Өнгөрсөн жил малчид хотоо харлуулж, Монголд “эдийн засгийн зуд” нүүрлэв. Малын хорогдлоос үүдсэн махны үнийн өсөлт, зуд дагасан “их нүүдэл” Улаанбаатарт ачаа нэмээд зогсохгүй ажилгүйдэл ядуурлын эрсдлийг ч дагуулсан. Нийт 7.5 сая толгой мал хорогдож нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төшрөгийн хохирол учирсан гэх тооцоо бий.
НИЙТ НУТГИЙН 40 ХУВЬ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА. АЙМГУУД БЭЛЭН БАЙДЛАА ХАНГАСАН УУ?
Энэ жилийн тухайд эдийн засгийн өсөлт 6 хувьтай байхаар төсөөлж буй. Хэрэв хөдөө аж ахуйн салбар энэ өвөл, хавар зудын гамшигт дахин өртөхгүй бол эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхийг Дэлхийн банк тайландаа дурдсан. Хэрэв Монгол Улсад зуд, үер, нүүрсний экспортын эрсдэл зэрэг нүүрлэвэл эдийн засагт том хүндрэл үүсэхийг сануулсныг анхаарлын гадна орхиж болохгүй сэдэв.
Удахгүй ес эхэлж, хүйтний эрч оргилдоо хүрнэ. Зудын эрсдэл одоо ч хэвээрээ. Цаг агаарын байгууллагаас зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа юм.
Тодруулбал, нийт нутгийн 60 хувь цастай, 40 хувь нь зудын эрсдэлтэй байна. Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байгаа юм. Харин малчид болон аймгуудын Засаг дарга нарын төлөөлөл дуу нэгтэйгээр “өнтэй сайхан өвөлжиж байна” гэх тайлбар өгч байлаа.
УВС АЙМГИЙН 8 СУМ ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВ РҮҮ ШИЛЖИЖ, -35 ХҮРТЭЛ ХЭМ ТОГТМОЛ ХҮЙТЭРЧ БАЙГАА НЬ ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА
Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал: УОК-ын өгсөн үүргийн дагуу өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Увс аймаг жилийн жилд хүйтний улирал урт болдог, цас их ордог бүс нутаг.
Энэ жилийн тухайд 7-8 суманд өвөлжилт хүндрэх төлөв рүү шилжиж байна.
Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Баруун талаар оршдог Бөхмөрөн, Ховд, Өлгий, Өмнөговь, Завхан суманд урьд жилүүдийнхээс харьцангуй их хэмжээний цастай, -30-35 хэм хүртэл тогтмол хүйтэн байгаа нь малчид болон бэлчээрийн мал аж ахуйд хүндрэл учруулж байна. Бусад сум харьцангуй хэвийн байна.
МАЛЧИД БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ, ӨНТЭЙ САЙХАН ӨВӨЛЖИЖ БАЙНА
Дундговь аймгийн Засаг дарга С.МӨНХЧУЛУУН: Миний хувьд аймгийн Засаг даргаар сонгогдсноос хойш аймгийн төсвийг батлуулж үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.
Манай аймагт энэ жил өнтэй өвөл болж байна. Малчдын хувьд өнгөрсөн жил цаг хүнд байсантай холбоотой илүү сайн бэлтгэл хангасан.
Өвс, хадлан тэжээл хашаа хорооны бэлтгэлээ сайтар хангасан. “Шинэ хоршоо хөтөлбөр”-ийн хүрээнд манай аймаг 400 орчим хоршоод 40 орчим тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ хүрээнд өвлийн бэлтгэлээ хангах, малчид малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр нэлээн ажилласан байна гэж байлаа.
МАЛЧИД ХАХИР ХАВРААС БОЛГООМЖИЛЖ БАЙНА
Малчдын зүгээс мөн адил өнтэй сайхан өвөлжиж байгааг ярьж байлаа. Тэд “Энэ жил цас багатай, дулаахан өвөл болж байна. Өвс тэжээлийн нөөцөө бэлтгэсэн” гэлцэв. Харин зарим газар зутруухан өвөл болж байгааг ганц, хоёр малчин хэлсэн. Гэсэн ч хахир хавар хүлээж байх вий гэдгээс зарим хашир малчид болгоомжилж сууна. Тэдний төлөөлөл,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Тахилт багийн малчин Ж.Булганзаяа: Манайх 1000 гаруй толгой малтай. Өнгөрсөн жилийн зуданд малынхаа тэн хагасыг алдаж, нэмж мал худалдаж авсан. Адуугаа их алдсан болохоор энэ жил цөөхөн байгаа. Энэ жил өнтэй сайхан өвөлжиж байна. Малын хорогдол алга. Гэхдээ өвс тэжээлийнхээ нөөцийг сайн бэлдсэн. Хэдийгээр цас багатай, дулаан өвөл болж байгаа ч хавар нь хүнд болох вий гэсэн айдастай байна. Хаврын хавсарга, шороон шуурга өвлөөс ч хэцүү гэлээ.
