Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр“-ийн өнгөрсөн оны санхүүгийн тайлангаас 230 тэрбум 946 сая төгрөгийн ЗӨРЧИЛ илэрчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 25 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өнгөрсөн оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлантай танилцлаа. Аудитаар нийт 230 тэрбум 946 сая төгрөгийн 18 алдаа, зөрчил илэрчээ.

"619.6 сая төгрөгийн орлого бүрдүүлэх боломж алдсан"

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь ажилтнуудад болон ахмадуудад түрээслүүлдэг орон сууцны цахилгаан, цэвэр бохир халуун ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, дулаан зэрэг ашиглалтын зардлуудыг түрээслэгч ажилтнуудын цалингаас тогтмол дүнгээр суутган авч холбогдох байгууллагуудтай тэдний өмнөөс тооцоо хийдэг байна. Нягтлан бодох бүртгэлд үйл ажиллагаатай холбоогүй, шаардлагагүй гүйлгээнүүдийн тоо ихэсч, бүртгэлд тавих хяналтыг сулруулсан дүгнэлт гарчээ.

"Эрдэнэт үйлдвэр" нь ажиллагсдад түрээслүүлдэг амьдрах зориулалттай орон сууцнуудын 1 метр квадрат талбайн үнэлгээ хэт бага буюу 683,000 төгрөг байна. Төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн жишиг үнэ 4,500,000 төгрөгөөр тооцоолж үзэхэд жилд ойролцоогоор 619.6 сая төгрөгийн орлого бүрдүүлэх боломж алдсан гэсэн үг юм.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа "Сэлэнгэ" аялал жуулчлалын цогцолборын зочид буудлын үйл ажиллагаанд тавих хяналт сул байснаас зарим зочдоос тарифын дагуу өрөөний болон бусад үйлчилгээний 39.9 сая төгрөгийн төлбөрийг авалгүй байгууллагыг хохироосон байна.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа цехүүд алдагдалтай ажиллаж байна

Нийгмийн цехүүд буюу үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлээс бусад үйл ажиллагаа эрхэлдэг 11 нэгжээс "Сэлэнгэ" аялал жуулчлалын бааз, түүний харьяа зочид буудал, оёдлын цех, ресторан, соёлын ордон, дээд сургууль зэрэг өөрийгөө санхүүжүүлэх боломжтой нийгмийн цехүүд алдагдалтай ажиллажээ. Нийгмийн цехүүдийн 2021 оны санхүүгийн тайлан дахь алдагдлын хэмжээ 19 сая 553 төгрөг болсон байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтнуудад шүүхийн шийдвэрийн дагуу 108.0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохдоо байгууллага төлж, буруутай албан тушаалтнаар төлүүлээгүй байна.

Албан бус хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийж 162 сая төгрөгөөр хохирчээ

Нийт 66 хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулж, үйлчилгээ авч, төлбөр төлснөөс 162.0 сая төгрөгийн төлбөр авсан 13 байгууллага нь өөрийн албан ёсны сайтгүй, ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхой бус, ажил гүйцэтгэснийг нотлох баримтгүй байна.

Үндэсний Хөрөнгө оруулалтын банканд байгаа мөнгөн хөрөнгийг татан авч чадаагүй 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 42 сая 358 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Гүйцэтгэлийн ажил нь дуусаагүй орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэт төлж , НЭГ ТЭРБУМ 417 сая төгрөгийн өглөг үүсгэжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь "Люксвүүд групп" ХХК-аас 19 ширхэг амины орон сууц худалдан авч байгаа. Эдгээр орон сууц нь дундаж хэрэглээнээс хэтэрхий том 180-280 метр квадрат хүртэлх талбайтай байна. Мөн 80.0 хувийн гүйцэтгэлтэй тооцоо нийлж, гэрээний дагуу төлбөрийг төлжээ. Эдгээр хөрөнгийг 100 хувь гэрээний үнээр хөрөнгөд бүртгэж, төлөгдөөгүй 20 хувиар өглөг үүсгэсэн байна. Өглөг үүсгэсэн мөнгөн дүн нэг тэрбум 417 сая төгрөг байна.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээг зөрчжээ. Тодруулбал, үйлдвэрийн ажилтан болон тэдгээрт хамааралгүй хүмүүст нийт 74.2 сая төгрөгийн сургалтын төлбөр олгосон байна.

"819 сая төгрөгийн 68 мэдээллийг нуун дарагдуулсан"

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Шилэн дансны цахим хуудсанд тайлант онд нийт 6 тэрбум 347 сая төгрөгийн 4562 мэдээллийг ил тод байршуулах ёстой байсан. Гэвч 819.2 сая төгрөгийн 68 мэдээллийг ил тод байршуулаагүй зөрчилтэй байна.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь ажиллагсдынхаа орон байрны асуудлыг шийдэх зорилгоор "Уурхайчин-1" хорооллыг барьсан. Уг барилгыг улсын комисс хүлээж авсан боловч дуусаагүй барилга дансанд бүртгэлтэй байна. Мөн тус байрны өртөгт шингэвэл зохих дэд бүтцийг барьж байгуулсан зардлуудыг байрны өртөгт шингээж бүртгээгүй байна. Эдгээр шингээгүй зардлын дүн 6 тэрбум гаруй төгрөг байна.

"Шимтгэлийн өглөг үүсгэж бүртгээгүйгээс 7 тэрбум 777 сая төгрөгийн хохирол учирсан"

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь баяжмал худалдан авагч компаниудын нэг болох "Таурус металс" компаниас авсан богино хугацаат зээлийн гэрээнд "Зохион байгуулалтын шимтгэл"-ийг 1.95 хувиар тооцож, зээл орж ирсэн эхний өдөр өгөхөөр заасан байна. Гэвч нягтлан бодох бүртгэлд шимтгэлийн өглөг үүсгэж бүртгээгүйгээс 7 тэрбум 777 сая төгргийн хохирол учирсан байна.

Мөн ажилтнуудад болон ахмадуудад түрээслүүлдэг орон сууцны цахилгаан, цэвэр бохир халуун ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, дулаан хог зэрэг зардлуудыг түрээслэгч ажилтнуудын цалингаас тогтмол дүнгээр суутган авч холбогдох байгууллагуудтай тэдний өмнөөс тооцоо хийдэг байна.

Энэ бүртгэлийг түрээслэгчийн нэрээр тооцооны данс үүсгэж бүртгэдэггүй, хяналт хангалтгүй байна гэсэн аудитын дүгнэлт гарчээ. Нийгмийн цехүүдийн нэг эмнэлэг сувиллын авлага борлуулалтыг цаг тухай бүрт бүртгэдэггүй. Мөнгөн хөрөнгийн бүртгэлийг хураангуйлдаг, авлагыг харилцагчдын нэрээр хөтөлдөггүй аж.

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд ХЭЛЭЛЦЭНЭ
Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд ХЭЛЭЛЦЭНЭ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.