Л.Отгонбат: Эцэг, эхчүүдийн зүгээс эрэгтэй багштай юм уу гээд хүүхдээ өөр ангид өгөх тохиолдол гардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 49 секунд

Түүнийг Л.Отгонбат гэдэг. 2012 онд МУБИС-ийг цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр төгсжээ. Түүнээс хойш 12 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Өдгөө Хан-Уул дүүргийн тэргүүний “Монгол билиг оюун” цэцэрлэгт ажиллаж буй.

Тэрбээр эхээс зургуулаа. Гурван эгч, хоёр ахтай. Айлын отгон хүүхэд. Түүний хувьд ах, эгч нарынхаа хайранд эрхэлж өссөн болохоор багаасаа л танихгүй хүүхэдтэй ч гэсэн учраа олоод тоглочихдог хүүхэд байж. Түүнд цэцэрлэгийн багш мэргэжлийг ах, эгч хоёр нь санал болгосон гэнэ.

Л.Отгонбат 2008 онд МУБИС-т элсэхэд ангиар нь дүүрэн охид. Анх түүнээс гадна хоёр эрэгтэй байсан ч нөгөө хоёр нь замын голоос буцжээ. Тйимдээ ч Л.Отгонбат 37 хүүхдээс ангидаа ганц эрэгтэй нь байжээ.

Сургуулиа төгсөөд ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгээс эхлүүлжээ. Тэрбээр энэ талаар эргэн дурсахдаа "Эхэндээ ч чанга байсан даа. Хүүхдүүд эцэг эхээ дагаж зарим нь бусдыгаа дуурайж уйлаад ангиар нэг дуу шуу болж үлддэг байлаа. Тэврэхийг нь тэврээд, аргадахыг нь аргадаад л аль болох арга эвийг нь олох гэж их хичээдэг байсан" даа гэсэн юм.

Хүүхдүүдийн арга эвийг олохоос илүү томчуудтай учраа ололцох нь хааяа хэцүү санагддаг гэнэ. Нэг бус удаа ажлаасаа гарах тухай бодол Л.Отгонбатын толгойд нь зурсхийж байж. Учир нь цэцэрлэг дээр хүүхэд нэгнээ маажих, эсвэл хазахад "Хүүхэд харахгүй юугаа хийж байсан юм" гэх зэргээр загнаж, заналхийлсэн, дарамталсан өнгө аястай харьцахаар залуу багш нар шантрах маягтай. Эцэг эхчүүдийн стресс, бухимдал нь багш нарыг ажлаас нь илүү ядраадаг аж.

Сүүлийн жилүүдэд гар утасны хэрэглээнээс үүдэн хүүхдүүд хэлд орох нь удаашрах болжээ

Л.Отгонбат 12 дахь жилдээ багш мэргэжлээр ажиллаж байгааг дээр дурдсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд гар утасны хэрэглээнээс үүдэн хүүхдүүд хэлд орох нь удаашрах болжээ. Тэрбээр "Хүүхдийн хэлний булчин хөгжихгүй байгаа нь эцэг, эхчүүд хүүхэдтэй ярилцаж, тоглохгүй байгаатай холбоотой. Юм үз гээд гар утсаа өгчихдөг. Ажлаасаа ядарч ирсэн хүмүүс хүүхэдтэй тоглодоггүй. Гэхдээ хүүхэдтэйгээ тоглох, ярилцах цагийг заавал гаргах ёстой. Хүүхдийнхээ хөгжлийг маш сайн дэмжих нь чухал. Аав, ээж нь гадаадад амьдардаг эсвэл өвөө, эмээтэйгээ байдаг зарим хүүхдүүд ярихдаа муу байгаа нь анзаарагддаг" гэв.

Хоёр хүртэлх насны хүүхдэд зурагт үздэг бол 3-4 насны хүүхэд өдөрт 1 цагаас дээш утас үзэх нь хүүхдийн сэтгэх, ярих идэвхийг эрчимтэй сулруулж, үгээ зөв өгүүлбэрээ бүтэн хэлэхгүй болдог гэнэ. Гэтэл хүүхдүүд утас үзээд сонсоод л өнгөрнө үү гэхээс өмнөөс нь ярилцах боломжгүй..

Ийнхүү ярихгүй байсаар уруул орчмын булчингийн хөгжил явагдаж чадахгүй хүүхэд ярихаас залхуурч нэг үгээр хөшиж эхэлдэг аж.

