Урлагийн хэв маяг минимал тал руугаа орж байна гэж хэлж болно. Хүмүүсийн сэтгэхүй асар хурдацтай хөгжихтэй зэрэгцэн аливаа зүйлийг реалны /бодитоор/ хүлээж авах нь багассан. Гол нь үзэл санаа, идеа нь байж байвал л чухал. Харин түүнийг хэрхэн бүтээх, яаж тавих нь уран бүтээлчдийн сэтгэлгээний цар хүрээнээс шууд шалтгаалж байна гэж хэлж болно. Сэтгэлгээ хурдтай болохын хэрээр ухаантай, хэрсүү үзэгчид бий болж улмаар урлаг өөрөө үзэн ядуулах хийгээд, гайхан бишрүүлэх орон зайн мөн чанараа олж тогтоох шаардлагатай болж байгаа юм.
Эндээс ямар асуулт урган гарч ирж байна вэ. Олон нийтийн сэтгэлгээ хурдацтай болохын хэрээр манай УРАН БҮТЭЭЛЧДИЙН ур чадвар төдий анзаанд өсөн дэвжиж сайжирч чадаж байна уу гэх асуулт л даа.
Энэ асуултад хариулт олохын тулд 1991 онд Г.Доржсамбуугийн найруулгаар тавигдаж өнөө цагт ахин тайзнаа амилсан П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг үзэж сонирхсон авай. Өнөө цагт гэдэг нь 2022 онд “Bee theatre”-ын тайзнаа УГЗ, АЖ Б. Мөнхдоржийн найруулгаар тавигдсан хэрэг. Ахин тавигдсан гэдгийг энд онцлууштай. Шинэ үзэгдэл, шинэ үзэл санаа тээн тавьсан бол шинэчлэн тавилаа гэж хэлж болно. Харин энэ удаагийн тавилтыг зүгээр л ахин АХИН ТАВИЛАА гэж хэлэх нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж байна.
Жүжгийг Бертолт Брехтын үзэл санаа хэв маягаар тавьсан гэдгээ найруулагч нь ч, жүжигчид ч тэр онцолж байв.
Тэгвэл Б.Брехтын хэв маяг жүжгийн зохиол болон жүжигтэй хэр нийцэв?
Б.Брехтын үзэл санааг П.Батхуяг маш энгийнээр ийнхүү тайлбарлажээ. Тэрбээр "Энэ үзэл санаа яагаад гарч ирэв гэхээр хүний байгаллаг буюу уугуул чанар алдагдаж, илүү үүсмэл, нийгмийн чанарууд давамгайлж эхэлсэн. Энэ нь шилжилт. Нэг оршихуйн циклээс нөгөө оршихуйн цикл рүү шилжих тэр явцыг бид хүнийшил гэж яриад байгаа юм. Байгалийн өөрийнх нь төрөлх чанар бүдгэрч, үүсмэл буюу зохиомол байдалд шилжих шилжилт ингэж бий болно. Энэ зааг дээр Брехт өөрөө яруу найрагчийн хувьд яруу найргийн суурь сэтгэлгээн дээр уран зохиолыг бүтээсэн. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн сайн жүжгийн зохиолчид яруу найрагч байсан. Тэгэхээр Брехт яагаад шилжилтийн зааг дээр ийм жүжгүүдийг бичив гэвэл үндсэн үзэл санааных нь эх үүсвэр яруу найрагчийн сэтгэлгээнд байсан. Түүнээс шилжиж явсаар магадгүй судлаачдын хэлсэн туульсын чанар руу орсон болов уу. Би туульсын чанарыг эпос гэж хардаггүй. Өөрөөр хэлбэл, яруу найраглаг жүжгийн зохиолын эрин гэж ойлгодог. Түүний жүжгийн зохиолын зарчим ийм. Энэ бол түүний яруу найрагч гэдэг суурьтай холбоотой. Хүн нийгмийн амьтан, хувьчилбал 80 хувь нь нийгмийнх болсон. Бидний 20-хон хувь үлдсэн. Брехтийн жүжгийн зохиолуудын онцлог нь цаг хугацаа, орон зайн шилжилтийн асуудалд байгаа юм” гэжээ. /эх сурвалж: Зууны мэдээ сонин/
Гэтэл УГЗ, АЖ Б. Мөнхдоржийн найруулан тавьсан эл жүжигт үзэл санаа хийгээд шинэ соргог юу ч анзаарагдсангүй. Зоригтой ч юм уу тэнэг ч юм уу хэлсэн энэ өгүүлбэрээ хэрхэн нотлох вэ гэж хэн нэгэн надаас асуувал би ингэж хэлнэ.
Зохиолч П.Баярсайханы зохиолууд хотжилт-нүүдэл, сууриншил-хөдөөх амьдрал, хүний мөс-алдарч буй хүн чанар, оршихуй-эс оршихуй гэсэн хоёрдмол эсрэгцлийн үүднээс дүрүүдээ товойлгон гаргаж, дүрүүдийнхээ бодрол эргэцүүллээр уран дүрийнхээ шинж төрх, авир занг бүтээсэн сэтгэлзүйн шинжтэй байдаг. Хүн гөрөөс ч мөн адил ийм хэв шинжтэй.
Тань руу нүүж явна, порно бичлэг хоёр нэгэн жүжигт байж таарах уу даа?
