Нэгэн цагт Догшин хутагт Д.Данзанравжаа гуайн оюун санааны өлгий болж байсан энергийн төв гэгдэх дорнын говьд эдүгээ бүтээн байгуулалтын салхи сэвэлзэж цөмийн энергийн салбарт цөн түрж байна.
XXI зууны технологийн эрин үед нүүрсээ машин, машинаар нь зөөдөг манай улс Их хурлаараа Цөмийн энергийн тухай хуулиа шинэчлэн баталж, Франц улстай ураны салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэсэн нь Азийн цээжин дээрх жижигхэн Монгол Улс ирээдүйд дэлхийн ураны зах зээлд том тоглогч болох шанг татав.
27 ЖИЛ ГАЦСАН ТӨСӨЛ ГАРААНААС ГАРАВ
1997 оноос Монголд уран олборлох жим гаргасан "Орано" группийн "Бадрах Энержи" ХХК нь аажим аажмаар урагшилсаар 2006 онд долоон мянга гаруй тоннын нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тоннын нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээн илрүүлсэн.
Энэ хугацаанд гажиг төлийн асуудал яриа дуулиан Улаанбадрахаас тасрахаа больж "ураны голомт" гэж нэгэнт олон нийт ойлгох болоод багагүй хугацаа өнгөрч "олборлоогүй уранд" бүх бурууг тохсоор байв. Өнөөдөр ч уран бол монголчуудын хувьд эмзэг сэдэв хэвээрээ. Учир нь ураны сэдэв гарч ирэх бүрд цацраг идэвхт бодисын аюул, атомын цахилгаан станцын асуудлыг чернобылийн ослоор төсөөлдөг нь нууц биш.
Угтаа бол Монгол Улс ураныг зөвхөн шар болон хар нунтаг хэлбэртэй болгон экспортлох тухай яригдаж байгаа бөгөөд одоогоор атомын цахилгаан станцгүй.
Магадгүй атомын цахилгаан станцтай болсон ч энэ нь гадны хүчин зүйлээс болж аюул болох тохиолдол ховор. Иймд Монгол Улс атомын цахилгаан станцтай болох ёстой гэсэн байр суурийг “Мон Атом” ХХК-ын Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал илэрхийлж байлаа. Тэрбээр “Хүн төрөлхтний хөгжил учраас атомын цахилгаан станцтай болох ёстой гэж боддог. Харин ч эмгэнэлтэй байхгүй юу.
Дэлхий дээр урангүй улс орнууд атомын цахилгаан станцтай байхад бид дэлхий дээр ураны нөөцтэй 13 улсын нэг атал атомын цахилгаан станцгүй. Монгол Улс хэзээ нэгэн цагт атомын цахилгаан станцтай болно.
Хэрэв Чернобыль гэж кино үзсэн бол хүний хүчин зүйлсээс болсон байдаг. Фүкүшимагийн атомын цахилгаан станц осол мөн л өөр хүчин зүйлээс болсон байдаг” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, олон жилийн дараа хөдөлж буй ураны төсөл хэрэгжсэнээр Монгол Улс атомын цахилгаан станцтай болох суурь нь уран олборлох хөрөнгө оруулалтын төслийн гэрээ болов.
Монгол Улсын хувьд ураны төсөл хэрэгжсэн ч 10-15 жилийн дараа атомын цахилгаан станцтай болох боломжтой гэдгийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Докторант, Р.Энхтүвшин хэлсэн юм.
АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОХ ХҮРТЭЛ УРАНААС ОРЖ ИРСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДОТООДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ
Тэрбээр "Атомын цахилгаан станцтай болно гэж зорьсон улс орнуудын хувьд дунджаар 10-15 жилийн хугацаа шаардлагатай. Бид энэ хүртэл хүлээхийн оронд уранаас орж ирсэн хөрөнгө оруулалтаар бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрээр дотоодын эрчим хүчний хэрэглээг хангах, цаашилбал 10-15 жилийн дараа цахилгаан станцууд ашиглалтаас гарсан тохиолдолд энэ орон зайг нөхөх шууд горимд ажиллах атомын цахилгаан станц барьж ашиглах боломжтой" гэсэн юм. Түүний хэлснээр ураны төслийг дагаж эдийн засаг өсөхийн хэрээр олж буй орлогоо хуримтлуулж, үүнийгээ зөвхөн атомын цахилгаан станцаар зогсохгүй бусад дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц зэрэг дотоодын эрчим хүчний асуудлыг ойрын таван жил дотор шийдэх боломжтой юм байна.
