Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж баталсан. Тэгвэл уг тодотголыг судлаачид, эдийн засагчид тодорхой үр дүнд хүрээгүй хэмээн үнэлж дүгнэсээр байна. Бид төсвийн тодотгол болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засаг, судлаач Г.Батзоригтой ярилцлаа.
-Төр хэмнэлтийн хүрээнд төсвийн тодотголыг хийлээ. Энэ удаагийн төсвийн тодотголыг хэр үр дүнтэй болсон гэж харж байна вэ?
-Төсвийн тодотголын хүрээнд 240 орчим тэрбум төгрөг танахаар төлөвлөсөн. 240 тэрбум төгрөг бол төсвийн зарлагатай харьцуулахад нэлээд бага мөнгө шүү дээ. Энэ үүднээс харахад төсвийн тодотголыг дорвитой хийгдсэнгүй гэж харж байна.
-Төсвийн тодотгол үр дүн багатай болсон шалтгаан юу байв?
-Мэдээж гишүүн бүр өөрийнхөө сонгогдсон тойрогт тодорхой хэмжээний төсөв батлуулсан байгаа. Хэмнэлтэд орсон гол зардлуудыг харахад хэн нэгэн гишүүний хариуцаагүй хэсгүүдэд гарч байна. Жишээлбэл, зарим яам, агентлагуудын дэд дарга нарыг багасгах гэдэг ч юм уу хэн нэгэн гишүүний хариуцсан асуудал биш. Хэний ч эрх ашиг хөндөгдөөгүй зардлуудыг хянах замаар төсвийн тодотголын үр дүнг бууруулчихлаа гэж харж байна. Дорвитой чиглэлтэй тодорхой хэмжээний эрэмбэ хийж хөрөнгө оруулалт тал дээр хэмнэсэн зардал алга байна. Жишээлбэл, ковидоос шалтгаалан ихэнх улсууд төсвөө асар их тэлсэн. Харин ковид намжихад эргээд хумисан. Ингэж хумихдаа урсгал зардал буюу халамжийн бодлогоо зорилтот бүлэг рүүгээ чиглүүлсэн. Гэтэл манай улс хүүхдийн 100 мянган төгрөг гэх мэт халамжийн бодлого хавтгайрсан хэвээр байна. Нийт хүн амын 80 орчим хувь нь ковидын үед ямар нэг байдлаар халамж авсан статистик байна. Зорилтот бүлэг рүү бодлогоо чиглүүлж төсвийн мөнгийг хэмнэх ёстой байтал ийм зүйл ажиглагдахгүй байна.
Мөн бусад улсууд төсвийн хөрөнгө оруулалтаа хэмнэж байгаа. Жишээлбэл, эмнэлэг, сургууль гэх мэт дэд бүтэц орно. Энэ дэд бүтэц дээр төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгаараа 176 орны 110 дугаар байранд бичигддэг. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтыг ямар нэг байдлаар хийсэн ч үр ашиггүй, хүртээмж багатай байдаг гэсэн үг.
Зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлж урсгал зардал, хөрөнгө оруулалтыг танах тал дээр дорвитой арга хэмжээ аваагүй гэдэг нь харагдаж байна.
-Хэмнэлтийн хүрээнд "Үнэ тогтворжуулах" хуулийн төслийг баталсан. Энэ хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ дараа нь бараа бүтээгдэхүүний үнийг улам нэмэгдүүлдэг. Хийсвэрээр үнийг барих нь урт хугацаандаа авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн үү?
-Үнэ тогтворжуулах талаар бидэнд туршлага байсан. 2013 онд махны үнэ тогтворжуулах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Эдгээр хөтөлбөрүүд урт хугацаандаа оновчгүй гэдэг нь тодорхой болчихсон байсан гэсэн үг. Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд гурил, мах, шатахууны үнийг барина гэж байна. Гэтэл махны хувьд нөөцийн мах зэрэг үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж байна. Шатахууны хувьд ч ялгаагүй төр үнэд оролцож байсан. Шинээр орж ирж байгаа нь гурил л байна. Эдгээр хөтөлбөрүүд богино хугацаанд үр дүнтэй байж болох ч урт хугацаандаа үүнийг хэрэгжүүлэх төсөв санхүү, боломж байхгүй. Гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан нөхцөл байдал хил дээр асуудал үүсгэж байгаа учир голлох нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн тааз тогтож байгаа. Оны дараагаас эдгээр нөхцөл байдал өөрчлөгдөх болов уу. Тэгэхээр богино хугацааны хөтөлбөр гэж харж байна.
-Төсвийн тодотгол үр дүнгүй боллоо. Нөлөөлж буй гадаад хүчин зүйлсийн нөхцөл байдал сайжирсангүй. Тэгэхээр одоо манай эдийн засагт ямар сорилт гарч ирнэ гэж харж байна?