Булган аймгийн малчин Т.Мөнгөнтуул: Манай нутгаар өвөлжилт өнтэй сайхан болж байна. Цас багатай, дулаахан болохоор малын хорогдол алга. Өвс тэжээлээ нөөцөлсөн, хангалттай бий. Энэ жил өвөлжилт хүндэрч магадгүй гэж эртнээс бэлдэж бэлтгэлээ хангасан. Харин хаваржилт хүндэрч магадгүй байх гэж зарим малчид ярих болсон. Гэхдээ хахир хавар болохгүй байгаасай л гэж бодохоос өөр болгоомжлох зүйл байхгүй дээ гэв.
Эрх баригчид, малчид анх удаа зуд нүүрлэсэн юм шиг аашилж өч төчнөөн хандив, зээл, тусламж хаврын турш ар араасаа хөвөрсөн дүр зураг саяхан. Хэрэв өнөө жил дахин зудын гамшиг нүүрлэвэл зээл тусламжийн асуудал яригдахгүй гэх баталгаагүй. Энэ асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
МОНГОЛБАНК "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ", "ШИНЭ ХОРШОО" ЗЭРЭГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ЧИГЛЭСЭН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ЧИГЛЭСЭН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА УЧРААС ГАЗАР ТАРИАЛАН, МАЛЧДАД НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЧИЖ БАЙГАА
- Зудын улмаас хөдөө аж ахуйн салбар агшиж, малчдын зээл төлөлтийг хойшлууж, хүүгүй зээл олгох зэргээр төрөөс дэмжлэг үзүүллээ. Өнгөрсөн хавраас хойш хэрэгжүүлсэн энэ шийдвэрүүд үр дүнгээ өгсөн үү. Төрийн энэ гэнэтийн шийдвэр Монголбанканд дарамт болж байна гэж харж байна. Энэ асуудалд таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-2024 оны эхэнд нэлээн ширүүн зуд турхантай байлаа. Нийт малын 10 гаруй хувь буюу 8 сая толгой мал хорогдсон. Энэ нь хөдөө аж ахуйн салбарыг нэлээн доош нь татаж байгаа ч нөгөөталд, газар тариалан болон боловсруулах салбарын хэсэгт өндөр өсөлт байгаа учраас 2024 оны хөдөө аж ахуйн салбарын өсөлт 8 хувьтай гарч байна. Манай улсын ерөнхий эдийн засгийн өсөлт 5 хувьтай байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар дундаж өсөлтөөсөө бусад салбараасаа илүү байгаа. Монголбанкны зүгээс “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” хөдөлгөөн газар тариалан, мал аж ахуй зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүд, дээр нь хүүний хөнгөлттэй буюу зах зээлийн дундаж хүүнээс бодлогын хүүг хассан хөнгөлөлттэй зээл олгож байгаа учраас эцсийн хэрэглэгч буюу аж ахуйн нэгж, малчинд нэн хөнгөлөлттэй зээл очиж байна.
Дээр нь, тухайн аж ахуйн нэгжийг өргөжиж томрох илүү цааш явах боломжийг гаргаж байна гэж харж байгаа.
- Гэхдээ төрөөс гаргаж буй энэхүү гэнэтийн шийдвэрүүд арилжааны банкуудад дарамт үүсгэж байгааг банк санхүүгийн салбарынхан нуудаггүй?
- Өнгөрсөн онд манай банкны сектор өөрийн хөрөнгө чадавхиа нэмэгдүүлсэн. Учир нь системийн томоохон нөлөө бүхий банкууд хувьцаагаа арилжаалж, өөрийн хөрөнгөө 7 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ хэмжээгээр чадавхи өндөр болсон. Банк бол өөрөө үндсэн бизнесийн санхүүгийн зуучлагч. Хэрэгцээтэй иргэн аж ахуй нэгжид зээл гаргаж, үүгээрээ бизнес хийдэг. Нэгэнт хэрэгцээ шаардлага өндөр байна. Зах зээлийн хүү эдийн засгийн орчноос шалтгаалж өндөр байгаа. Хүүний дарамт аж ахуйн нэгж дээр байгаа энэ үед хөтөлбөрийн зээл олгоход илүү нэмэртэй болно гэж харж байгаа. Арилжааны банкууд 10 их наяд төгрөгийн илүүдэл нөөцтэй, дээр хэлсэнчлэн төлбөрийн чадвар өндөр байгаа. Мөн банк бол зорилтот бүлэгт зээл олгохдоо хэн нэгэн аваарай гэж өгөхгүй шүү дээ. Харилцагчийн чадавхи сайжрах нь зээлийн эрсдэл буурч байна уу гэж харж байгаа гэж байлаа.
