Энэ жил Туул голын эрэг дагуух 3.68 га талбай болон Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм.
Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ. “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал, загвар зураг боловсруулах уралдааны тэргүүн байранд шалгарсан бүтээлээр тохижилтын ажлыг хийх юм.
Бүтээн байгуулалтын ажилд “Эйч Ар Ви констракшн” ХХК шалгарсан бөгөөд одоогоор гэрээ байгуулах, эрх олгох үйл ажиллагааны шатанд явж байгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
Энэ мэтчилэн Туул гол дагуух таван байршлын нийт 48.88 га талбайг үе шаттай тохижуулан, иргэдийн амарч зугаалах орчин, нөхцөлийг сайжруулахад нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байна.
Мөн Богд уулын алхалтын замын тохижилтыг хийхээр гүйцэтгэгч компанийг шалгарууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын зам буюу нийт 35 га талбайн тохижилтын ажлын зураг төслийг өнгөрсөн оны наймдугаар сард баталсан. Мөн оны арванхоёрдугаар сард Ажлын зурагт магадлал хийсэн байдаг. Тэгвэл тус байршил дахь тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Энигмаконстракшн” ХХК шалгарчээ. Уулын алхалтын замын тохижилтод ариун цэврийн түр байгууламж, тоглоомын талбай, амралтын цэг, худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг зэргийг байгуулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Үүний хүрээнд нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнтэй ажлуудыг санаачлан, шат дараатайгаар зохион байгуулахад нийслэлийн бүх шатны байгууллагууд анхааран ажиллана.