Ц.Ганцэцэг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж, 792 мянга болоход НДШ-д 106 мянган төгрөг төлдөг болно

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
11 минут 54 секунд

Дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэж буй. Уг өөрчлөлттэй холбогдуулан даатгуулагчдын НДШ төлөлтөд хэрхэн өөрчлөлт орж байгаа асуудлаар НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэх ч НДШ-ийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй-

-660 мянган төгрөг байгаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/ ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн 792 мянган төгрөг болж нэмэгдэхээр болсон. Нэмэгдүүлэх болсон гол үндэслэл нь юу байсан бэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зохицуулах хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо 660 мянган төгрөгөөр доод хэмжээг тооцоход НДШ-ийг нь доод хэмжээнээс төлдөг байгаа.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж 792 мянган төгрөг байхаар баталсан.

-Үүнтэй холбоотойгоор НДШ хэд болж нэмэгдэх вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг бол ямар нэг мэргэжил, ур чадвар шаардахгүйгээр тухайн хүнийг хамгийн бага хэмжээгээр цалинжуулах хэмжүүр гэж ойлгож болно. Нийгмийн даатгалын харилцаа хөдөлмөрийн харилцаатай салшгүй холбоотой. Хаана хөдөлмөрийн харилцаа үүсэж байна тэнд НДШ төлөгдөх ёстой байдаг.

Мөн сайн дурын даатгуулагчид орлогоо өөрөө тодорхойлж түүнээсээ НДШ-ээ төлдөг. Гэхдээ олж буй орлого нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байхыг НД-ын ерөнхий хуулиар хуульчилсан байдаг. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж буйтай уялдаж сайн дурын даатгуулагчдын Нийгмийн даатгалд төлөх шимтгэл тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

Хэрэв даатгуулагч маань дөрөвдүгээр сарын 01-нээс өмнө ХХДХ-нээс тооцох дүнгээр НДШ төлөх гэрээ хийсэн бол 660 мянган төгрөгөөс 89.100 төгрөгийн шимтгэл төлж байгаа. Энэ нь нийгмийн даатгалын гурван төрөлд буюу тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан ажиллах хүчний даатгалын төлөлт юм.

Харин дөрөвдүгээр сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэхэд шимтгэл ногдуулах доод хэмжээ 106 мянган төгрөг болж нэмэгдэж байгаа. Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй буюу 13.5 хувийг хэвээр төлнө.

-1.1 сая иргэн албан журмын нийгмийн даатгалд хамрагдсан байна-

-НДШ-ээ тогтмол төлж байгаа хэчнээн идэвхтэй хөдөлмөр эрхлэгч иргэд байна гэсэн судалгаа байдаг вэ?

-2024 оны тайлан мэдээнээс харахад Үүгээр 60.7 мянган ААН-ийг нийгмийн даатгалд хамруулсан дүнтэй байна. Эдгээрт нийт 1.161.000 иргэн хөдөлмөрийн гэрээний үндсэнд албан журмын даатгалд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч, ажилтан хоёр хоёулаа НДШ төлсөн гэсэн үг. Харин 171.3 мянган хүн сайн дурын даатгалд хамрагдсан байна. Эндээс малчдын тоог онцолбол, 51.5 мянган малчин нийгмийн даатгал сайн дураар төлсөн байна.

Өнгөрсөн оны жилийн эцсийг байдлаар НДС-нд 5.9 их наяд төгрөгийг бүрдүүлж чадсан. Эргээд бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, зардал, төлбөрийн үйлчилгээ үзүүлж байна.

Тухайлбал, нийгмийн шинжтэй эрсдэлүүд байдаг. Өндөр настан өвдөх, хөдөлмөрийн чадвараа урт болон богино хугацаагаар алдах, үйлдвэрлэлийн осолд өртөх, хүүхэд төрүүлэх гэх зэрэг нийгмийн эрсдэлд өртсөн хүмүүсийг, тэтгэвэр авагчидтай хамт авч үзэхэд нийт 900 орчим мянган хүнд бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг олгосон. Үүнд нийт 5.2 их наяд төгрөг олгоод байна.

