ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн санаачлан өргөн барихаар бэлтгэж буй "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай" хуулийн төсөл олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Хэдийгээр хөрөнгө хураахтай холбоотой эл хуулийн төсөл улс төрд багагүй "гал" авч буй боловч Ерөнхий сайдын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн талаар О.Алтангэрэл сайд "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ хэлсэн байдаг.
Тэрбээр "Ерөнхий сайд “Бидэнд хоёр сонголт байна. Нэг бол авлигачидтайгаа нүүр тулна. Нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авлигачидтайгаа нүүр тулахыг сонгож байна. Хуулийн төслөө улам сайн болгоод, оруулаад ирээрэй” гэсэн. Одоогоос сар гаруйн өмнө. Тэгэхээр танхим дээр би санаа зовохгүй байна. Бид хэлэлцээд, өргөн барьчих байх" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын "дэмжлэг"-тэй байгаа эл хуулийн төслийг өргөн барих нь тодорхой. Харин УИХ дээр хэлэлцүүлэг хэрхэн өрнөхийг хэлэхэд бэрх.
Хөрөнгө хураах тухай энэхүү хууль батлагдвал хөрөнгө орлогыг нь хууль ёсны эсэхийг шалгах ажлын эхний эрэмбэд 2002 оноос эхлэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан бүх хүн багтана хэмээн О.Алтангэрэл сайд мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, тухайн хууль УИХ-аар "саадгүй" батлагдлаа гэж бодоход 2002 оноос хойш алба хашсан дараах ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ-үүд шалгагдах "болзол"-оо хангана гэсэн үг юм.
-2002 оноос хойш ажилласан таван Ерөнхийлөгчөөс хилийн цаана нэг нь, хил дотроо нэг нь "олдохгүй" байна-
2002 оноос хойш гэж тооцвол, Н.Багабанди тэргүүтэй таван Ерөнхийлөгч шалгуулж, хөрөнгөө нотлох шаардлага үүснэ. Тодруулбал, 2001-2005 онд Н.Багабанди, 2005-2009 онд Н.Энхбаяр, 2009-2017 онд Ц.Элбэгдорж, 2017-2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажилласан бол 2021 оноос одоог хүртэл У.Хүрэлсүх нар Ерөнхийлөгчийн ажиллаж буй билээ.
Үе үеийн Ерөнхийлөгч нар дундаас Ц.Элбэгдорж монголд байхгүй бөгөөд түүнийг өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилж буй юм. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувийн хувьцааг оросуудаас худалдан авсан асуудалд оролцсон эсэх, мөн “Эй Эс Юу” ХХК-ийн 10 хувийн хувьцааг авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй зэрэг асуудлаар АТГ шалгаж байгаа юм. Харин тэрбээр шалгагдаж байх хугацаандаа хил давсан тул интерполоор ийнхүү эрэн сурвалжилж байгаа аж.
Харин Х.Баттулгын хувьд үе үеийн Ерөнхийлөгчид дундаас анх удаа парламентын гишүүнээр сонгогдож, ажиллах болсон. УИХ-ын чуулганы хуралдааны ирцээрээ "сүүл мушгих болсон" тэрбээр өөрийнх нь намаас хамтарсан ЗГ-т орсон сайддаа "байцаагдахад" тун ойрхон байна. Точвхондоо, үе үеийн Ерөнхийлөгч нар дундаас нэг нь хил гараад олдохгүй, нэг нь хил дотроо ч "олдохгүй" байна.
Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл хуулийн төсөл дээр өнөөдрийг хүртэл дорвитой коммент өгсөнгүй.
-Н.Энхбаяр тэргүүтэй 11 Ерөнхий сайдаас хоёр нь гадаад руу гарсан-
2002 оноос хойш түүхэндээ 11 Ерөнхий сайд Засгийн газрыг удирджээ. Үүнд, Н.Энхбаяр /2000-2004/, Ц.Элбэгдорж /2004-2006/ , М.Энхболд /2006-2007/ , С.Баяр /2007-2009/ , Сү.Батболд /2009-2012/, Н.Алтанхуяг /2012-2014/ , Д.Тэрбишдагва /2014/ , Ч.Сайханбилэг /2014-2016/ , Ж.Эрдэнэбат /2016-2017/, У.Хүрэлсүх /2017-2021/ , Л.Оюун-Эрдэнэ /2021 – одоог хүртэл/ гэх улстөрчид багтаж байна. Эдгээрийн 8 нь МАН-ынх.
Одоогоор үе үеийн Ерөнхий сайд нар дундаас Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар шалгагдаж байх үедээ хил давсан тул интерполоор эрэн сурвалжлагдаж буй юм. Харин Л.Оюун-Эрдэнэ одоогийн Ерөнхий сайдаар улиран ажиллаж, Н.Алтанхуяг парламентад дахин сонгогдон ажиллаж байна.
-Ц.Нямдорж, З.Энхболд зэрэг 9 УИХ-ын дарга-
2002 оноос хойш 23 жилийн хугацаанд парламентыг 9 хүн удирджээ. Үүнд, С.Төмөр-Очир /2001-2004/ , Н.Энхбаяр /2004-2005/ , Ц.Нямдорж /2005-2007/ , Д.Лүндээжанцан /2007-2008/ , Д.Дэмбэрэл /2008-2012/ , З.Энхболд /2012-2016/ , М.Энхболд /2016-2019/, Г.Занданшатар /2019-2024/ , Д.Амарбаясгалан /2024 – одоог хүртэл/ багтаж байна. Эдгээр улстөрчдөөс өмнөх парламентын "ангийн дарга" байсан Г.Занданшатар одоогоор ЕТГ-ын даргаар ажиллаж байна.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр "авторлогдож" буй ХӨРӨНГӨ ХУРААХ хуулийг УИХ баталвал эхний ээлжинд дээрх 25 хүн шалгуулна
Сэтгэгдэл (21)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!