Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн хагас шигшээ шатны хожигдох эрхгүй тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Дээд лигийн хошой аврага "Хөвсгөл эрчим", өнгөрсөн жилийн дэд аварга SG Hawks багууд харамсалтай хожигдол хүлээж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон нь энэ өдрийн онцлох үйл явдал байв.
ХАГАС ШИГШЭЭД ХОЖИГДОХ НЬ БАЙТУГАЙ 5 ПАРТ Ч ГАРГАЖ ҮЗЭЭГҮЙ ХӨВСГӨЛ ЭРЧИМ КЛУБИЙНХЭН АНХНЫ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЛЭЭ. ИРЭХ ЖИЛ ХҮЧТЭЙГЭЭР ЭРГЭН ИРЭЭРЭЙ
Өнгөрсөн хоёр жил дараалан аварга авч, энэ жил амжилтаа бататгахаар хагас шигшээд шалгарсан Хөвсгөл Эрчим клуб Ховд Ижил Алтай Торгууд клубтэй лигийн аваргын төлөө өрсөлдөх эрхийн төлөөх ширүүхэн цувралыг эхлүүлсэн. Лигийн шилдэг багуудын эхний тулаанд Ховд Ижил Алтай Торгууд клуб 5 ээлж гарган 3-2-оор аваргуудыг буулгаж авсан. Харин хоёр дахь тоглолтод Хөвсгөл Эрчим клубийнхэн Ховд Ижил Алтай Торгууд багийнханд тоглоом дуусах болоогүйг сануулж, 3-1 харьцаатай хожил авч, цувралыг тэнцүүлсэн юм. Ингээд лигийн аваргын төлөө өрсөлдөх эрхийг хэн нь авахыг шийдэх хамгийн чухал тоглолт өнгөрсөн бямба гарагт STEPPE ARENA-д болсон. Ховдчууд эхний үеээс тэргүүллийг авч, 3-0-ээр хошой аваргуудыг буулгаж авсан нь олон хүний таамгыг эвдэж чадлаа.
Учир нь “Хөвсгөл Эрчим” клубийнхэн лигийн хагас шигшээд хожигдох нь байтугай 5 парт ч гаргаж байсан түүх байхгүй. Харин энэ удаад тэд Ховдчуудад хожигдож, хүрэл медалийн төлөө Хэнтий Уурхайчин багтай өрсөлдөхөөр болов. Босоо аваргууд энэ жил аваргаа батлах боломжоо алдсан ч ирэх жил тэд илүү хүчтэйгээр эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.
ТӨВ МИГ КЛУБИЙНХНИЙ ТӨГС ХОЖИЛ
Дараагийн онцлох тоглолт бол энэ жил анх удаагаа дээд лигт өрсөлдөж буй М.Цэрэнбаатар ахлагчтай Төв миг клуб, өнгөрсөн жилийн дэд аварга Б.Батсуурь ахлагчтай SG Hawks багуудын хоорондох гал гарсан өрсөлдөөн байлаа. 5-р үед 8:2-оор SG Hawks багийн тэргүүлэлээр байр сольж, SG Hawks багийн фенүүд баяраа тэмдэглэж эхлэх мөчид Төв миг клубийнхэн тооны харьцааг эргүүлж, лигийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн үзүүштэй тоглолт болж чадлаа. Б.Батсуурийг энэ жил аварга авахыг харахыг хүссэн хүн олон байсан ч тэд сүүлийн мөчид тэргүүллээ алдаж, хүрэл медалийн төлөө өнгөрсөн жил лигийн аваргын төлөө өрсөлдөж хожигдсон NATUR BUCKS клубтэй өрсөлдөхөөр болов. Тэд аварга авч чадахгүй ч өнгөрсөн жилийн хариугаа авч чадах болов уу гэх хүлээлт их байна.
ТОГЛОЛТЫН 5-Р ҮЕД УЛААНБААТАР ФИНИКС” “7:2-С БАРЬЖ, ЛИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ АВЛАА
Сүүлийн тоглолт бол Улаанбаатар Финикс баг Хэнтий Уурхайчин багынхны алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөөх өрсөлдөөн. Цувралыг 1-1-ийн харьцаатайгаар тэнцүүлсэн багууд өнгөрсөн бямба гарагт хэн нь аваргын төлөө өрсөлдөхөө үзэх ширүүхэн "тулаан"-ыг хийв. 5-р үед Улаанбаатар Финикс” “7:2-с барьж, тооны харьцааг эргүүлэн аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан нь энэ өдрийн онцлох агшин байлаа. Тэд одоо аваргын төлөө Ховд Ижил Алтай Торгууд клубынхэнтэй өрсөлдөнө.
Волейболын Дээд Лигийн аваргын төлөөх цуврал тоглолтууд 1-р сарын 22, 25, 27, 29, 31 өдрүүдэд болж, 3 тоглолтод хожил байгуулсан баг аваргын цомын эзэн болно. Баг тамирчиддаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!