СУРВАЛЖИЛГА: Цагаан сар дөхөж тэтгэврийн зээл сурагласан ахмадуудад 8.5-10 сая хүртэл төгрөг банкнаас олгох боломжтой гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 48 секунд

Цагаан сараар баярынхаа бэлтгэлийг базаах санаатай зээл нэмж авахаар банк ортол ямар ч боломжгүй гэж хариу хэлсэн. Энэ жил баяр тэмдэглэхгүй. Гэхдээ л айл байна даа тавгийн идээ засна даа ” гэж 60 настай иргэн В.Удвал хэлэв.

Түүний хувьд хувь тэнцүүлснээр сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Өнгөрсөн жил цагаан сарын баярын өмнөхөн 2 сая төгрөгийн зээл авч байжээ. Энэ зээл нь одоо дуусаагүй тул дахин зээл олгох боломжгүй гэж банк татгалзсан байна. Тэрбээр “Айл байна даа, тавгийн идээ, шүүсгүй сууна гэж юу байх вэ гээд л тэтгэврээ барьцаалаад өнгөрсөн жил зээл авсан. Тухайн үедээ ч банкнаас өгч байгаа мөнгийг баярлаад дуугүй авахаас яах билээ. Дараа нь төлж л байгаа юм” гэв. Түүнээс тэтгэврийн зээл нь цагаан сарын баярын бэлтгэлээ базаахад хүрсэн эсэхийг нь лавлахад “Яаж хүрэх билээ. 4 сая төгрөг багаддаг болсон. Унтаад сэрэхэд л юмны үнэ өсч байна. Өнгөрсөн жил тэтгэврийн зээл дээр хүүхдүүд, ах дүү нараас хэдэн төгрөг нэмэрлэж байж цагаан сараа хийсэн ” гэсэн юм.

В.Удвал гуай хэрэв цагаан сарын төсөв нь сайн бол гарын бэлгэнд мөнгө өгч тааруухан бол оймс өгөхөөс өөр сонголт байдаггүй гэж байлаа. Энэ жилийн цагаан сараар банкнаас зээл гараагүй ч байгаа мөнгөндөө тааруулаад хэдэн оймс ч болтугай зэхнэ гэж байсан юм. Түүний хувьд ажил хийе гэхэд тохирсон ажил байхгүй, аль эсвэл барилгын засал чимэглэлээр ажиллахад бие нь дийлдэггүй болохыг ч бас учирласан. Тэрбээр “Ахмадуудад ажил олдохгүй ямар ч мөнгөгүй амьдрахад хүнд л байна даа. Хэдий хүүхдүүд ажил хийж хэрэггүй гэртээ л бай гэж хэлдэг ч хүн өөрөө ажил төрөлтэй бол хэчнээн сайхан билээ. Ядахдаа шал угаагаад цалин авдаг бол цагаан сарын баяртаа ч санаа зовох нь бага шүү дээ” гэсэн юм.

АРИЛЖААНЫ БАНКУУД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ДУНД ХҮҮ НЬ 15.6 ХУВЬТАЙ БАЙНА

Энэ жилийн хувьд уламжлалт цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд болно. Хэдий хожуу болж байгаа ч ахмадууд аль хэзээний л баярын бэлтгэлдээ санаагаа чилээж хэдэн төгрөгийн эрэлд гарч эхэлжээ. Тэдний орлогын гол эх үүсвэр тэтгэвэр. Тиймээс зээлтэй нь дахин зээл сураглаж, зээлгүй нь тэтгэврээ барьцаалж байдгаа бардаг нь нууц биш. Арилжааны банкуудаар орвол ихэнх нь цахимаар зээл олгож байгааг хэллээ.

ХААНБАНК ЦАХИМААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА

Тухайлбал, хамгийн олон хэрэглэгчтэй гэгдэх Хаанбанк цахимаар болон КИОСК машинаар зээлээ судлуулж авах боломжтой гэдгийг зээлийн эдийн засагчид нь хэлж байлаа. Энэ талаар “Манай банкнаас тэтгэвэр авдаг бол жилийн хугацаатай 15.6 хувийн хүүтэй, сарын 1.3 хувийн хүүтэй зээл 12 сараар олгож байгаа. КИОСК болон интернет банкаар авах боломжтой. Заавал банкан дээр ирэх шаардлагагүй” гэж байлаа.

ТӨРИЙН БАНК БИЕЧЛЭН ОЧИЖ ЗЭЭЛ АВНА

Дараа нь Төрийн банкаар орвол “Тэтгэврийн зээл хэвийн олгож байна” гэв. Энэ талаар лавлавал “ Манай банкаар тэтгэвэр авдаг бол жилийн 16.8 хувийн хүүтэй 12 сараар зээл олгож байна. Зээл авахаар бол өдөртөө гарна. Харин цагаан сар дөхвөл ачаалал ихэснэ” гэв. Жишээ нь, нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг бол 10 сая хүртэл төгрөгийн зээл гарах боломжтой гэж эдийн засагч нь хэлсэн юм. Гэхдээ ахмадууд заавал биечлэн ирж зээл авах бөгөөд өмнөөс нь ах дүү нар болон хүүхдүүд нь зээл авах боломжгүй гэдгийг сануулж байлаа.

