж шалгалтын ажиллагааг хийж байгаа. Сэтгүүлчээс тайлбар мэдүүлэг авсан. Гэмтлийн зэргийг тогтооно.
Цагдаагийн алба хаагчтай холбоотой сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан эсэх асуудалд ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт хийхээр шийдвэрлэсэн. Бүх цагдаагийн алба хаагчдын энгэрийн камерийн бичлэг байгаа. Сэтгүүлчийн гомдолтой холбоотой асуудлыг тус дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Гэм буруугийн асуудлыг ярихад эрт байна. Албаны шалгалтыг аль болох богино хугацаанд хийнэ.
Хэвлэл мэдээллийн ажилтныг дотогш оруулахгүй байх чиглэл авсан зүйл байхгүй. Дотоод хяналт шалгалтаар сэтгүүлчийн биед санаатайгаар халдсан нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг бүртгэлт үүсээд явна. Зөрчлийн шинжтэй байвал Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ. Хэрвээ цагдаагийн алба хаагчийн ёс зүйгүй үйл ажиллагаатай холбоотой байвал цагдаагийн албаны тухай хуулиар хариуцлагын асуудал яригдана" гэв.