Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэсэн Үндсэн хуулийн заалт зүгээр л цаасан дээр үлдлээ. Хөрс, ус, агаарын бохирдлын хэмжээ хэрээс хэтэрлээ. Дэлхийн хамгийн хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хүмүүс бол Улаанбаатарчууд. Хэзээ энгийн норм, нормативдаа орох вэ.
Туул голын эхэнд янз бүрийн гоё нэртэй ялгадсаа гойжуулсан компаниуд олон байна. Дандаа л дарга нарын компаниуд байна. Тэр бохир усыг нь Улаанбаатарчууд ууж идээд амьдарч байна. Үүнийг яагаад зогсоож чаддаггүй юм бэ"
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Хүн амын 50 орчим хувь нь төвлөрсөн Улаанбаатарт агаар, хөрсний бохирдол их байгаа. Тиймээс шилжилт хөдөлгөөн, нүүдэлтэй холбоотой асуудлыг ярихаас өөр аргагүй болсон. Тиймээс хоёр дэд сайдаар ахлуулсан орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Мөн худгийг түшиглэсэн суваглалыг бий болгох ажлыг хийж байна" гэлээ.