АЗИЙН БАР БОЛОХ АМБИЦ
Монгол Улс Францын "Орона" групптэй хамтран ажиллах гэрээг 27 жилийн дараа үзэглэснээр ирээдүйд Монгол Улс Европын улс орнуудыг эрчим хүчээр хангасан азийн бар болох том амбиц бий. Энэ нь өнөөдрийнх шиг эрчим хүчний салбар нь тартагтаа тулж, ачаалал нэмэгдэх бүрт урд, хойд хөршөөсөө тог цахилгаанаа гуйж импортолдог манай улсын хувьд эрчим хүчний хараат байдлаас гарч цаашилбал экспортлогч улс болно гэдэг нэг л үнэмшилгүй сонсогдоно.
Энэ талаар “Мон Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргалын хэлснээр Монгол Улсаас авсан шар нунтгийг Францад баяжуулах бөгөөд үүнийг хөрш зэргэлдээх Англи, Герман, Итали, Люксембург, Нидерланд зэрэг 7 улсад тог цахилгаан болж нийлүүлэх нь.
Үүгээрээ зөвхөн Монголд итгэх итгэл бий болохоос гадна Монгол, Францын төсөл биш Монгол Европын төсөл болох ач холбогдолтой юм байна. Энэ талаар “Энэ төсөл бол манай улсын аюулгүй байдалд маш чухал. Энд монголчуудад итгэх итгэл бий болно” гэсэн юм.
БИДНИЙ ГАРГАЖ БУЙ ШАР НУНТАГ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТҮЛШ БОЛНО
Тэрбээр "Монголоос авсан шар нунтаг ойрын 50 жил европын орнуудын цахилгааны эрчим хүч болж явна. Европын холбоо цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч хэмээн зарласан. Тэгэхээр бидний гаргаж байгаа шар нунтаг цөмийн эрчим хүчний түлш болно гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол Оюутолгойн дараагийн хамгийн том хөрөнгө оруулалт. Уран бол шинжлэх ухааны гайхамшигт ололт” гэсэн юм.
Засгийн газрын хэрэгжүүлэхээр тусгасан 14 мега төслийн нэг ураны төслийг эрчим хүчний тухай хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчран эхлэл цэг гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ мөн онцолж байв. Тэрбээр “Хамтарсан Засгийн гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, тэр дундаа цэвэр эрчим хүчний тухай хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг, эхлэл цан болж чадна гэдэгт итгэж байна” гэсэн юм.
УРАНЫ ТӨСӨЛ ФРАНЦАД ХОЖИЛ БОЛЖ МОНГОЛД ХАРААТ БУС БАЙХ БОЛОМЖИЙГ НЭЭВ
2024.01.17 Засгийн газар Францын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь түүхэнд тэмдэглэгдэх чухал өдөр байв. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тусгасан бөгөөд эхний ээлжинд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд 2027 онд анхны үр ашигтай үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Үе үеийн эрх баригчдын дунд яригдсан ч маргаан дагуулсаар эцэст нь мартагддаг энэхүү төсөл ийнхүү олон жилийн дараа хэрэгжихээр болж гэрээг үзэглэсэн нь Францын "Орона" группт ялалт болж, Монголд гуравдагч хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалтаар дамжин хоёр улсаас хараат бус байх боломж бүрдэж байгааг эрдэмтэд төдийгүй гадны хэвлэлүүд онцолжээ. Энэ талаар Financial Times сэтгүүлд "Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Франц, Европын холбоотой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, Хятад, Орос зэрэг хөрш зэргэлдээ гүрнүүдийн хараат байдлыг бууруулж байна. Олборлосон уран нь дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүйжүүлэх зорилттой нийцэж байгаа цөмийн эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм" гэжээ.
Цаашилбал, “Зөөвч Овоо” орд Монголыг дэлхийн том тоглогч болгох хүлээлт үүсэв. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулалтын хоёр дахь том давлагаа эхэлж монголчууд хөгжлийн гараан дээр ирснийг Францын талаас харж болно.