Ийм болов ч 30 жилийн дараа нүүрлэсэн зудын гамшиг малчдад бэлэн байдлаа хангахыг сануулсан хатуу сургамж болсон төдийгүй эдийн засагт ямар хортой вэ? гэдгийг статистик тоон үзүүлэлтүүд хангалттай баталсан.
Статистик мэдээллээр, хөдөө аж ахуйн салбар 31.4 хувиар агшсан нь эдийн засгийн өсөлтөөс доош чангааж 5.6 хувьтай гарахад нөлөөлсөн нь үүний нэг нотолгоо.
Хэрэв өвөлжилт, хаваржилт хүндрээгүй бол эдийн засаг 7 хүртэл хувиар өсөх байсан гэх тооцоолол ч бий.Өөрөөр хэлбэл, зудын гамшиг эдийн засгийн өсөлтийг сааруулжээ. Муугаар бодоход нүүрсний үнэ унасан бол монголчууд “модоо барих”-даа тулах байсныг ч үгүйсгэхгүй биз.
БАЙГАЛИЙН ГАМШГААС ИЛҮҮ МЕНЕЖМЕНТИЙН ГАМШИГ БОЛСОН. МАЛЧИД ТООНД БИШ ЧАНАРТ АНХААРАХ ЁСТОЙ
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жилийн зуднаар сөхөгдсөн нэг асуудал бол малын тооноос илүү чанарын тухай юм. Үүнийг эдийн засагч Б.Дөлгөөн менежментийн зуд болсон гэж тодорхойлсон билээ.
Тэрбээр “Би хувьдаа зудыг хоёр төрлөөр харж байгаа. Мэдээж байгалийн гамшгийг техник технологи хөгжсөн ч бүрэн урьдчилж харах боломжгүй. Эдийн засагчийн хувьд харахад энэ бол байгалийн гамшгаас илүү менежментийн гамшиг гэж хэлж болно. Монгол Улсад бэлчээрийн даац дээд тал нь 40 сая мал даах чадвартай гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Гэтэл малын тоо нь 70 сая хүрч байна. Энэ нь байх ёстой бэлчээрт 70 сая мал байх нь байгалийн гамшиг тохиолдоогүй ч эргээд хорогдлын тоог жил ирэх тусам энэ нөхцөл байдал нэмж байгаа.
Эдийн засагчийн хувьд авч үзэхэд бэлчээрийн даац 40 сая хүртэл мал байх ёстой бол ийм л байх ёстой. Малчид малын тоонд биш чанарт анхаарах ёстой.
Нэг үгээр, 40 сая малаас авах махны хэмжээ 70 сая малаас авах махны хэмжээ тэнцэж байвал 70 сая мал байлгах ямар ч шаардлагагүй гэсэн юм.
Малын чанарын асуудлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны өгсөн мэдээллээр, малаас хүртэх ашиг шим багасч, жин буурсан нь нэлээн анхаарал татав.
МАЛЫН ҮЙЛДВЭР УГСАА АЛДАГДСАН УЧРААС ЖИН БУУРЧ АШИГ ШИМ БАГАССАН
ХХААХҮЯ-ны Бодлогын хэлтсийн дарга Ц.БОЛОРЧУЛУУН: Малын чанарын асуудал яригдаж байна. Жишээ татвал, бог 6-8 кг, бод 30-40 килограммаар жингийн бууралтад орж давжаарсан. Тэгэхээр бид малын сайн үйлдвэрийг бий болгож малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд тооны араас биш чанараас шилжих ёстой. Ингэж чадвал олон малаас биш цөөн малаас өндөр ашиг шим хүртэх боломжтой. Малын үйлдвэр угсааг сайжруулах нь хамгийн чухал. Малын үйлдвэр угсаа, ерөнхий бодлого алдагдсан учраас малаас гарах ашиг шим багасч жин буурах асуудал гарч ирж байгаа юм. Иймд бид үйлдвэр угсаанаас эхлэн шинжлэх ухааны үндэслэлтэй бүх зүйлийг хийх ёстой. Малчид өөрсдөө үржил хийдэг нь байж болохгүй асуудал. Тиймээс Засгийн газраас олгож буй улсын аварга малчин цолны оронд сүүлийн үед шилдэг фермерүүдийг шалгаруулж байна. 200 үхэртэй фермер 1500 малтай мянгат малчнаас илүү орлого олж байгаа учраас энэ чиглэлд түлхүү анхаарч байна. Хээлтэгч, хээлтүүлэгч малын тоо толгойг нэмэгдүүлж байна Ер нь хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбараас орлого олох, бүтээгдэхүүн үйлдвэрийг нэмэгдүүлэх, дээр нь хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой үйл ажиллагаа явуулахад цогцоор нь дэмжих зайлшгүй шаардлага байна.