ТАНИЛЦ: Ерөнхий сайдын батламжилсан АН-ын 7, МАН-ын 14 аймгийн Засаг даргаас 8 нь улиран томилогджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
15 минут 40 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаа зохион байгуулж, 21 аймгийн Засаг дарга нарыг батламжиллаа. Орон нутгийн сонгуулийн үр дүнд үндэслэж, аймгийнхаа ИТХ-ын босго давж, улмаар Ерөнхий сайдын өмнө ирсэн аймгийн Засаг дарга нар болон тэдгээрийн намтартай танилцъя. 21 аймгийн 7 аймагт Ардчилсан нам, 14 аймагт МАН-аас Засаг дарга томилогдсон бөгөөд тэднээс 8 нь дахин буюу улиран сонгогджээ.

Архангай - Б.Цэрэннадмид /МАН/

Б.Цэрэннадмид нь тус аймгийн 12 дахь Засаг дарга. Тэрбээр өнгөрөгч оны хоёрдугаар сараас хойш тус аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж, өдгөө улиран сонгогдоод буй юм. Мөн тэрбээр 2016-2020 онд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байжээ. 1984 онд төрсөн, ам бүл тавуулаа амьдардаг.

Түүний хувьд 2001-2005 онд Соёлын дээд сургуулийг Музейн арга зүйч-Жуулчин зохион байгуулагч мэргэжлээр, 2011-2012 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежрээр, 2018-2019 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежрээр магистрын зэрэг хамгаалжээ.

Соёлын дээд сургуульд багш, аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалт эрхэлсэн дэд захирал, аймгийн Музейн захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан тэрбээр 2020 оноос аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, Монгол Ардын Намын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Баян-Өлгий - Е.Зангар /АН/

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс аймгийн Засаг даргад Есентайн Зангарын нэрийг дэвшүүлж, улмаар 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Түүний хувьд анх удаа Засаг даргаар ажиллаж буй нэгэн бөгөөд 2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв.

Түүний хувьд 1964 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Улсын багшийн дээд сургууль, Намын дээд сургуулийг төгссөн, багш мэргэжилтэй. 1991-1994 онд аймгийн Залуучууд-Спорт хорооны даргын орлогч, дарга, 1992 оноос "Самал" компанийн захирал, 2001-2007 онд аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн, 2007-2011 онд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2016 онд аймгийн Гаалийн газрын орлогч дарга, 2016-2020 онд аймгийн Ардчилсан намын даргаар, мөн 2016-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Баянхонгор – Д.Мөнхсайхан /МАН/

Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон тэрбээр 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд ийнхүү улираан томилж ажиллуулахаар боллоо. 1977 онд төрсөн тэрбээр 1994 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль, 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн аж. Мөн 2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2012-2018 онд “Их богд зам" ХХК-ийн захирал, 2018-2020 онд "Эрдэнэс монгол" ХХК-ийн санхүүгийн газрын захирлаар ажиллаж байжээ.

Булган - Д.Пүрэв-Очир /МАН/

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Булган аймагт Монгол Ардын Нам ялалт байгуулсан бөгөөд тус аймгийн МАН-ын дарга Д.Пүрэв-Очир нь Засаг даргаар ажиллахаар болов. Тэрбээр орон нутгийн сонгуульд Булган сумын 6-р баг 21 дүгээр тойрогт нэр дэвшиж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Тэрбээр өмнө ИНЕГ-т хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд анх удаа аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.

Говь-Алтай - Г.Чинбат /АН/

Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатар өнгөрөгч 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёрдугаар тойргоос гишүүнээр сонгогдох үед засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Чинбат томилогдож байв. Ийнхүү тэрбээр улиран ажиллахаар болжээ.

Түүний хувьд аймгийнхаа Бугат сумын ЕБС-иас ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд "Аксу Алтай" ХХК-ийн захирал, "Дэлгэрэх" хоршооны даргаас гадна 2013-2016 онд "Алтай Улиастай эрчим хүчний систем" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байжээ.