-Манай улсын хувьд жижиг нээлттэй эдийн засагтай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх, экспорт нэмэгдэх үед эдийн засаг тэлдэг. Мөн уул уурхайн түүхий эд болох зэс, нүүрс, алт дээр тулгуурлан экспорт төвлөрдөг. Тэндээс олсон орлогоор бусад барилга, үйлчилгээ, худалдааны салбарууд сэргэдэг. Гэтэл бидний хувьд урд хил хаалттай, Орос Украины асуудалтай байгаа. Тиймээс хоёр хөршөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний хомстолд орох нөхцөл байдал үүсээд байна. Манай улсын эдийн засгийн өсөлт 1-2 хувьтай болсон.
Хамгийн гол гадаад хүчин зүйл нь нүүрсээ гаргаж чадахгүй байгаа болохоор уул уурхайн компаниуд экспортын орлого олж ирэхгүй байна. Ингэснээр дизель түлшний төлбөрийг төлж чадахгүй. Ингээд бусад салбарууддаа нөлөөлж эхэлдэг.
Харин дотоод хүчин зүйл нь банкны зээл байсан. Банкны зээлээр нэлээдгүй ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэж байсан.
Гэтэл Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 9 хувьд хүргэсэн нь зээл агшихад хүргэсэн.
Банкнууд зээл гаргахаа зогсоосон. Тиймээс ААН-үүд зээл авах боломжгүйд хүрч байна.
-Үүнийг хүндрэл багатайгаар хэрхэн яаж туулах вэ?
-Хил гаалийн асуудлыг богино хугацаандаа шийдэж чадахгүй юм байна. Тэгэхээр валютын ханш дээр ирэх дарамт ихэснэ. Үүнийг ноолуур болон, алтны орлогоор нэмэгдүүлж байж эдийн засаг сэхэл авна. Мөн нүүрсний гарцаа нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. Валют олж ирдэг салбаруудаа хурдан дэмжиж чадвал эдийн засаг босож ирнэ гэдэг энгийн логик байгаа. Түүнээс нарийн бодлого одоогоор шаардлагагүй. Төсвийн тодотголыг тодотгосон шиг тодотгох шаардлагатай байна. Ингэж байж инфляц, валютын ханшийн дарамтыг бууруулахгүй бол Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ өсгөөд, нөгөө талаас төсвийн үрэлгэн зардал их гаргаж уялдаа хамааралгүй бодлого хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ "алаад" байна гэж харж байна.
-Ам.доллар хэдийнээ 3000 төгрөг давсан. Ер нь Төв банк, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй валютын холбогдолтой арга хэмжээ оновчтой байж чадаж байна уу?
-Монголбанкны бодлого инфляцад нөлөөлөөгүй. Валютын ханшийн хүлээлтийг Монголбанк алдчихсан. Тэрхүү хүлээлтийг давахын тулд бодлогын хүүг өсгөж байж нийт хадгаламжийн хүүг өсгөх замаар төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлснээр хүмүүсийн доллар луу шуурах давлагаа зогсоно гэж үзэн учраас мөнгөний бодлогын хүүг өсгөсөн.
Эндээс бид нэг зүйлийг бодох ёстой.
Хадгаламжийн төвлөрөл Монгол Улсад асар өндөр байдаг. Гурван сая гаруй хүн амтай улсын нийт хадгаламжийн данс эзэмшигчийн 60-70 хувийг 3000 хүрэхгүй хүний хадгаламж эзэмшдэг. Үлдсэн хадгаламжийн 20-30 хувийг бусад 3 сая орчим иргэний данс эзэмшдэг.
Мөнгөний бодлогын хүү нэмэгдсэнээр энэ 3000 мянган хүний хадгаламжийн хүү, орлого нэмэгдэнэ. Эсрэгээрээ гаргаж буй санхүүжилт буюу зээлийн хүү нэмэгдсэнээр бизнесийн зээл, хэрэглээний зээл авч буй иргэд, ААН-үүдэд ирэх зээлийн хүүний дарамт өсөж, санхүүжилтийн өртөг 20-30 хувь нэмэгдэж байгаа.
Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь яаруулсан зүйл гэж харж байна. Монголбанк руу хэсэг УИХ-ын гишүүд тухайн үед дайрсан. Үүнтэй холбогдуулан нэлээд шахалт дарамтад орж ийм шийдвэр гаргасан байж болзошгүй.
-ОУВС болон ОУСБ-ууд манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж холбогдох зөвлөгөөнүүдийг өгч байгаа. Тэдний зөвлөгөөнөөс авч хэрэгжүүлж үр дүн гаргах боломжтой зүйлс ажиглагдаж байна уу?