ЗӨӨВЧ-ОВОО ОРД МОНГОЛЫГ ДЭЛХИЙН УРАНЫ ЗАХ ЗЭЭЛД ТОМООХОН ШИНЭ ТОГЛОГЧ БОЛГОНО
Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн: Энэхүү хэлэлцээрийн цар хүрээ төдийгүй манай хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой учраас түүхэн гэж байгаа юм. Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэсэн юм.
Үндсэндээ Францын "Орона" группийн "Бадрах Энержи" ХХК нь 1997 оноос Монголд хайгуулын лиценз эзэмшээд 27 жилийн дараа л Монголын төр боломж олгож байгаа нь энэ. Бас энэ хугацаанд уранаас болгоомжилсон нийгмийн сэтгэлзүй, улс төрийн тогтворгүй байдал ч нөлөөлсөн нь гашуун үнэн. Өнөөдрийг хүртэл Монгол Улс уран олборлоогүй бөгөөд туршилтаар 10 тонн шар нунтаг гарган аваад байгаа юм. Цаашид 2027 оноос уран олборлож эхэлснээр монголчууд өөрсдөө шар нунтаг гарган авах боломжтой гэдгийг "Бадрах Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард хэлсэн юм.
Тэрбээр "Үйлдвэрлэлийн туршилтын нэг амжилт нь Орона ХК-ийн сургаж бэлтгэсэн Монгол ажилтнуудын үйлдвэрлэлийн туршилтыг өөрсдөө хийж чадсан гэдгийг харуулсан. Монгол ажилтнууд цаашид энэ үйлдвэрлэлийг эхлүүлэх чадвартай гэдгийг нотолж харуулсан. Ирээдүйд манай үндсэн үйлдвэрлэл нь байгаль орчин, мал амьтны эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, Монгол ажилчид маань аюулгүй ажиллагааны стандартын дагуу ажиллаж чадна гэдгийг нотолсон" гэсэн юм. Түүний хэлснээр хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бөгөөд Сайншандаас өндөр хүчдэлийн шугам татах, зам барих, үйлдвэрийн ажилтнуудын кэмп барихтай зэрэгцээд мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх юм байна. Ингээд 2028 оны сүүлчээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн Засгийн газар "Орона" групптэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг "Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалтын үе шинээр эхэлж сэргэлээ гэсэн дохиог бусад гадаадын хөрөнгө оруулагч нарт өгөх болов уу" хэмээн тодотгож байлаа.
Гадаадын хөрөнгө оруулагч нарын тухайд Монголд татварын дарамт, төрийн хунд суртал, улс төр, эдийн засгийн тогтворгүй орчин зэргээс шалтгаалан удаан тэсэхэд бэрх. Үүнийг ч төр, хувийн хэвшлийнхэн хүлээн зөвшөөрөөд удаж буй. Харин өнөөдрийг хүртэл 27 жилийн хугацаанд гуравдагч хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт Монголоос нүүр буруулаагүй шалтгааныг “Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард “"Хэрэв Дулаан-Уул шиг орд байсан бол бид Монголоос аль хэдийнэ гарч явах байсан" гэж товч тодорхой хариулсан билээ.
Францын "Орона" групп нь уран олборлолт болон баяжуулалтаараа дэлхийд том тоглогч нарын нэг юм. Тус групп нь 1997 оноос Казахстан болон Монгол улсад ижил цаг хугацаанд ураны хайгуулын лиценз эзэмшсэн бөгөөд эдүгээ Казахстан улс уран олборлох, үйлдвэрлэх сайн жишиг болоод буй. Энэ тухайд Марк Мелеард "Монгол болон Казахстан улсад ураны төсөл 1990 оны сүүлчээр адил цаг хугацаанд эхэлсэн. Гэхдээ ялгаатай нь, Казахстан улс энэ технологийг мэддэг, ашиглаж байсан, ураны аж үйлдвэрлэлийн салбарт тодорхой туршлагатай. Тус улсын Засгийн газар болон олон нийт нь ураны аж үйлдвэрлэлийн салбарын талаарх ойлголт, өмнө нь ашиглаж байсан учраас илүү хурдан хөгжиж сайн жишиг болсон. Монгол Улсын хувьд ураны салбарт туршлага байхгүй. Төр, олон нийт нь энэ талаарх ойлголт удаан, хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа орсон болов уу. Үүгээрээ гол ялгаа нь байсан. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг дараагийн төсөлд цахиур хагалах учраас их хугацаа шаарддаг юм байна. Энэ дагуу л удсан байх" гэсэн юм.
