2004 онд 20 настай М нь 1 сая төгрөгийн цалинтай зөөгч, бармен хийхээр Эрээн явжээ. Гэтэл дагуулж явсан эмэгтэй нь түүнийг Эрээнд очоод Өвөрмонгол залууд зарсан байна. Тэрбээр "18 наснаас бага хүүхдийг Хятадын томчууд нь авдаг. Харанхуй шөнөөр эсвэл өдрийн цагаар нүдийг минь боож авч явдаг байсан. Тэнд бүх өрөө нь камертай байсан. Бид үйлчлүүлэгчдийн өмнө нүцгэн шахуу зогсдог тэгээд үйлчлүүлэгч нар сонгоод авдаг байсан. Хааяа бэлгэвч, хар тамхи өгдөг байсан" гэж ярьсан нь "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ын кейсийн санд бүртгэлтэй байна.
Өөр нэг эмэгтэй 2007 оны арванхоёрдугаар сард өндөр цалинтай ажил хийгээд хажуугаар нь англи хэлний курст суралцах боломжтой гэсэн зарын дагуу Малайзад очжээ. Галт тэргээр Замын-Үүд ороод Замын-Үүдээс Эрээн, Эрээнээс Бээжинд очсон байна. Тэрбээр ярихдаа "Би Бээжингээс Малайз руу онгоцоор явсан. Одоо бид дөрвүүлээ байгаа. Бүгд тус, тусдаа ирсэн. Малайзад ирээд бид танилцсан. Ажил өдрийн 15:00 цагаас эхэлдэг. Өдөрт 6-7 хүнд үйлчилдэг. Шөнийн клуб, зочид буудалд ажилладаг. Ямар нэгэн цалин авдаггүй. Бүгдийг нь босс гэх хүн хурааж авдаг" гэж ярьжээ.
Тэр бүү хэл найз залуугийнхаа үгэнд итгэн гадаад улс руу явсан ч 10 гаруй жил бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон тохиолдол ч бий.
Монголд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй зургаан байгууллага бий. Тэдний нэг болох “Анбаунд Монгол” ТББ нь “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийг Цагдаагийн ерөнхий газар, ХХЕГ-ын зөвшөөрлийн дагуу Гаалийн ерөнхий газартай хамтран 2018 оноос эхлэн хилийн боомтод хэрэгжүүлж эхэлжээ.
Хүний наймаанд өртсөнөө мэдэхгүй 41 хүүхэд, 27 том хүнийг илрүүлж авч үлджээ
“Анбаунд Монгол” ТББ 2022 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй 159 иргэнийг тогтоосноос 68 нь аяллаа зогсоосон байна.
Үүнээс 41 нь хүүхэд, 27 нь насанд хүрэгчид байсан бол дээрх 68 иргэн нь нэг тохиолдол биш 50 удаагийн тохиолдлоор илэрсэн гэв.
Аяллаа зогсоосон гэдэг нь “Дамжин өнгөрөх ажиглалт” төслийн хэллэг бөгөөд уг хэрэгт ямар нэгэн аялал жуулчлалын компани холбоогүй аж. Харин цагдаагийн байгууллагад 2019-2021 онд хүн худалдаалах гэмт хэрэг болон түүнтэй төстэй 65 хэрэг бүртгэгджээ. Үүнээс хүн худалдаалах 41, бэлгийн мөлжлөг 18, албадан хөдөлмөрлүүлэх 4, хүний эд эрхтнийг хууль бусаар авах 2 гэмт хэрэг тус, тус бүртгэгджээ.
Хүний наймааны урсгал Зүүн Өмнөд Азийн улс орнууд руу чиглэж байна
Бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж буй гэмт хэргийн чиглэлийг авч үзвэл Монгол Улсаас Зүүн болон Зүүн Өмнөд Азийн улс орнууд руу чиглэсэн урсгал зонхилсон, Европ, Америкийн орнуудад цөөн тоогоор бүртгэгдсэн байна.
