АСУУДЛЫН МӨРӨӨР: Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шавиа зодож, шатнаас түлхэж унагаснаар Х нь тархиндаа цус харваж, ГССҮТ-д эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 31 секунд

Жүдо бөхийн УАШТ-ий үеэр буюу энэ сарын 10-ны баасан гарагт Монголын жүдо бөхийн холбооны олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгт зодуулсан Ц.Х гэх эмэгтэй тархиндаа цус харваж, ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хохирогч Ц.Х нь өмнө нь жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч байсан бөгөөд Т.Энхцэцэгийн шавь байсан аж.

-"ЯМАР Ч ШАЛТГААНТАЙ БАЙСАН ШАТНААС ТҮЛХЭЖ, ТАРХИНД НЬ ЦУС ХАРВАТАЛ ГЭМТЭЭНЭ ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ. БИД ГОМДОЛТОЙ БАЙНА"-

Бид хохирогчийн дүү Ц.А-тай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Эгчийнх нь биеийн байдал ямар байгаа вэ. Тодорхой мэдээлэл өгөөч?

-ГССҮТ-ийн Гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Эмч нарын хэлснээс тархинд нь цус харвасан гэж ойлгосон. Эргэлтээр очиход сайн явж, ярьж чадахгүй зовиур ихтэй байсан.

-Тухайн өдөр яг юу болсон талаар мэдээлэл өгөөч?

-Манай эгч өмнө нь жүдо бөхийн тамирчин байсан. Барилдахаа болиод дасгалжуулагчаар ажиллаж байгаад 3 сарын өмнө ажлаасаа гарсан. Тухайн өдөр тэмцээн үзэх гэж очсон юм байна билээ. Тэмцээн үзчхээд гарахдаа Т.Энхцэцэг шүүгчтэй таараад манай эгч ёсолсон ч Т.Энхцэцэг шүүгч шууд цохиод авсан. Дахин ёсолсон боловч үргэлжлүүлэн цохин шатнаас түлхээд унагаасан. Хяналтын камерын бичлэгээс бүх зүйл тодорхой харагдаж байгаа.

-Шууд эмнэлэгт очсон юм уу?

-Үгүй. Тухайн үед өөрөө нэг их тоогоогүй юм шиг байна лээ. Бид нарт ч хэлээгүй. Тэмцээнээс гараад гэр рүүгээ явах замдаа толгойн эргээд, бөөлжөөд эхлэхээр нь найзтайгаа хамт ГССҮТ-д очоод үзүүлсэн чинь яаралтай хэвт гэсэн байна лээ. Тэгээд бидэнтэй холбогдож хэлсэн.

-Тухайн үйл явдлаас хойш Т.Энхцэцэг шүүгч очиж уулзсан уу?

-Эмнэлэгт ирсэн гэж сонссон. Гэхдээ бид нар уулзуулаагүй. Уулзуулахгүй гэж бодож байгаа. Ямар ч шалтгаантай байсан өөрийнхөө сургасан шавийг шатнаас түлхэж, тархинд нь цус харватал гэмтээнэ гэдэг байж болохгүй зүйл. Бид гомдолтой байна.

-Т.Энхцэцэг шүүгч танай эгчийн багш нь байсан гэсэн. Үнэн үү?

-Үнэн. Манай эгчид анх жүдо заасан багш нь байгаа юм.

-"МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО Т.ЭНХЦЭЦЭГ ГЭХ ХҮНДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦ"-

Харин хохирогч Ц.Х-гийн эрэгтэй дүү Ц.Э өөрийн цахим хуудсандаа энэ талаар "Монголын жүдо бөхийн холбоо Т.Энхцэцэг гэх хүндээ хариуцлага тооц. Хэрээс хэтэрсэн, ёс зүйгүй үйлдэл гаргаж шатнаас түлхэж унагаагаад, араас нь ирж зодож, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан. Одоо эгч минь тархины харвалттай эмнэлэгт эмчилгээнд байна. Тамирчин хүний ёс зүй гэж юу ч алга" хэмээн нийтэлсэн байна.

ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО: Т.ЭНХЦЭЦЭГ ШҮҮГЧ УАШТ-ИЙ ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН. ТУХАЙН ҮЙЛ ЯВДЛЫН ДАРАА БИД ШҮҮГЧ ХИЙЛГЭХЭЭС ТАТГАЛЗСАН

Мөн бид Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлтэй холбогдож болсон үйл явдлын талаар тодрууллаа.

Тэрбээр, "Т.Энхцэцэг шүүгч, хохирогч Ц.Х хоёр хамтарч клуб ажиллуулдаг байсан багш, шавь хоёр. УАШТ-ий үеэр хоорондоо маргалдсан байсан. Яг юунаас болж маргасныг бид мэдэхгүй. Т.Энхцэцэг шүүгч УАШТ-ий Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тухайн үйл явдлын дараа бид шүүгч хийлгэхээс татгалзсан. Тэмцээний сүүлийн хоёр өдөр шүүлгээгүй. Хариуцлагын асуудал мэдээж яригдана. Хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа дуусахаар тухайн шүүгчид ямар хариуцлага тооцохоо шийднэ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Ц.Х-тэй байнга холбогдож, биеийн байдлыг асууж байгаа. Жүдо бөхийн УАШТ-ий үеэр ийм үйл явдал болсонд харамсаж байна" гэлээ.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Т.Энхцэцэг шүүгчтэй холбогдсон боловч, "Цагдаа дээр мэдүүлэг өгөөд завгүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх хариултыг өгсөн юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар тодруулахад, "Тус хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг ГЭЖ ХЭН БЭ?

Т.Энхцэцэг нь Монголын жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч. 2017 оноос хойш Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) нийт 34 тэмцээнд шүүгчээр оролцсон. Түүний шүүсэн гол тэмцээнүүдээс дурдвал,

  • 2017 онд Унгарын Будапешт хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Мароккогийн Маракеш хотод болсон үнэмлэхүй жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан.
  • 2018 онд Азербайжаны Баку хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • 2019 онд Японы Токио хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • 2021 онд Унгарын Будапешт хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

2021 онд Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ Чоно” шагнал гардуулах ёслолоор “Шилдэг шүүгч”-ээр шалгарсан. Түүний шүүгчийн ур чадвар нь олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж, 2023 онд олимпийн шүүгчдийн чансаанд хамгийн өндөр оноотой шүүгчээр тодорсон байна. Т.Энхцэцэг нь Монголын жүдо бөхийн холбооны нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж буй шилдэг шүүгчдийн нэг юм.

МАН БҮЛЭГ: 4 асуудлыг хэлэлцэж, байнгын хороо болон чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ
МАН БҮЛЭГ: 4 асуудлыг хэлэлцэж, байнгын хороо болон чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (25)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!