Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Хэрвээ эхнэрээ дагуулаад орсон бол төрөх дөхсөн эмэгтэйгээс бичиг баримт нэхээд зогсохгүй анхан шатны тусламжаа үзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 33 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос машинд амаржсан эмэгтэйтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Эрүүл мэндийн салбар эзгүй байна. Алдаа, зөрчил маш их гарч байна гэж иргэд шүүмжилж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Яам бол бодлого тодорхойлдог газар. Бид тушаал, шийдвэр, журмуудаа гаргаад бодлогын түвшинд ажиллаж байна. Манай салбарт сүүлийн 2-3 жилийн хугацаанд маш том ажлууд хийгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдүгээр төрөхтэй холбоотой асуудлууд гарч байна. Юуны өмнө машинд амаржсан эх болон ар гэрийнхнээс нь нийт ажилчдынхаа өмнөөс уучлал хүсье. Учир нь нөхрийг нь орж ирэхэд манай эх баригчийн харьцсан харилцаа хандлагын асуудал байна лээ. Тиймээс тухайн эх баригчид ёсзүйн хариуцлага тооцно. Гэхдээ ажлаас халахгүй. Ёсзүйн хариуцлага тооцоход үе шат гэж байдаг. Үе шаттайгаар хариуцлагыг нь тооцоод явна. Болсон процессын камерыг шүүж үзсэн. Яалт ч үгүй төрөлтийн хоёрдугаар үе эхэлчихсэн байсан учир төрөх эхэд яаралтай тусламж үзүүлсэн байна лээ. Төрөлтийн хоёрдугаар үе шат эхэлсэн байхад тээвэрлэх ямар ч боломжгүй байдаг. Тиймээс эх баригч яаралтай тусламжийг үзүүлсэн.

Футболконд нь ороолоо гэж шүүмжилж байна лээ. Орчин өөрчлөгдөж байгаа учраас тэр нярайг эхийн футболконд ороож, цээжинд нь наасан байна лээ. Энэ бол эхний үзүүлэх тусламжийг гар доорх материалаар үзүүлсэн байна лээ. Төрсний дараа эмнэлгийн тусламж авсан. Одоо байгаа мэдээллээр төрсөн эх болон хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Хүүхэд жин алдагдалтай буюу 2.3 кг төрсөн. Тиймээс халдвараас сэргийлэх эмчилгээ хийгдэж байгаа. Эрчимтийн тасагт шилжсэн гэж зарим хэвлэлээр мэдээлсэн байна лээ. Тийм зүйл байхгүй. Нярайн тасагт шилжээд эмчилгээ нь хийгдээд явж байна.

-Ер нь төрөх эмнэлгүүдийн асуудал байнга л хэл ам таталж байдаг. Энэ юундаа байна вэ. Хүний нөөцдөө юу, яг юунд асуудал байна вэ?

-Бүх юмыг өргөс авсан мэт болгож чадахгүй. Бид аль болох эмч нараа чадавхжуулж, хөрөнгө оруулалт татаж, эмнэлгийн орчныг тав тухтай болгохоор маш их ажлуудыг хийсээр байна. Эрүүл мэндийн салбарын, ялангуяа эх хүүхдэд чиглэсэн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэхээр Засгийн газрын зүгээс ч анхаарал тавьж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд ажиллаж байна. Бүх юм нэг дор засагдахгүй учир тодорхой хугацаа орно.

-Нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж байгаа юм байна. Тэгвэл харилцаа хандлагын асуудал байна уу?

-Үүнд хүн болгоныг буруутгаж болохгүй. Гэхдээ сүүлийн жишээг харахад, яалт ч үгүй эрх баригч анх орж ирсэн нөхөрт нь бичиг баримтаа авчир гэж уурласан байна. Харилцаа хандлагын асуудал байна. Үүнийг бид засаад явж байна. Сургалт байнга хийж байна. Ганц нэг хүний гаргасан алдаанаас болж бүхэл бүтэн салбараар нь ингэж хэлж болохгүй байх. Маш олон өөрчлөлт шинэчлэлийг хийж байна. Хийсээр ч байх болно. Үнэхээр тусламж үйлчилгээ оройтсон бол эх, нярай эндэх эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр эх баригч бээлийгээ өмсөөд, эмч нараа дуудаад яаралтай тусламж үйлчилгээг авч чадсан. Хэрвээ эхнэрээ дагуулаад орсон бол мэдээж төрөх дөхсөн эмэгтэйгээс бичиг баримт нэхээд зогсохгүй. Анхан шатны тусламжаа л үзүүлнэ. Хүлээн авахаар орж ирж байгаа бүх нөхөр л манай эхнэр төрлөө гэж орж ирдэг. Үүнийг та бүхэн зөвөөр ойлгох хэрэгтэй.