Тодруулбал, БНХАУ, Хонгконг, Макао, Малайз, Камбож, Филиппин, Япон, БНСУ орнуудад хохирогч бүртгэгдсэн тооны хувьд бусад улс орноос өндөр, үүнээс гадна Герман, Швед, Бельги, Турк, АНУ зэрэг орнуудад хохирогчид бүртгэгджээ.
Ингэхдээ сүүлийн жилүүдэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, цахим гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргүүдтэй хослон үйлдэгдэх болсон байна.
“Санхүү өгнө, авна ” гэх зарын дагуу охид, эмэгтэйчүүд дотооддоо ч хохирогч болж байна
Дотоод дахь хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртүүлж буй ихэнх тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, 2019-2021 оны хооронд бүртгэгдсэн 65 хэрэгт 131 хохирогч тогтоогдсоны 66 хувь нь Саппоро төв, Хүнс, хөдөө аж ахуйн яамны ойролцоох автобусны буудлын орчимд үйлдэгджээ.
"Хүйсийн тэгш эрх төв" ТББ-аас 2022 онд хийсэн судалгааны үр дүнгээр хуулийн байгууллагад хандаж туслалцаа авсан 20 хохирогчийн кейс ижил байжээ. Дотооддоо хохирогч болсон 12 эмэгтэйчүүд бүгд Улаанбаатар хотод худалдаалагдаж, нэг дүүргээс нөгөө дүүрэгт зуучлагчийн хамт явж үйлчилгээ үзүүлэх, эсвэл нэг байршилд хоригдож бэлгийн мөлжлөгт өртсөн байна.
Дотоодод гэмт этгээдүүд цахим орчныг ашиглан “Санхүү өгнө” гэх зар байршуулж охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулж, зодож, айлган сүрдүүлж хүчиндэх, нүцгэлж дүрс бичлэг хийж “Олон нийтийн сүлжээнд тавина, цагдаад өгнө” гэх зэргээр эрхшээлдээ оруулж, орон сууц, нийтийн байр хөлслөн зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж ХХГХ үйлдэж байгаа талаар ЭЦА-аас мэдээлж байв.
Тэд төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч авдаггүй
Түүнчлэн энэ төрлийн хохирогчид хууль зүйн туслалцаа авах боломж хязгаарлагдмал байдаг аж. Тухайлбал, 2021 онд хийгдсэн Монгол Улс дахь хүний наймааны шалтгаан, нөхцөл, хүний наймаанд өртөмтгий болон тэсвэртэй байдлын суурь судалгаанд "Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хавтаст хэргүүдэд шинжилгээ хийхэд нийт 14 хохирогчоос зөвхөн нэг л хүн өмгөөлөгч авсан бол үлдсэн 13 хохирогч нь төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөллийн үйлчилгээ авч чадаагүй" гэсэн байна.
Мөн Хүн худалдаалах түүнтэй төстэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ судалгааны тайланд “10 хохирогчтой 4 Эрүүгийн хавтаст хэрэгтэй танилцахад 8 хохирогч нь огт өмгөөлөгчгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцож, 2 хохирогч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралд л өмгөөлөгчтэй оролцсон байна" гэжээ.
Төр ийнхүү төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг орхигдуулсныг үйлчилгээ үзүүлэгч ТББ-ууд нөхөн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд мэргэшсэн өмгөөлөгч хөлслөх байдлаар ажиллаж байна.
Эдгээр байгууллагуудаас жишээ дурдахад "Иргэдэд туслах хүний эрхийн төв" ТББ-аас 2017-2020 онд 10 орчим хохирогчид өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсний 3 нь хүүхэд байжээ.
Хуулийн зүйл, заалт хоорондын зодоонд хэн хожив
2017-2021 онд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэргээр /ХХГХ/ нийт 76 бүртгэгдэж, үүнээс 43 хэргийн хэрэг бүртгэлтийг хааж, нэг хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн байна. Харин шүүхээр хянан хэлэлцүүлэхээр 12 хэргийг шилжүүлж, үүнээс дөрвөн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл ХХГХ гэж бүртгэгдсэн тохиолдлуудын 56.5 хувь нь ХХГХ биш гэж тооцогдож байна.
