Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүнсний бүтээгдэхүүн авахдаа зөвхөн хугацааг нь харах бус шошго дээрээс өөрт хэрэгтэй мэдээллийг харж хүнсээ СОНГОХ ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 50 секунд

Хүнсний дэлгүүрийн лангуун дээр төрөл бүрийн импортын болон дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн өрөөстэй харагдана. Дэлгүүрийн касс дээр урт дараалалд зогсож, том том сагстай тэргэнд амттан шимтэн хийж түрсэн хүмүүсийн хөл тасрахгүй үргэлжлэх аж. Тэдгээр худалдан авагч нарын зарим нь бараагаа шууд сагслах бол зарим нь бүтээгдэхүүний савлагаан дээрээс үйлдвэрлэсэн хугацаа, дуусах хугацааг харж байгаа нь ажиглагдлаа.

Сүхбаатар дүүргийн 1, БЗД-ийн 22 дугаар хорооны дэлгүүрээр үйлчлүүлж, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч буй иргэдээс тухайн бүтээгдэхүүнийг авахдаа юуг харж, хэрхэн сонголт хийдэг талаар тодрууллаа.

Худалдан авагч охин "Миний хувьд дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авахдаа ихэвчлэн он сар буюу хугацааг нь хардаг. Тухайн бүтээгдэхүүний савалгаан дээрх шошгыг бүрэн ойлгож чаддаггүй. Хугацаа нь дуусаагүй байвал ер нь аюулгүй хүнс гэж ойлгодог. Зарим бүтээгдэхүүн дээрх гадаад бичгийг уншиж чаддаггүй. Гоё амттай бүтээгдэхүүний амтанд нь болоод шууд авчихдаг" гэсэн юм.

БЗД-ийн иргэн О.Мөнхжингоо "Хүнсний бүтээгдэхүүн авахдаа хамгийн эхэнд хугацааг нь хардаг. Зарим үед харахгүй авах ч тохиолдол ч гардаг. Энэ талаар өөртөө хэвшүүлээгүй учир зарим үед мартчихдаг. Ихэнх бараан дээрх шошго ойлгомжгүй байдаг.

Тэр тусмаа манай улсад үйлдвэрлэдэггүй, импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн мэдээллийг дэлгүүрийн үнэтэй хамт бичсэн тайлбараас авдаг. Ердөө ямар бүтээгдэхүүн гэдгийг л хардаг гэсэн үг шүү дээ.

Уг нь ямар ч барааны шошго дээр олон стандарт, тэмдэглэгээнүүд байдаг юм билээ. Хүнсний нэмэлт, хугацаа уртасгагч, өнгө өөрчлөгч оруулсан гэх мэт. Гэвч дэлгүүрээс идэх юм авч байгаа хүмүүсийн ихэнх нь ердөө хугацааг нь л хардаг байх гэж бодож байна. Манай улсын үйлдвэрлэгч нарын хүнсний бүтээгдэхүүний шошго харьцангуй ойлгомжтой байдаг. Эх хэлээрээ уншиж байгаа болохоор тэгж санагддаг байж ч болох юм. Харин түгээмэл бус орны хэлээр бичсэн шошготой бүтээгдэхүүний хугацааг нь л харж чаддаг" гэлээ.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Оюунцэцэг "Хүнсэнд хэрэглэдэг бүтээгдэхүүн авахдаа хугацааг нь харна. Дараа нь хаана үйлдвэрлэснийг нь хардаг. "Бар" код уншуулдаг хэсэгт нь 69-р эхэлсэн байвал Хятад улсад үйлдвэрлэсэн, харин 86-аар эхэлбэл Монгол Улсад үйлдвэрлэсэн гэх мэт байдаг шүү дээ. Монгол эсвэл Орос хэлээр бичсэн шошготой бүтээгдэхүүн байвал орцыг нь хардаг. Гадаад хэл дээр байдаг тайлбаруудыг миний үеийнхэн тэр бүр уншиж чадахгүй байх. Тиймээс дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний шошго Монгол хэл дээр байвал илүү хялбар болно. Хүүхдүүдийн их авч иддэг амттан, урдаас орж ирж байгаа жимс ногоонуудад хугацаа уртасгагч янз бүрийн зүйл ашигладаг гэж ярьдаг. Гэхдээ энэ талаар сайн мэдэхгүй" гэв.

Иргэд дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний сав, баглаа, уутан дээрээс үйлдвэрлэсэн хугацаа, дуусах хугацааг ихэвчлэн хардаг байна. Мэдээж хүнсний бүтээгдэхүүний хугацаа маш чухал. Гэсэн хэдий ч зөвхөн хугацаа харж худалдан авалт хийх нь зөв сонголт болж чаддаггүй байна.

"ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ" хуульд зааснаар Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна:

- хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр;

- үйлдвэрлэгчийн нэр, хаяг;

- хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;

- үйлдвэрлэсэн он, сар, өдөр;

- хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа;

- хадгалах нөхцөл;

- тэжээллэг чанар, орц, найрлага;

- хэрэглэх арга;

- гаж нөлөө, хориглох заалт.

Энэ сэдвийн хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Д.Даваасүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Иргэд дэлгүүрийн лангуун дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго дээрх мэдээллийг гүйцэд ойлгож авдаггүй гэдгийг хэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний шошго ямар стандарттай байдаг вэ?

-Хүнсний бүтээгдэхүүний шошгод тавих шаардлага "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуулиар зохицуулагддаг. ДЭМБ, НҮБ-ийн хамтарсан хууль эрх зүйн хороо гэж байдаг. Үүнээс гаргасан гурван баримт бичигт үндэслэн Үндэсний стандартыг баталсан.

-Импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний шошгод ямар стандарт тавигддаг вэ?

-Хуульд зааснаар импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний шошго Монгол, Англи, Орос хэл дээр байна. Бусад орны хэл дээр шошго байж болохгүй. Өөрөөр хэлбэл эдгээр гурван хэлнээс өөр дээр бүтээгдэхүүний шошго байвал тухайн шошго дээрх мэдээллийн нэг ч үг үсгийг гээж, өөрчлөлгүйгээр орчуулж хажууд нь байршуулах ёстой байдаг.

-Хүнсний бүтээгдэхүүний шошгод нэмэлт өөрчлөлт оруулах ажил явагдаж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна ?

-Шошгод байдаг бүх мэдээлэл хуучнаараа байна. Харин шошгод тавьж буй стандартад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Хэрэглэгчид харьцангуй соёлтой болж, шошго дээрээс өөрт хэрэгтэй байгаа мэдээллийг авч хүнсээ сонгодог болсон. Гэвч зарим хүмүүсийн хувьд үүнийг хараахан мэддэггүй. Тиймээс шинж чанарын мэдээллийг илүү ойлгомжтой болгох үүднээс төсөл яригдаж байгаа. Одоогийн байдлаар өөрчлөлт оруулах тодорхой шийдвэр гараагүй байна. Энэ нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нийтэд нээлттэй байлгаж, санал асуулга авч байгаа.

-Ихэнх хүнсний бүтээгдэхүүнүүд дээр Е тэмдэглэгээ байдаг. Энэ тэмдэглэгээний талаар хүмүүс мэдээлэл багатай байдаг шүү дээ. Энэ нь ямар учиртай тэмдэглэгээ вэ?

-Шошгоны стандартад зааснаар бүтээгдэхүүний орц найрлагад ямар нэгэн харшил үүсгэж болзошгүй бүтээгдэхүүн орсон бол заавал мэдээлэх ёстой. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцна.Тиймээс үйлдвэрлэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ уг бүтээгдэхүүнд ямар төрлийн хүнсний нэмэлт ашиглахаас хамаарч тодорхой заасан хэмжээгээр хэрэглэх ёстой байдаг.

Хүнсний нэмэлт хэрэглэсэн тохиолдолд ашигладаг олон улсын Е тэмдэглэгээний кодын талаар

ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүний бие махбодод үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ.

- Сэжигтэй–Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477

- Аюултай–Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637

- Маш аюултай–Е 123, 510, 513, 527

- Хориотой– 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152

- Хавдар үүсгэх–Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954

- Тууралт өгөх– 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907

- Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх–Е 154, 626-635 кодтой байдаг аж. Иймд иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго дээрх мэдээллийг бүрэн уншиж, дээрх тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаж сонголт хийх шаардлагатай юм. Хүнсний бүтээгдэхүүний мэдээллийн соёлд суралцаж, энэ дадлыг хэвшүүлэх нь эрүүл зөв сонголт хийх чухал алхам болно.

Н.Мандуул: ЭТТ-н иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаанаас БИШ, ЗГ-ын эзэмшлийн 81.5 хувийн хувьцааны ногдол ашгаас ХБ-ны өрийг төлөх хувилбар яригдаж байна
Н.Мандуул: ЭТТ-н иргэдийн эзэмшдэг 1072 хувьцаанаас БИШ, ЗГ-ын эзэмшлийн 81.5 хувийн хувьцааны ногдол ашгаас ХБ-ны өрийг төлөх хувилбар яригдаж байна
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.