Говьсүмбэр - Т.Бат-Эрдэнэ / МАН/

Т.Бат-Эрдэнийн хувьд аймгийн Засаг даргаар анх удаа сонгогдон ажиллаж буй нэгэн бөгөөд өмнө Сүмбэр сумынхаа Засаг даргаар дөрвөн жил ажилласан нэгэн аж. Тэрбээр 1987 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн.

1994-2004 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р 10 жилийн дунд сургууль, 2004-2009 онд Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженерийн сургуулийг Инженер-Эдийн засагч мэргэжлээр эзэмшсэн. 2013 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын чиглэлээр мэргэшиж, 2021 онд тус сургуулийг Эдийн засгийн чиглэлээр магистр цолоо хамгаалсан аж.

Ажлын туршлагын тухайд, 2009-2013 онд аймгийн ИТХ-д Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн, 2013-2015 онд аймгийн Худалдан авах ажиллагааны албанд ахлах мэргэжилтэн, 2015-2020 онд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, 2020-2024 Сүмбэр сумын Засаг дарга, 2024 оноос Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Дархан-Уул – Б.Азжаргал /МАН/

Б.Азжаргал нь хоёр дахь удаагаа буюу улиран сонгогдож байна. Тодруулбал, аймгийн Засаг даргыг хэлэлцэх ИТХ-ын үеэр МАН-аас 2020-2024 онд засаг даргаар ажилласан Болдбаатарын Азжаргалыг нэр дэвшүүлж улираан сонгохоор нэр дэвшүүлсэн бол заалнаас 2020-2024 онд ИТХ-ын даргаар ажилласан Сундуйжавын Насанбатын нэрийг дэвшүүлсэн байдаг. Ийнхүү санал хураалтаар Б.Азжаргал дэмжигдсэн юм.

Дорноговь – О.Батжаргал /МАН/

О.Батжаргал нь Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, “Адептус консалтинг фирм” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Адептус консалтинг фирм” ХХК-ийн Зөвлөхөөр ажиллаж байсан.

Мөн тэрбээр 2009 онд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилогдон, 2013 он хүртэл ажиллаж байжээ. Улмаар 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллажээ. Ингэхдээ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдож байсан бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулахаар дэмжсэн байдаг.

Дорнод - Ш.Ёл /МАН/

Ш.Ёл нь 2016-2024 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэгэн. Улмаар өнгөрөгч сонгуулийн дараагаар аймгийн Засаг даргаар томилогдон ажиллахаар болов. Түүний хувьд 1999-2023 онд ШУТИС-ийг Маркетингийн менежер, Төрийн захиргааны менежер,Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мөн 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан нэгэн.

Дундговь - С.Мөнхчулуун /МАН/

С.Мөнхчулуун нь анх удаа орон нутгийн түвшинд Засаг даргаар ажиллаж байна. Түүний хувьд 2012 - 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд НИТХ-д төлөөлөгчөөр сууж багагүй туршлага хуримтлуулсан нэгэн. Мөн нэг жилийн хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Түүний хувьд 2024.09.01-ний өдрөөс Дундговь аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд сонгуулийн үр дүнгээр тус аймгийн Засаг даргаар ийнхүү томилогдоод буй юм.

Завхан - Г.Өнөрбаяр /МАН/

Г.Өнөрбаярын хувьд аймгийн Засаг даргаар улиран сонгогдсон нэгэн. Тодруулбал, Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс Г.Өнөрбаяр, АН-ын бүлгээс Б.Төрмөнх нарыг нэр дэвшүүлсэн ч санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 57.1 хувь нь Г.Өнөрбаярыг дэмжсэн байдаг. ГТүүний хувьд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар долоон жил, Завхан аймгийн Засаг даргаар хоёр дахь жилдээ ажиллаж буй юм.

Орхон - Б.Зоригтбаяр /МАН/

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар томилогдсон Б.Зоригтбаяр нь 1983 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эдийн засагч–Хүн ам зүйч мэргэжилтэй. Түүний хувьд Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар 2016 оноос хойш ажилласан нэгэн аж.

Улмаар өнгөрөгч оны аравдугаар сарын 21-нд хуралдсан аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 51.3 хувийн саналаар аймгийн Засаг даргад Б.Зоригтбаярын нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилсан юм.

