Тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил эхэлнэ. Эрт илрүүлгийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Ерөнхий сайдын үүрэг чиглэл өгсөний дагуу тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэгт хамруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. 0-17 насны иргэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд үзүүлнэ. 18-аас дээш насны иргэд Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлэхээр зохион байгуулалтыг хийсэн. Эрт илрүүлгийн ажил нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Жил бүр тогтмол хийгдэнэ. Багц шинжилгээнд 8-9 төрлийн хавдрын шинжилгээг оруулсан" гэлээ.