СУРВАЛЖИЛГА: Шил, лааз, хуванцараа тушааж, мөнгө аваад, ҮНЭГҮЙ даралтаа үзүүлж, жингээ үзэн, wifi ашиглах боломжтой цэгүүд ХҮНГҮЙ , ХООСОН БАЙНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 13 секунд

Хоёрдогч түүхий эд авах цэг буюу та бидний мэддэгээр шил, лааз авдаг цэг гэхээр бид гэр холооллын аль нэг гудамжинд байх хог хаягдлаар дүүрэн хашааг төсөөлдөг. Тэр ч утгаараа хогоо ангилан ялгаж, дахивар хаягдал авдаг газарт аваачиж өгөхөөс төвөгшөөдөг хүн олон бий. Тиймээс бид энэ удаад халуун дулаан тав тухтай орчинтой, ҮНЭГҮЙ даралтаа үзүүлж, жингээ үзэн, wifi ашиглах боломжийг бүрдүүлсэн дахивар хог хаягдал авдаг ЭЕРЭГ ДАВАЛГАА цэгийг онцолж байна. Тэд хог хаягдал авдаг газар гэхээр заавал бохир, заваан, тав тухгүй байдаг гэх түгээмэл олйголтыг эвдэхийг зорьжээ.

Биднийг товлосон цагтаа очиход "Хог биш баялаг" ТББ-ын тэргүүн Э.Пүрэвсүрэн угтаж авсан юм. Гэр хорооллын гудамжинд өнгө нэмэх энэ цэгээр өдөрт хэчнээн хүн орж, хэр их хог хаягдал дахин боловсруулагдахаар үйлдвэрүүд рүү илгээгддэг нь сонирхол татаж байсан учраас зарим зүйлийг тодруулж цөөн хором ярилцлаа.

-Хог хаягдал гэх зүйлтэй хэзээ яагаад холбогдсон байдаг юм бол?

-Энэ ажлыг эхэлсэн нь миний мэргэжилтэй холбоотой. Би МУИС-ийг байгаль экологийн мэргэжлээр төгссөн. Улс эх орны хөгжил хүмүүсийн амьдарч буй орчноос харагддаг. Бага зүйлээс хөгжил эхлэх ёстой. Гудамж талбайгаар явахад хөглөрсөн их хог байдаг. Би анх үүнийг хэрхэн шийдэж болох талаар их бодсон. Энэхүү бодол маань намайг дахивар хог авах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүргэсэн. Тиймээс ТББ-аа байгуулж, үйл ажиллагааагаа эхлүүлсэн. Манайхан хогоо ангилан ялгах соёлд суралцаж дадаагүй учраас нэг жил орчим үйл ажиллагаа явуулаад ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч хаалгаа барьсан. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө хэмжээнд хогоо ангилан ялгах дадалд сургах нөлөөллийн ажлуудыг хийгээд энэ жилээс Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт нийт 4 цэг нээж, үйл ажиллагаагаа явуулж байна. Сонгинохайрхан дүүргийн хоёр цэгийн ажилтны эхний 4 сарын цалинг СХД-ийн Дэд бүтэц хөгжлийн албанаас гаргаж байгаа нь бидэнд маш их дэмжлэг болж байгаа. Товчхондоо бол бидэнд хөл дээрээ зогсож, үйл ажиллагаагаа хэвийн болгох боломжтой 4-хөн сарын хугацаа байгаа гэсэн үг. Иргэд хог хаягдлаа ангилж ялгаад манай цэгт авч ирж өгөөд сурчихвал бид үйл ажиллагаагаа өргөжүүлээд ажиллах бүрэн боломжтой. Тиймээс байгаль эх дэлхийдээ хайртай байж биднийг дэмжихийг хүсэж байна.

-Зарим иргэдийн хувьд дахивар бүтээгдэхүүний тухай ойлголт багатай байдаг шүү дээ. Ер нь дахивар хог хаягдалд ямар төрлийн хог хаягдал орох вэ?

-Дахин ашиглагдах боломжтой хог хаягдалд цаас сонин, кардон цаас, хуванцар төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, төрөл бүрийн шилэн сав, гялгар уут, хөнгөн цагаан лааз, HDPE зэрэг ордог. Бид хог хаягдлыг ангилж хаях буюу хуванцар сав, цаас, лааз, шил, металл, гялгар уут гэх мэтээр ангилж хаях дадалтай болох хэрэгтэй юм. Эдгээр төрлийн хог хаягдлыг ангилахгүйгээр шууд хаях нь нэг талаар байгальд шингэхгүй олон жил булшлагдах хог хаягдлын “үйлдвэрлэгч” болж байгаа юм.

-Хогийг худалдаж авдаг гэсэн. Ер нь ямар үнэ ханшаар худалдаж авдаг вэ?