ГОЛОМТ БАНК ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТҮР ОЛГОХГҮЙ БАЙНА

Харин Голомт банк одоогоор тэтгэврийн зээл олгохгүй байгаа аж. Энэ талаар “Оны өмнө бүх банк зээл олгохгүй зогсоосон. Зарим банк зээл олгож эхэлсэн. Манай банк одоогоор зээл олгохгүй. Зээл олголт нээгдсэн эсэхийг долоо хоног тутамдаа лавлахаас асууж болно” гэлээ. Харин цагаан сарын баяр дөхөөд ачаалал ихсэх, зээл олгохгүй удаашрах зэрэг асуудал бага болохыг зээлийн эдийн засагч нь хэлсэн юм. Тухайлбал, дунджаар 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол дунджаар 8.5 сая төгрөгийн зээл гарах боломжтой. Гэхдээ зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал, зээлийн эргэн төлөлтөөс хамаарч үүнээс бага хэмжээгээр зээл гарч болохыг банкны зүгээс сануулав. Тус банкны тухайд 24 сар хүртэл хугацаатай жилийн зээлийн хүү нь 15.6 хувийн хүүтэй байна.

Арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн дундаж хүү 15.6 бол хамгийн өндөр нь 16.8 хүртэл хувийн хүүтэй байгаа юм.

АХМАДУУДЫН ХАМГИЙН ТОМ ДАРАМТ ЦАГААН САРЫН БЭЛЭГ

Ахмадууд цагаан сарын баяртаа банкнаас зээл гарвал өөрсдөө бэлтгэлээ базааж үгүй бол ах дүү, үр хүүхдүүд нь хандивлах байх гэсэн хүлээлттэй байна. Тэд цагаан сарын баярт дунджаар 5 сая төгрөг зарцуулдаг бол хамгийн багадаа л 2 сая төгрөгийн зарлага наанадаж гардаг болохыг ярьж байсан юм. Ахмадын төлөөлөл 65 настай иргэн Л.Батбаяр “Цагаан сарын баяраар хоёр сая төгрөг хүрдэггүй. Хамгийн том зардал нь гарын бэлэг. Ямар бэлэг өгөхөөс авхуулаад цаг их ордог. Манайх өнгөрсөн жил цагаан сарын баярын зардал 5 сая төгрөг болсон. Гэхдээ хүүхдүүд тавгийн идээ, ууц өвчүү бэлдэж өгсөн нь л тэр шүү дээ” гэж байлаа. Мөн 56 настай иргэн Т.Даариймаа “Хүүхдүүд цагаан сарын тавгийн идээ, ууц бэлдэж өгдөг болохоор их нэмэртэй. Бас хэдэн төгрөг өгдөг юм аа. Энэ жил хүүхдүүд маань цагаан сарын бэлтгэлийг базааж өгнө гэж байсан. Гэхдээ яаж зүгээр байх вэ, танил найз нөхдөөсөө хэдэн төгрөг зээлнэ. Тэтгэврийн зээлтэй болохоор банкнаас зээл горьдох хэрэггүй биз дээ” гэв. Түүнээс цагаан сарын бэлтгэлээ базааж эхэлсэн эсэх талаар асуувал “Цагаан сарын бэлтгэлээ базааж эхлэхээр үнэ ханш судлахаар Бөмбөгөр орж явна. Энэ жил гарын бэлгэнд болохгүй бол мөнгө өгнө дөө” гэж байлаа.

Ахмадуудын хувьд хүүхдүүд нь тавгийн идээ, ууц, өвчүүг нь бэлдэж өгдөг байна. Иймээс үүнд тэр бүр санаа зовдоггүй бололтой. Харин гарын бэлэг хамгийн том дарамт болдог бололтой.

ЦАГААН САРЫН БАЯРААР ТӨГРӨГ ВАЛЮТААР ГАРЧ, НЭГ САЯ ӨРХИЙН 500 ОРЧИМ НЬ Л БАЯР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Монголд өнөөдөр 505 орчим мянган ахмад тэтгэвэр авч байна. Он гарсаар тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлснээр хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээ 572.400 төгрөг, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг, дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болсныг Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан яриандаа дурдаж байлаа. Гэсэн ч ахмадуудын тэн хагас нь тэтгэврийн хамгийн доод хэмжээг авч ядруухан амьдарч байгаа нь нууц биш. Даарин дээр нь давс нэмнэ гэгчээр цагаан сарын баяр жилээс жилд өртөг нь нэмэгдэхийн ахмадууд байдгаа бараад ч хүчрэхгүй нуруун дээр нь том ачаа болж байна. Залууст ч мөн адил.

Эдийн засагч Р.Даваадорж: Цагаан сар бол дарамттай баяр болоод удаж байна. Тэр дундаа ахмадууд бүүр ч их дарамт мэдэрч байгаа. Монголд нэг сая өрх байгаагийн 500 орчим нь л цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Үлдсэн нь цагаан сарын баяр тэмдэглэж чадахгүй байгаа шүү дээ. Гэр хороололд өнөөдөр амьдрал ямар байгаа билээ. Сүүлийн үед залуус аав ээжийндээ цагаан сараа тэмдэглэдэг болсон. Энэ чинь нэг талаараа баяр тэмдэглэх зардал өртөг өндөр болоод л тэр. Цагаан сараар гарч буй мөнгө урд хөршийн хэдэн жижиг дунд үйлдвэрлэгчдийг л баярлуулж байгаа. Чадал муутай нь цагаан сарын бэлгэнд оймс, майк авч, бэлтэй нь валютаар өч төчнөөн үнэтэй бэлэг сэлт авч байгаа нь үнэн шүү дээ. Угтаа бол цагаан сарын баяр Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь бага. Мах, гурил, цагаан идээнээс өөр дотоодын эдийн засагт эргэлдэх мөнгө байхгүй" гэсэн юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (30)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!