-Олон улсын байгууллагуудын хувьд зөвлөмж өгдөг ч түүнийг нь заавал хэрэгжүүлэх ёстой гэсэн үг биш. Эдгээр байгууллагуудын зөвлөмж бүрийг зөв гээд хүлээж авч болохгүй. Учир нь тухайн зөвлөмж өгч буй улс орныхоо богино хугацааны тогтвортой байдалд зориулан зөвлөдөг. Түүнээс улс орны үндэсний эрх ашиг, итгэл үнэмшил, цаашдын хөгжил дээр тулгуурласан зөвлөмжийг төдийлөн өгдөггүй. Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.
-Саяхан ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор хөөсрөлт үүссэн. Улмаар доллар хомстож эрэлт маш их болсон. Энэ нь дам болон шууд байдлаар эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа вэ. Иргэд ямар буруу ойлголттой байгаагаас болоод ийм зүйл болсон бол?
-Хүлээлт гэдэг бол эдийн засгийн шийдвэрийн гол чухал хэсэг байдаг. Хүлээлтээр эдийн засаг болоод мөнгөний бодлого, сангийн бодлогыг удирддаг. Монголбанк сүүлийн жилүүдэд энэ хүлээлтээр тоглож эхэлсэн буюу маш нээлттэй болсон. Шалтгаан нь инфляцын хүлээлтийг удирдах бодлоготой холбоотой. Гэтэл сая энэ удирдлагаа алдсан.
Ерөнхий Сайдын ковидыг хязгаарлалтыг цуцаллаа гэдэг мэдэгдлээс эхлэлтэй гэж үзэж байгаа. Учир нь энэ мэдэгдлийн цаана аялж, гадагшаа явах, гаднаас бизнесийн зөвлөх үйлчилгээ авч болно, бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх боломжтой гэдэг ойлголтыг олон нийтэд өгсөн. Ингэснээр гадагшаа гарах валютын урсгал эрс нэмэгдсэн. Гэтэл эсрэгээрээ валютын орж ирэх урсгал нэмэгдээгүй.
Энэ мэдэгдлээс болж валютын ханш огцом өссөн. Монголбанк, Засгийн газар ярилцаж байж шийдвэр гарган иргэдийн хүлээлтийг зөв удирдах ёстой байсан. Ярилцаагүй гаргасан мэдэгдлийнх нь хор уршиг нь асар буруугаар нөлөөлж байна.
Иргэд яагаад Найман шаргаас мэдээлэл аваад байна вэ гэхээр тэнд бизнес явж байгаа учир мэдээлэл авч байгаа. Тиймээс Монголбанк болон бусад арилжааны банкнууд өөрсдийн зүгээс мэдэгдэл, нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтвортой өгч иргэдийн хүлээлтийг мэдээлэх хангаж байх ёстой. Ялангуяа арилжааны банкнууд валютын зах зээлийн 95 хувийг эзэлдэг том зах зээл гэдэг атлаа мэдээлэл нь хомс байдаг. Хэрэв тодорхой байвал иргэдийн дунд хоосон хөөсрөл үүсэхгүй.
-Инфляцын түвшин 14,5 хувьд хүрсэн байгаа шүү дээ. Үүнийг бууруулах боломжийг судлаачийн хувьд юу гэж харж байна вэ?
-Инфляцын өсөлт худалдан авах чадварт асар их нөлөөлж байгаа. Оны төгсгөл хүртэл буурахгүй шинжтэй байна. Инфляцын өсөлтийн шалтгаан нь өнөөх л хил гаалийн асуудал, нийлүүлэлтийн гаралтай инфляцаас шалтгаалж байгаа. Мөн дээрээс нь хил дээр чингэлэг тээвэр явж эхэлснээс хойш нэг төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг чингэлэг дүүргэж байж гаргаж байгаа. Жишээлбэл цэвэр ус байлаа гэж бодоход усны төрлийн бүх бүтээгдэхүүнийг нийлүүлж байж тэр чингэлэг гарч ирж байгаа. Гэтэл ихэнх бараа захиалагчид тус тусдаа захиалга өгч байгаа учир тухайн чингэлэг нь дүүрэхгүй удах цаашлаад дараалал үүсэх нөхцөлийг үүсгэж байгаа. Энэ нь дотоодын зохион байгуулалт муу байгааг харуулж байна.
-Хил хаалттай байгаа учир эдийн засаг энэ жилдээ сэргэх нөхцөл харагдахгүй байна. Энэ удаагийн төсвийн тодотголыг үр дүнгүй болсон гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл намраас дахин төсвийн тодотгол хийх шаардлага үүсэх үү?
-Саяын тодотгол олигтой болоогүй. Төсвийн орлого төлөвлөснөөс дутах байх. Орлого дутсан нөхцөлд дахин тодотгол хийхээс өөр аргагүй. Энэ нөхцөл байдал үүсвэл дахин төсвийн тодотгол хийх байх.
- Ярилцсанд баярлалаа.