-Хогоо тушаагаад эхлэхээр хэд хэдэн давуу тал бий болдог. Мэдээж хогоо мөнгө болгож байна. Энэ нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Мөн хэрэглээний сонголтуудаа зөв хийдэг болсон. Гэрээсээ аль болох хог гаргахгүйг бодно. Өөрөөр хэлбэл, хайрцаг, савыг нь харж бүтээгдэхүүн сонгодог. Дахин боловсруулах боломжтой, дахивар авах цэгт тушааж болох савлагаатай бүтээгдэхүүн авдаг.

Бид HDPE буюу 2 номерын тэмдэглэгээтэй хуванцар савыг 1 кг-ийг нь 400 төгрөгөөр, Монгол үйлдвэрийн бүх архи пивоны шилийг нэг ширхэгийг нь 50-150 төгрөгөөр, лааз 1 кг-ийг нь 2200 төгрөгөөр, ус ундааны сав 1 кг-ийг нь 200 төгрөгөөр, бөглөөг нь ангилж ялгаад бидэнд өгвөл 1 кг-ийг нь 300 төгрөгөөр, 315-900 граммын варейний шилийг 50-100 төгрөгийн ханшаар иргэдээс худалдан авдаг.

-Хаяг байршлын талар тодорхой мэдээллийг өгөөч?

-Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 2 нийт 4 цэг ажиллаж байгаа.

  • Салбар1. Сонгинохайрхан дүүргийн 3 хороо Миний захын баруун талд
  • Салбар 2. Сонгинохайрхан дүүрэг 2 хороо цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр
  • Салбар 3: Чингэлтэй дүүрэг Зурагтын хуучин эцсээс баруун эргэж Чд 7 хорооны урд талын зогсоол дээр
  • Салбар 4: Чингэлтэй дүүрэг 12 хороо Нарантуул 2 захын баруун талын автобусны буудал дээр байрлаж байгаа.

-Дэлхийн бусад улс хог хаягдлынхаа 99 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай улсын хувьд хэдэн хувийг нь дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Манай улс 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 27 хувийг дахин боловсруулна гэж дэлхийд амласан. Гэвч өнөөдрийн байдлаар нийт хог хаягдлынхаа 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байгаа.

Биднийг ярилцах зуур ганцхан хүн 2 тор ангилсан хог барьсаар орж ирсэн юм. Энэ бол өнөөдөр тус цэгээр үйлчлүүлж буй анхны үйлчлүүлэгч гэдгийг Э.Пүрэвсүрэн онцлов. Биднийг итгэж ядан лавлан асуухад, Э.Пүрэвсүрэн, "Зарим өдөр ганц ч хүн орж ирэхгүй өглөөнөөс орой хүртэл хаалга ширтэж суух үе их байдаг" хэмээн сэтгэл дундуурхан хариулсан нь бидэнд ч бас харамсалтай санагдав. Байгаль эх дэлхийгээ хамгаалж, хог хаягдлаа мөнгө болгох боломж олгож байхад зорьж очих хүнгүй байна гэдэг үнэхээр харамсмаар.

Биднийг ийн ярилцах зуур анхны үйлчлэгч эмэгтэй Хувансар сав, варейний шил, гялгар уут гэх мэт дахин боловсруулах боломжтой 2 тор хог хаягдлаа жинлүүлж өгөөд 750 төгрөгтэй болоод гарав.

Хогны уутанд хийгээд хогийн цэг дээр хаядаг хогоо ангилж ялгаад тушаагаад сурчихвал байгаль эх дэлхийд ямар их ач холбогдолтойг бид хэдийнэ мэддэг болсон ч амьдрал дээр дадал болгож, хэрэгжүүлдэг нь цөөхөн гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна.

Үйлдэл нь ийм атлаа агаар орчны бохирдол, хөрсний бохирдол хэтэрлээ, дэндлээ, хэцүүдлээ анхаараач ээ гээд хэн нэгнээс хариуцлага нэхдэг. Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа дамжуулан агаар орчны бохирдол, хөрсний бохирдлоос ангижрах эхний алхмаа өөрсдөөсөө эхэлж, хогоо ангилан ялгаж, дахивар хог авах цэгүүдэд тушааж хэвшихийг уриалж байна.

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд анх удаа снөүбоард төрлөөр Монгол тамирчин оролцож байна
Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд анх удаа снөүбоард төрлөөр Монгол тамирчин оролцож байна
 
Хуульч Д.Батболд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг хуулиас хассанаас болж, хэрэгтний талд үйлчилдэг, хүнд суртал гаргадаг зэрэг хардлага үүсэх болсон
Хуульч Д.Батболд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг хуулиас хассанаас болж, хэрэгтний талд үйлчилдэг, хүнд суртал гаргадаг зэрэг хардлага үүсэх болсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!