МОНГОЛД УРАН ОЛБОРЛОХТОЙ ХОЛБООТОЙ ЦАЦРАГИЙН ХОРДЛОГО ҮҮСЭХ АСУУДАЛ ГАРАХГҮЙ
Хэдийгээр уран нь цацраг идэвхт ашигт малтмал ч дэлхийн улс орнууд газар доор уусган баяжуулах аргаар олборлодог тул аюулгүй болохыг Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр гуай хэлж байлаа. Тэрбээр “Дэлхий нийтэд газар доор уусган баяжуулах аргаар нийт жилд олборлож буй ураны 56-60 гаруй хувь нь газар доор уусган баяжуулах аргаар олборлож байна. Энэ бол битүү системээр буюу газар доор уусган баяжуулах аргаар уран олборлодог. Иймээс өнөөдрийг хүртэл дэлхий дахинд уран олборлохтой холбоотой цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ өнөөдрийг хүртэл тэмдэглэгдээгүй.Монголд ч бас ийм асуудал болохгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлье. Гэхдээ аливаа уул уурхай бол ямар ч нөхцөлд өөрөө цөмийн болон цацрагийн хяналтын стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байна гэсэн юм. Үргэлжлүүлэн түүний хэлснээр Монгол, Францын хамтарсан Ураны төслийг хэрэгжүүлснээр гэрээний дагуу 3-4 жилд нэг удаа Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн шинжээчдийн багийнхан шинжиж, үүний дагуу төсөл хэрэгжүүлэгч компани үйл ажиллагаа явуулах нь.
АМНАТ-ЫН ТӨЛБӨРТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ 5.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ТӨВЛӨРНӨ
Уурхайгаас жил бүр олборлох, уранаар үйлдвэрлэх эрчим хүч нь 55 сая тонн нүүрснээс гаргах эрчим хүчтэй тэнцэх юм. Ингэснээр уурхай ажиллах хугацаанд 4 тэрбум тонн нүүрс хүчлийн хий үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх төдийгүй, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлнэ.
Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай байгуулсан гэрээнд тусгасан онцлох 10 заалтыг дурдвал,
-
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх тооцооллыг баталгаажуулсан.
-
Хэрэв Монгол Улсын хүртэх шууд өгөөж 51 хувь хүрээгүй тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компаниас шаардлагатай өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөрийг Засгийн газарт нэмж төлнө.
-
Төслийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн АМНӨТТ-т орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож авна. Ингэснээр давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ноогдол ашиг, АМНАТ-ын төлбөрт 2 тэрбум ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоололтой байна.
-
Засгийн газар давуу эрхийг хувьцааг шууд эзэмшиж, тэргүүн ээлжид ноогдол ашиг хүртэх, давуу эрхийн ноогдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилахгүй байх нөхцлийг тусгасан
-
ААН-ийн орлогын, нэмүү өртгийн, ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар болон гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. АМНАТ-ын төлбөрийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгасан.
-
Төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа зөвхөн гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлийг энэхүү гэрээнд хамруулахгүй байх нөхцөл тусгагдсан. Түүнчлэн, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, гео экологийн судалгаа, цацраг хяналтыг хэрэгжүүлэхийг тусгасан.
-
Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн, боловсруулсан тохиолдол төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид авах заалтыг гэрээнд оруулсан.
-
Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд жил бүр нэг сая ам долларын хөрөнгө оруулалт хийх, нийт ажиллагсдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхай ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60-аас доошгүй нь болон жилийн нийт худалдан авалтын 40-өөс доошгүй хувь нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч, хуулийн этгээдэд ноогдох нөхцөлөөр тусгагдаад байна.
-
Гэрээг 20 жилээр байгуулж, тодорхой шаардлага хангасан тохиолдолд хуульд заасан нөхцөлөөр сунгаж байхаар тусгагдлаа.
-
Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаа, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй.Мөн талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.