УИХ-ын нэгдсэн чуулганаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуух үеэр зарим Их хурлын гишүүн байсан хүн "дарамталсан" тухай ам нээв. Энэ талаар хэлсэн үгэндээ "би хэлсэн, бодитоор хот байгуулахыг дэмжинэ, зарчимтай байх ёстой. Хаан шиг эрх мэдэл орлох гээд байна, үүнийг нь засаж орхисон. Гэтэл өмнө нь УИХ-ын гишүүн байсан гэх хүн орж ирээд чи ийм юм ярьж болохгүй загнаад гарч явж байгаа байхгүй юу. Би мэргэжлийн зарчимтай ажиллах гэж УИХ-ын гишүүн болсон. Иймээрээ л ажиллаж байгаа" гэсэн юм. Энэ асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд "сануулга" өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ,
-Н.Учрал сайд хаана байна, УИХ-ын гишүүний хараат бусаар ажиллах асуудалд хэн нөлөөлж байна. Ганзориг гишүүн асуудлаа УИХ-ын Тамгын газарт хандаарай. Үндсэн хуулиар олгогдож буй эрхээ хэрэгжүүлж ажиллаж байхад хөндлөнгөөс дарамт шахалт үзүүлж байгаа болбол УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудал хөндөгдөнө. Зохисгүй. Өнөөдөр бас УИХ-ын гишүүдэд цаас тараасан, байнгын хороо, ажлын хэсэг дээр унасан саналыг янз янзын байдалд оруулах гэж байгаа сонсогдсон. УИХ-ын гишүүн УИХ, Байнгын хороо, ажлын хэсэг дээр шийдэгдсэн асуудлын араас элдэв янзын лобби хийдэг байж болохгүй. Үүн дээр ямар ч хуулийн төсөл хэлэлцэж байхад шүү. Би удаа дараа хэлж байгаа, янз бүрийн лоббины шинж чанартай хууль энэ УИХ-ын босгыг давахгүй шүү гэдгийг байнга хэлж байгаа. Энд, тэнд гишүүдийг аваачиж хоолонд оруулж худал, үнэн мэдээллээр хангаад л янз, янзын хуулийн төсөл өргөн барьчихаад тэрийгээ авч гарах гэж ажилладаг ийм байдлыг цаашид явуулж болохгүй. Би энэ хуулийн төсөлтэй холбож хэлж байгаа юм биш шүү. Зарим хуулийн төсөл дээр тийм мэдээллүүд ирж байгаа учраас би хэлж байгаа" гэв.
Мөн Хархорум хот байгуулах хуулийн төсөлтэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "төр дангаараа хот байгуулах боломжгүй" гэдгийг асуултынхаа үеэр дурдлаа. Энэ талаар ярихдаа "Хотыг байгуулах гэж байгаа бол бодитой байя гэх саналуудыг гаргасан. Заримд нь санал нийлж, заримд зөрчилдсөн байх. Нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй байх, төр дангаараа хот байгуулах боломжгүй. Ямар ч боломжгүй. Хотын хөгжлийн төлөвлөгөө зохиохдоо бодитой байх ёстой. Хятад, Солонгос, Индонез зэрэг хотыг жишээ болгож шинэ Хархорум хот байгуулна гэж 180 мянган га газарт хоёр, гурван мянган талбай дээр байшин барилга барина гэж орж ирсэн. Өмнө нь бас хэлэлцэх хэсэг дээр асууж байсан, тодорхой хариулт авч чадаагүй. Хувийн хэвшил байхгүй бол бид энэ хотыг байгуулж чадахгүй. Бид бариад бариад 10 жилд 100 га-г л барилгажуулж чадна. Хоёр, гурван мянган га-г чадахгүй. Яармаг бол тод үүний тод жишээ. 10 гаруй жилийн дотор хувийн хэвшил л босгосон. Тиймээс би асууж байсан, шинэ Хархорум байгуулахад хувийн хэвшилтэйгээ ярилцсан уу. МҮХАҮТ-тай ярилцсан уу. Хоёр дахь асуудал, олон улсын хурал зарлаж гадаад дотоодын 36 баг орж ирээд маш олон концепц, үзэл баримтлал өгсөн. Сарын өмнө бас асуултын хариуг авч чадаагүй байгаа. Уг нь төсвийн хөрөнгө мөнгө зарцуулж гадны туршлагатай баг урьж оролцуулсан бол тайлан гаргах ёстой. Тэндээс бид гадны туршлагыг суралцаж хэрэгтэй, үгүйг нь ярих ёстой. Гадны туршлагуудыг манай үндэснийхэн хийж чадна, суралцах л хэрэгтэй байхгүй юу. Юуг суралцаж хуулийн төсөлд оруулж ирэв" гэлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!