Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээллээ.
Тэрбээр "Ерөнхий сайд орон даяар нийт хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт хамруулах чиглэлийг үүрэг болгосон. Иргэн бүр хоёр жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар Алсын хараа-2050 хөтөлбөрт тусгасан байдаг. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа.
Урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн оролцоо, идэвх сул байдаг учраас үзлэгийн тоо 10 хувиас дээшилдэггүй. Тиймээс энэ жил ЭМДС-гаас 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийн санг төвлөрүүлж суулгасан. Ингэснээрээ иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн дата сантай болно. Мөн цаашид гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой юм" гэв.