Хүүхдүүдийн өөрт нь итгэж буй итгэлийг алдахгүй байх л хамгийн чухал

Л.Отгонбат багшийн анги 20 гаруй хүүхэдтэй. Өглөө ирэхэд нь тосож авахаас түүний ажил эхэлнэ. Унтлагын хувцсаа өмсөх, ороо засах хураах, босоод нүүр гараа угаах, хооллох гээд түүний оролцоогүй ажил үгүй. Зав зайгаараа охидынхоо үсийг жимбийтэл боогоод өгчихнө. Хүүхдүүдээ унтаж байх хойгуур багштайгаа хичээлийн бэлтгэлээ хангах, бүтээл урлах ажлаа амжуулдаг. Бэлтгэл ангийн хүүхдүүдийн хувьд асаргаа бага, багшийнхаа үгийг сайн авдаг аж.

Хүүхдүүд эрэгтэй багшдаа илүү сайн. Багштайгаа ярилцана, нууцаа хуваалцана. Хүүхдийн ингэж өөрт нь итгэж буй итгэлийг алдахгүй байх л хамгийн чухал гэдгийг Л.Отгонбат багш хуучилсан юм.

Тэрбээр "Энд бүхэл бүтэн амьдрал өрнөдөг. Өдөрт бид хэд муудалцаж, сайнддаг гэж бодож байна. Хүүхдүүдтэйгээ бүтэн өдрийг хамт өнгөрүүлэхэд инээлдэнэ, уйлалдана, гомдоно, энэ болгонд хүүхдүүдийнхээ сэтгэл санаанд тохируулан харилцана. Ихэнхдээ найз нь мэт байдаг даа. Хүүхдүүд сэтгэл хөөрөл ихтэй тоглох, инээлдэх үедээ аав аа гэж дууддаг. Энэ бас их сайхан санагддаг. Миний ажилдаа баримталдаг зарчим бол цэцэрлэгийн орчинд хүүхэд чөлөөтэй тоглох, ярилцах, сэтгэл зүйн хувьд хамгийн эерэг таатай мэдрэмжийг авч чаддаг байх ёстой гэж боддог" гэв.

Эрэгтэй багштай юм уу гэх эргэлзсэн асуулттай тулгардаг

Л.Отгонбат багш улсын цэцэрлэгт гурван жил ажиллажээ. 2015 оноос хойш хувийн цэцэрлэгт ажиллаж байна. Энэ хугацаанд нийтдээ 4-5 цэцэрлэгт ажиллажээ.

Тэрбээр "Цэцэрлэгийн багш гэхээр нийгэм, эцэг эхчүүд ерөнхийдөө эмэгтэй хүмүүс байдаг гэдэг нийтлэг ойлголттой. Цэцэрлэгт хүүхдийг хүлээж авахад эцэг эхчүүдийн хандлага харилцан адилгүй. Эрэгтэй багштай юм уу гэх эргэлзсэн асуулттай тулгардаг. Зарим эцэг эх хүүхдээ өгөхгүй гээд шууд өөр ангид өгөх тохиолдол гарна. Гэвч 2-3 сар ажилласны дараа эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгддөг. Эргээд эцэг эхчүүд таны ангид хүүхдээ өгье, багш аа уучлаарай гэж байсан удаатай.

Хүүхдийг хайрлаж, асрахад эрэгтэй, эмэгтэй багш гэж ялгах нь өрөөсгөл юм. Хайрлаж, халамжлахад хүйс хамаарахгүй байх. Туслах багш маань эмэгтэй багш байдаг. Хүүхдүүд гэртээ аав, ээжийн хайранд өсдөг, эрэгтэй, эмэгтэй багштай байхаар ангидаа тэр хайрыг ижил авч байгаа юм" гэдгийг онцлов. Би спорт өрөлтийн дугуйланг цэцэрлэгийн 4, 5 настай 5 бүлгийн нийт 100 гаруй хүүхдэд давхар явуулдаг. Хоёр жилийн өмнө дугуйлангийн багшаар ажиллаж байхад танихгүй ангийн хүүхэд намайг зурсан зургийг багш нь надад үзүүлж байсан. Тэр мэдрэмж их гоё юм байна лээ. Эрэгтэй хүүхдүүд "Би цэцэрлэгийн багш болно" гэхээр тэдэнд үлгэр дуурайлал болж байгаадаа баяртай байдаг.

2023 онд Засгийн газраас багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлнө гэж зарласан билээ.

Л.Отгонбат багш энэхүү шийдвэрт сэтгэл дундуур явдаг аж. "Тооноос илүү чанарыг чухалчилдаг түүний хувьд ийм шийдвэрээс илүүтэй багш нарын цалин хангамж, нийгмийн баталааг хангах нь чухал" гэдгийг ярианы төгсгөлд онцлов.

Д.Амарбаясгалан: Энэ удаагийн парламент зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна 
Д.Амарбаясгалан: Энэ удаагийн парламент зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна 
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!