Өвөрхангай - О.Пүрэвдорж /МАН/

Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдоод буй О.Пүрэвдорж нь Авто-Инженер, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй бөгөөд 2020-2024 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан нэгэн аж. Тэрбээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь буюу 82 хувийн дэмжлэг авсан байдаг.

Өмнөговь – Н.Энхбат /АН/

Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, дараа нь Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан нэгэн аж.

Түүний хувьд 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллажээ. Мөн 2023 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажилласан нэгэн аж. Улмаар тэрбээр өнгөрөгч сонгуулийн дараагаар аймгийн Засаг даргын албан тушаалыг хашиж эхэллээ.

Сүхбаатар - М.Идэрбат /АН/

2020 оноос Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа түүнийг энэ удаад дахин улираан томилсон. Тэрбээр 2002-2005 онд Сүхбаатар аймаг дахь ШУТИС-д багш, 2005-2008 онд Угсаатны зүйн музейн захирал, 2008-2012 онд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчаар ажиллаж байжээ. Мөн 2017 оноос Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна.

Сэлэнгэ – Н.Лхагвадорж /МАН/

Сэлэнгэ аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэх ИТХ-ын анхдугаар хуралдаан ихээхэн сонирхол татсан. Учир нь Засаг даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс А.Дашбатыг дэвшүүлсэн байдаг. Гэтэл тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Лхагвадорж заалнаас өөрийн нэрээ дэвшүүлж, намын бодлогоо сөрсөн нэр зүүгээд амжиж байв. Харин санал хураалтаар 41 төлөөлөгчийн 21 нь Н.Лхагвадоржид саналаа өгснөөр Н.Лхагвадорж Засаг даргаар сонгогдсон юм. Түүнийн хувьд 2021-2024 оны хугацаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн намын хорооны дарга зэрэг ажлыг хийж байсан юм.

Төв – Л.Төмөрчөдөр /АН/

Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанараа тус аймгийн Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөрийг Засаг даргаар дэмжсэн юм. Түүний хувьд орон нутгийн сонгуулиар Сэргэлэн сумаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч юм.

Увс – С.Батжаргал /МАН/

С.Батжаргал нь 1982 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, Нягтлан бодогч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, Төрийн захиргааны болон улс төрийн албанд 22 жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Тэрбээр 2016-2020 онд аймгийн ЗДТГ-ын даргаар ажилласан. Мөн тэрбээр 2020 оноос Аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.

Ховд – М.Амарсанаа /АН/

М.Амарсанаа нь Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажилладаг бөгөөд 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан аж. Тэрбээр 22 дугаар тойргоос аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч юм. Улмаар түүнийг АН-аас нь нэр дэвшүүлж, төлөөлөгчийн олонхын саналд үндэслэн аймгийн Засаг даргаар сонгосон байдаг.

Хөвсгөл – Л.Төмөрбаатар /МАН/

Л.Төмөрбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 8 дахь удаагаа сонгогдож буй нэгэн аж. Тэрбээр өмнө тус аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.Тэрбээр 2022 оноос Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.

Хэнтий – Д.Аюурбунь /АН/

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаар Аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Д.Аюурбунь, МАН-ын бүлгээс Төлөөлөгч Б. Энх-Эрдэнэ нар нэр дэвшиж, улмаар 17:18 харьцаатай олонхийн саналаар Д.Аюурбунийг сонгосон байдаг.

Д.Аюурбунь нь 2023 онд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож байжээ. Түүний хувьд 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд Жи Мобайл ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд Магнай Трейд ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл Хаан Ойл Групп ХХК-ын үүсгэн байгуулагч, захиралаар ажиллаж байна.

Бурханы хүү Б.Баярбаатарын хорих захирамжийг түдгэлзүүлж суллалаа
Бурханы хүү Б.Баярбаатарын хорих захирамжийг түдгэлзүүлж суллалаа
 
Хуульч Д.Батболд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг хуулиас хассанаас болж, хэрэгтний талд үйлчилдэг, хүнд суртал гаргадаг зэрэг хардлага үүсэх болсон
Хуульч Д.Батболд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг хуулиас хассанаас болж, хэрэгтний талд үйлчилдэг, хүнд суртал гаргадаг зэрэг хардлага үүсэх болсон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!