VISUAL TOIM: Авлигатай тэмцэх газар 2024 онд...

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 43 секунд

Авлигагүй эрүүл нийгмийг цогцлоох нь бидний эрхэм зорилгын нэг мөнөөсөө мөн. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх чиглэлд төр асуудал нэг бүрийг "гээж орхигдуулалгүйгээр" бүхий л шатандаа анхаарал хандуулах болсон. Харин үүнд нь чиг үүргийн хүрээнд "зам гаргаж" ажиллах ёстой байгууллага бол АТГ. Хараат бус, бие даасан хэмээх тодотголтой эл байгууллага өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрсдийн чиг үүрэгт хамаатах ажил үүрэгтээ хэр ахиц гарган ажиллав гэдэгт дараах статитстик мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийцгээе.

-“Цахим эрүүл мэнд“ төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулсан БНСУ-ын компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг улсад эргүүлэн төлүүлэв-

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн тул Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, улмаар Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг.

АТГ-ын мөрдөгчид Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын "Taihan Cable & Solution" компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад шалгарч, улмаар гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулан улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон юм. Ингэхдээ тус компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоожээ.

-13.9 сая ам.долларын хөрөнгийг Монголд буцаан авч ирэв -

Авлигын гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус хөрөнгийг буцаах ажиллагаа эрчимжих болсон нь улсын орлого болсон хөрөнгийн хэмжээнээс илт харагдаж буй юм. Тухайлбал, АТГ 2020 оноос хойш энэ чиглэлд нийт 13.9 сая ам.долларын хөрөнгийг Монгол Улсад буцаан авчирч, улсын орлого болгоод байна.

-ХАСХОМ: Хууль зөрчсөн 49 албан тушаалтанд хариуцлага тооцуулав-

Хуульд заасан төрийн албан хаагч нь жил бүр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх үүрэг хүлээдэг ба их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд түүнийгээ 30 хоногт мэдүүлсэн байхыг шаарддаг билээ. Тэгвэл 2024 онд нийт 281 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс хууль зөрчсөн нь тогтоогдсон 49 албан тушаалтанд хариуцлага тооцсоныг дурдах нь зүй.

Түүнчлэн:

Дээр дурдсанчлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй 38 албан тушаалтныг нарийвчлан шалгаж, 8 этгээдийг яллагдагчаар татаж, хэрэг бүртгэлтийн 22 хэрэг нээн шалгаж байна.

-216 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ-

Мөрдөн байцаалтын ажиллагаанаас авхуулаад шүүхэд шилжих улмаар түүнийг шуурхай шийдвэрлүүлэх үйл явц олон нийтийн анхаарлыг татдаг. Тэгвэл дээрх графикт дурдсанчлан АТГ 2024 онд 1863 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Түүнээс 387 хэрэг шүүхэд шилжүүлж, 216 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.

-Гомдол мэдээлэл хянан шийдвэрлэлт 99.5 ХУВЬТАЙ БАЙНА-

АТГ-ын гомдол мэдээлэл хянан шийдвэрлэсэн байдалд дараах байдлаар ахиц гарчээ. Тодруулбал, АТГ 2022 онд 662 албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байсан бол 2023 онд нийт 957 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэсэн байдаг. Харин өнгөрөгч 2024 онд гэмт хэргийн шинжтэй 1903, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 817 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн аж.

Үүнээс 1513 гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба шийдвэрлэлт 99.5 хувьтай байгаа нь өмнөх оноос 2.8 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.

-Авлигын улмаас учирсан хохирлын 57.7 хувийг нөхөн төлүүлжээ-

Авлигын улмаас 2024 онд 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс эл газрын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 240.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна бөгөөд 23.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан аж. Энэ нь учирсан хохирлын 57.7 хувийг нөхөн төлүүлсэн гэсэн үг юм.

Товчхондоо, хохирол нөхөн төлүүлэлт өмнөхөөс 29.5 хувиар, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 38.0 хувиар өссөн гэх мэдээллийг АТГ өгч байна.

-8 тэрбумаас 50 ТЭРБУМ-

Хахууль нь авлигын хамгийн хүнд хэлбэрт хамаатдаг. Тэгвэл АТГ 2023 онд хахуулийн 8 тэрбум төгрөгтэй дүйцэх хэмжээний бэлэн мөнгө, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хураан авч байв. Харин энэ үзүүлэлт 2024 онд ахиж, хахуулийн 50.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө хураан авсан байна.

Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!