Сар бүр 505 орчим мянган хүн Нийгмийн даатгалаас тэтгэвэр авч байна. Нийт зардлын 90 орчим хувь нь өндөр настны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжүүдэд зарцуулагддаг. Үлдсэн нь харьцангуй богино хугацааных байдгаараа онцлог.

-2024 онд хүсэлтээ гаргасан 3700 даатгуулагчийн тэтгэмжийг энэ сард багтааж олгож дуусна-

-Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд өнгөрсөн онд хүсэлт гаргасан иргэдийн ажилгүйдлийн тэтгэмжийг энэ сард багтаан олгож дуусна гэж мэдэгдсэн. Үүнд нийт хэчнээн иргэд хамрагдаж байгаа вэ. 2024.12.31-ний дотор хүсэлтээ өгсөн бүх хүн үүнд хамаарах уу?

-Ажилгүйдлийн даатгал маань Нийгмийн даатгалын нэг төрөл. Ажилтан албан журмаар нийгмийн даатгалын дөрвөн төрөлд даатгуулдгийн нэг нь ажилгүйдлийн даатгал юм. Тухайн байгууллагаас өөрийн хүсэлтээр болон бүтцийн өөрчлөлт, орон тооны цомхотгол зэрэг олон төрлийн шалтгаанаар даатгуулагч ажилгүй болдог.

Хэрэв тухайн даатгуулагч 24 сар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн. Үүнээс ажилгүй болохын өмнөх 9 сард тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүснэ. Энэ нөхцөлийг хангасан даатгуулагч ажлын 76 өдрийн тэтгэмж авах эрхтэй.

Өнгөрсөн оны нийт 11 сарын тоон мэдээллийг харахад 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид олгосон байна. 2024 онд цалин хөлсний өсөлттэй холбоотойгоор, мөн шимтгэлээ тогтмол төлж байгаа даатгуулагчдад НДШ-ийн хэмжээг хамгийн өндөр хувиар буюу 9 сарын дундаж цалингийн 70 хувиар бодож олгож байгаа. Эдгээр даатгуулагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тэтгэмжийн хэмжээ дагаад өссөн. Дунджаар нэг даатгуулагч 4 сая орчим төгрөгийн тэтгэмж авч байна гэсэн үг. Уг тэтгэмжийг хуулиар тогтоосны дагуу 3 хувааж олгож байгаа.

Өөрөөр хэлбэл, гурван сарын хугацаанд хуваан олгодог. Өнгөрсөн онд бид 10, 11 сард авах тэтгэмжийг бүрэн олгоод, 12 дугаар сарын тэтгэмжийг төсвийн нөхцөл байдалтай холбоотойгоор он дамжих зайлшгүй шаардлага үүссэн. Нийт дүнгээрээ 30.8 мянган даатгуулагчид тэтгэмжийг нь олгоод байна. Он гарснаас хойш эхний сарын байдлаар 2024 оны тэтгэмжээ аваагүй 3700 даатгуулагч байна. Энэ нь нийслэлийн Багахангай дүүргээс бусад найман дүүргийн статистик юм.

Дээрх 3700 хүнээс 1900 хүний тэтгэмжийг нь өнгөрсөн долоо хоногт олголоо. Нийт 2.7 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна. Үлдсэн хүмүүсийн тэтгэмжийг орлого орох бүрд дүүргүүддээ хуваарилж аль болох түргэн шуурхай олгохоор ажиллаж байна.

-Ажилгүйдлийн тэтгэмж олгоход ажил олгогч компанийн зүгээс НДШ төлөлтийн үлдэгдэлгүй байх ёстой-

-Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг нь олгохдоо ажил олгогч байгууллага НД-ын газарт шимтгэлийн ямар нэгэн өрийн үлдэгдэлгүй байх ёстой байдаг уу. Энэ нь ажилгүйдлийн тэтгэмж олгох нэг шалгуур болдог уу?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч, ажил олгогч аль аль нь хуульд заасан нөхцөлөө хангаж байж ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах эрхтэй болно. Жишээ нь, хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч эмнэлэгт хэвтлээ гэхэд хуулиараа тэтгэмж авах эрхтэй.