"Алдаа зөрчил гаргасан бол би хариуцлага хүлээхэд бэлэн"

-Өрхийн эмнэлгийн эмч нар өчигдөр санхүүжилтээ авч чадахгүй байна гээд жагсаж байна лээ. Яагаад санхүүжилтыг нь олгохгүй байгаа юм бол?

-2022 оноос эхлэн нэг иргэний тарифыг 2 дахин нэмэгдүүлсэн. Тэгэхээр өмнө нь өрхийн эмнэлгүүд нэг иргэнд 30 мянган төгрөг тооцож авдаг байсан бол 2022 оны 4 дүгээр сараас эхлэн 60 мянган төгрөг авдаг болсон. Энэ бол шууд ордог байсан. Улмаар өрхийн эмнэлгүүдийг 14 шалгуураар хянаж, эхний ээлжинд 80 хувийг нь олгоод үлдсэн 20 хувийг нь чанар, үзүүлсэн тусламж үйлчилгээ зэрэг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр гэрээлсэн. Өрхийн эмнэлгүүд ч зөвшөөрч ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан байдаг. Тэгээд 2022 оны сүүлээр гүйцэтгэлээ бодохоор шалгалт хийгээд эхэлсэн чинь өрхийн зарим эмнэлгүүд асуудал гаргаж эхэлсэн. Гэтэл өчигдөр яамны гадна жагсаал хийж байна лээ.

Бид эрүүл мэндийн салбарт цахимын флатформыг угсраад дуусч байгаа. Туршилтын шатанд явж байна. Энэ сарын юм уу, хоёрдугаар сараас цахим системийг хэрэгжүүлж эхэлнэ. Төр хувь хамаагүй энэ цахимд бүртгэгдээд явах боломжийг олгож байгаа.

-Таныг салбараа зангидаж чадахгүй байна гэж шүүмжилж байна. Та ажлаа өгөх үү?

-Мэдээж алдаа, дутагдал гаргасан бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн. Гэхдээ хариуцлага тооцох эрх нь Засгийн газарт бий. ЗГ-аас алдаа дутагдал гаргасан, чөлөөлнө гэвэл би хариуцлага хүлээхэд бэлэн.

-Ковидын төсвийг ил болгох чиглэлийг Засгийн газар өгсөн. Яагаад одоо хүртэл ил болгохгүй байгаа юм бэ?

-Шадар сайдаад ахлуулсан ажлын хэсэг гарсан. Аудитын дүгнэлт эцэслэгдэж гарах ёстой. Ажлын хэсэг ч материалаа нэгтгэж байгаа. Ганцхан Эрүүл мэндийн яамны асуудал биш. Манай зүгээс бүх нэгтгэлээ өгчихсөн.

-ЭМЯ дэд сайдгүй удлаа. Томилгоо нь яагаад хийгдэхгүй байгаа юм бэ?

-Ковидын хууль өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар боллоо. Мэдээж зарим шаардлага хангагдаагүй хүмүүс чөлөөлөгдөнө. ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Ирэх долоо хоногийн хурлаар эцэслэгдэнэ. Төрийн албаны тухай хууль гарсан. Үүнтэй холбоотойгоор ТАЗ-өөс ЗГ-аар журам батлуулах ёстой. Энэ журамд заалтууд нэмж ороод төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт явагдана.

ЗГ: АИ-92 автобензиний үнийн өсөлтөөс сэргийлнэ
ЗГ: АИ-92 автобензиний үнийн өсөлтөөс сэргийлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.