Энэ нь эрх зүйн орчин дахь ХХГХ-ийг авч үзэх тодорхойлолтын зөрүүтэйгээс үүдэн ХХГХ-ийн шинжтэй тохиолдлууд өөр бусад бага ялтай гэмт хэргээр зүйлчлэгдэх бүрэн боломжтой гэсэн үг.
Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлд ХХГХ үйлдсэн этгээдэд шүүхээс гэмт хэргийн шинж, хөнгөрүүлэх болон хүндрүүлж үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан 2-20 хүртэл жилийн хорих ял эсхүл бүх насаар нь хорих ял оноохоор заасан. Гэвч төстэй зарим гэмт хэргийн тухайд оногдуулах ял шийтгэл харилцан адилгүй буюу ХХГХ-ээс бага ял, эрүүгийн хариуцлагатай байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд ХХГХ-ийг зүйлчилсэн хэдий ч мөн хуулийн дараах зүйл заалтын агуулга нь ХХГХ-ийн шинжийг агуулжээ. Үүнд:
- 12.3 дугаар зүйлд Бэлгийн мөлжлөг,
- 12.6 дугаар зүйлд Биеэ үнэлэхийг зохион байгуулах,
- 13.13 дугаар зүйлд Албадан хөдөлмөрлүүлэх,
- 15.3 дугаар зүйлд Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах,
- 16.4 дүгээр зүйлд Хүүхдээр гуйлга гуйлгах,
- 16.6 дугаар зүйлд Хүүхэд худалдах,
- 16.8 дугаар зүйлд Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах,
- 16.9 дугаар зүйлд Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах,
- 16.10 дугаар зүйлд Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх
Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн бол ХХГХ-т хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүний эсрэг биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих, мөрдөх эрх бүхий байгууллага мэдсэн боловч ХХГХ-т тооцож шийдвэрлээгүй нь гэмт хэргийн зүйл заалтын тодорхойгүй байдлаас үүдэлтэй.
Нэгдүгээрт. Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 12.3.4 дэх хэсэгт “энэ гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор бага насны хүүхдийг албадан оруулж үйлдсэн” бол оногдуулах ялыг хүндрүүлж оногдуулахаар заасан. Гэвч мөн хуулийн 13.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход ямар аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт өртүүлсэн нь Эрүүгийн хуулийн 12.3 эсхүл 13.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн аль нь болох талаар өрсөлдүүлсэн хэм хэмжээг бий болгосон нь хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд саад учруулж байна.
Хоёрдугаарт. Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлд албадан хөдөлмөрлүүлэх явдлыг гэмт хэрэгт тооцохоор заасан. Гэвч тус заалтын зүйлчлэлийн агуулга нь Эрүүгийн хуулийн 13.1 ХХГХ-т заасан хүн худалдаалах гэмт хэргийн албадан хөдөлмөрлүүлж мөлжих үйлдлийн шинжтэй давхцаж байна.
Гуравдугаарт. Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт Хүүхдийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан нь нэг талаасаа хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн сайшаалтай хэдий ч дээр дурдсан заалтууд нь мөн л ХХГХ-ийн шинжтэй давхардаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн тайлбарт хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэн бол ямар аргаар хэрхэн үйлдсэн эсэхийг үл харгалзаж ХХГХ гэж үзэхээр заасан ч хүүхдийн эсрэг гэмт хэрэг бүлэгт хамаарах гэмт хэргүүдийн үндсэн шинж нь ХХГХ-ийн шинжтэй давхцаж буйгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхойгүй байдал үүсэх буюу аль зүйл заалтаар хэргийг шийдвэрлэх эсэхийг шийдэхэд хүндрэл тулгарахаар байна.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!