Өөр хоорондоо тэр бүр авцалдаагүй гэмээр тавилт, шийдлүүд хэд хэд байлаа. Жүжгийн хөгжмийн найруулга. Лавтай л найруулаагүй байх. Тань руу нүүж явна гэхээр юун “Хүн гөрөөс” тан руу нүүж явна вэ гэж бодогдоно биз дээ. Тайзны шийдэл, гэрэлтүүлэг жүжигчдийн тоглолт ёстой “МИА”
Зохиол дээрээ Оюумаа анх Сугарт хууртсанаа мэдэхдээ машиных нь суудал доороос бэлгэвч олдог. Гэтэл арай орчин үежүүлэх гэж оролдохдоо машиных нь суудал доороос Сугарийн эмэгтэй хүнтэй унтахдаа гар утсан дээрээ хийсэн “ПОРНО” бичлэгийг олж байдаг шүү. Сугар эхнэрээ зоддог, өөр хүүхэнтэй сүүлэрдэг хүн болохоос садист хүн биш шүү дээ. Эхнэрээ зодох, араар нь тавих чинь аль ч нийгэмд байж байдаг адгууслаг мөн чанар биз дээ. Хэрэв би Сугар байсан бол ядаж л утсандаа нууц код хийчихсэн байх байх шүү.
Хэрвээ би энэ жүжгийг найруулж тависан бол яах байсан бэ?
Орон зай орчин нөхцлийн хувьд зүгээр нэг ой мод сонгож авах биш нэгэнт л хүний сэтгэл зүйн асуудлуудыг харуулж буй тул түүнийг төлөөлүүлж жинхэнэ зүрхэн хэлбэртэй орчин /хүний сэтгэлийг төлөөлүүлнэ/ бүтээж, чимээгүй хэрнээ хамгийн адгийн дүр болох Сугарын дүрийг биежүүлж Оюумаа, Дэлэг хоёрын нэгийг сүүдрээр тоглуулах байсан ч юм уу. Ядаж л Дэлэгийн дүрд тоглосон Г.Мөнхжаргалыг харахгүй байх нь илүү амар шүү дээ.
Жүжигчин ядаж л тоглож буй дүрийнхээ мөн чанарыг ойлгодоггүй юм аа гэхэд цээжилсэн байх хэрэгтэй биз дээ. Яг л лам унших номынхоо өмнө мэгзэм уншдаг шиг. Гэтэл энэ жүжигчин ойлгоогүй тууж явсан даг.
Харин Оюумагийн дүрд тоглосон Б.Одгэрэлийн хувьд бас л дүрийн гүйцэтгэл үл ялиг дутуу байгаа нь ажиглагдав. Мэдээж жүжигчдийн зовлонг ойлгохгүй байж ингэж хэлэх нь өрөөсгөл байж болох ч хэлэх л ёстой. Хэлэх гэж л би өнөөдөр бичиж байгаа болохоор тэр. Харин “Гэм зэм”-д тоглохдоо тэр жинхэнэ авьяаслаг харагдсан шүү. Энэ нь мөн л найруулагчтай хамаатай байх. Жүжигчнийг хэрхэн “ашиглаж” болохыг найруулагчийн тавилтууд л шийднэ шүү дээ. Иймээс л "Зөнөсөн" /ямар нэг нас намбанд хандаж хэлсэн үг огт биш шүү. Сэтгэлгээний хувьд хуучирсан эл хэдэн найруулагч маань ахиад суралцдаг санж уу, цаг үеэ мэдрэх гэж оролддог санж уу ямартай ч come back хийхээр болчихож/ гээд хэлчихмээр.
Тэгээд хамгийн гол зүйл нь хүн гэдэг нэгэн цул бие дотор сэтгэл, оюун бодол гэгч оршин буйг, орших оршихдоо өөртэйгөө болон өрөөл бусадтай тулалдаж махан биеэ иддэгийг л олж мэдрэх байгаагүй гэж үү?
Эл жүжгийг маш энгийнээр хүлээж аваад, цаг хугацаа, харилцан яриа, дотоод орчин нөхцөл ер нь жүжигт байх ёстой бүхнийг энгийн минимал хэр сонирхолтой тавьж болох л байсан байх.
Нэмэлт мэдээлэл
"Минимал гэснээс сонирхуулахад судлаачид морин хуурын татлагад минимал хэв шинж илэрч байгааг хүртэл судалж байгаа юм билээ"
Ер нь хүний харилцаа хооронд болдог л үйл явцыг харуулж байгаа шүү дээ. Огт байхгүй шинэ харилцааг гаргаж ирж нээлт хийж байгаа юм биш. Гэр бүлийн хүчирхийлэл, архины хамааралтай эхнэр, өнчирсөн хүүхэд гээд л байдаг л сэдэв. Харин үүнийг хэрхэн илэрхийлэх нь л чухал байлаа шүү дээ.
Гэснээс Дэлэг бол өмнөх эхнэрээ архичин болгосон өөрөө ч архичин, худалч хуурмаг новш шүү дээ. Яг цагаа тулж баг нь хуулрахад яаж байгааг харсан биз дээ. Оюумаад хэргээ чихэх гэж байгаа биз. Дэлэг ч гэлтгүй чи ч, би ч хүний арьс нөмөрсөн чононууд. Бидний нийгэм бол хүчтэй нь хүчгүйгээ гороолдог жинхэнэ, санаатай санаандгүй хохирол амсдаг үнэний нэр барьсан жинхэнэ ХҮН ГӨРӨӨСНҮҮД-ийн нийгэм.
Эцэст нь хэлэхэд, яруу найраг унших, жүжиг үзэх нь ядаж л өвс сорохоос илүү мэдрэмж, таашаал төрүүлж байх ёстой биз дээ.