Гэхдээ тухайн хүн өвдөхийнхөө өмнө гурваас доошгүй сар НДШ төлсөн байх ёстой. Ажилгүйдлийн даатгалын хувьд ажлаас гарахаасаа өмнө нийт 24 сар төлөхөөс яг ажилгүй болсныхоо өмнөх 9 сард тасралтгүй шимтгэлээ төлсөн байх ёстой.

Мөн жирэмсэн болон амаржсан ээжүүдийн хувьд жирэмсний тэтгэмж авахын өмнө нийт 12 сар нийгмийн даатгалын харилцаанд орсон, үүнээс жирэмсний чөлөө авахын өмнөх 6 сард НДШ-ээ тасралтгүй төлсөн байх ёстой. Тиймээс тухайн ажил олгогчийн зүгээс мөн ажилтны НДШ-ийн хувь хэмжээг сардаа багтаж тогтмол төлсөн байхыг шаарддаг. Ажил олгогч ААН нийгмийн даатгалд өргүй байх ёстой.

Гэтэл зарим даатгуулагчдын хувьд ажил олгогчийн зүгээс НДШ-ийг нь төлөөгүйгээс болж тэтгэмжээ авч чадахгүйд хүрдэг.

Оны эцсийн байдлаар 33 мянган ажил олгогч 504 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гарсан байна.

Эндээс НД-ын байгууллага тэтгэмж олгохгүй байна гэхээс илүү ажил олгогч байгууллага өөрөө даатгалын шимтгэлийг тогтмол цаг хугацаанд төлж чадаагүй байдлаас үүсэж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй.

-Хэрэв ажилтны НДШ-ийг тогтмол хугацаанд төлж барагдуулаагүй, өртэй байгаа ажил олгогч ААН-үүдэд тухайн ажилтан ямар шаардлагыг тавих эрхтэй вэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Уг хуульд ажил олгогчийн эрх, үүрэг, даатгуулагчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Даатгуулагчийн НДШ-ийг ажил олгогч төлж байгаа эсэхийг хянах, шаардах эрхтэй. Үүнээс гадна бид УБЕГ-ийн мэдээлэл лавлагааг И-Монголиа платформоор дамжуулан авч, тухайн даатгуулагчийн НДШ төлөлтийн лавлагааг оруулахдаа арын баганд ажил олгогч НДШ төлөөгүй гэсэн тайлбарыг гаргадаг. Энэ нь тухайн даатгуулагчаас хамааралгүй бөгөөд зөвхөн ажил олгогч гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс тухайн ажилтны нийгмийн даатгалаас авах үйлчилгээ, тэтгэмжийг олгоход хүндрэл учруулж байна гэсэн үг.

Нийгмийн даатгалын газар иргэн, ААН-ийн төлсөн шимтгэлээс орлого бүрдүүлж, буцаад тэтгэвэр, тэтгэмж, зардал, төлбөр хэлбэрээр олгох чиг үүрэг хүлээдгийн хувьд ААН-үүдийг шууд торгох, шийтгэх гэхээс илүү эхлээд ААН-үүдтэй хамтарч ярицлага хийх,сануулах, харилцан тохиролцох байдлаар хуваарь гаргах зэрэг ажлуудыг хийж байна.

Харамсалтай нь зарим ААН хуваарийн дагуу НДШ-ээ төлөхгүй, даатгуулагчдыг хохироож буй тохиолдол багагүй байна. Энэ тохиолдолд Даатгалын ерөнхий хуульд заасан зохицуулалт бий. Хэрэв ажил олгогчийн буруутай байдлаас болж даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээг авах боломжгүй болсон нөхцөлд тухайн нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний нийт зардлыг ажил олгогчоос авах бүрэн эрхтэй. Тиймээс ажил олгогч ААН-үүд эдгээр хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй юм.

Ярилцсанд баярлалаа

ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!