Хөгжлийн банкны чанаргүй зээл тойрсон асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж, хэвлэл мэдээлэл, улс төрийн хүрээний гол ярианы сэдэв болж байна. Тэгвэл хөгжлийн банкнаас гадна төрийн бусад сангуудын чанаргүй зээл талийж, хэвийн үйл ажиллагаа явуулах аргагүй болжээ.
Тодруулбал:
ЖДҮХС-гийн чанаргүй зээл 230 тэрбум
Боловсролын зээлийн сангийн чанаргүй зээл 40 тэрбум
Сум хөгжүүлэх сангийн чанаргүй зээл 33.3 тэрбум
Мал хамгаалах сангийн чанаргүй зээл 72 тэрбум төгрөгт хүрсэн байна. \2019 онд ЖДҮХС-д нэгтгэсэн\
ЖДҮХС байгуулагдсан 13 жилийн хугацаанд улсын төсвөөс нийт 440 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авч зээл гаргасан байдаг. Гэтэл үүний 52.7 хувь буюу 230 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй буюу муу ангилалд орсон байна. Эдгээр зээлдэгчдийн мэдээллийг одоо ч нээлттэй зарлахгүй байгаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Ундармаагийн хамаарал бүхий капитал банк ЖДҮХС-нд 42.9 тэрбумын найдваргүй зээлтэй гэх мэтээр албан тушаалтнуудын дээрмийн жагсаалт хөвөрч өгөх тул ийнхүү зарлахгүй байгаа гэх. Муу зээлээ барагдуулахаар 2023 он хүртэл график гаргаад ажиллаж байгаа ч найдвар бараг байхгүй болж жинхэнэ ЖДҮ-чиддээ зээл олгож чадахгүйд хүрчээ.
Сургалтын төрийн сан буюу одоогийн боловсролын зээлийн сангаас олгосон нийт зээлийн хэмжээ 52 сая ам.доллар үүнээс 14 сая ам.доллар буюу 40 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Жирийн ардын хүүхдэд олдоггүй зээлийг авч гадаадын их дээд сургуульд суралцаад дарга хийж яваа олон зуун албан тушаалтнуудын хүүхдүүд зээлээ төлөөгүй байна. Тэдгээр зээлдэгчдийн мэдээлэл мөн л хаалттай.
Удаах нь сум хөгжүүлэх сан нийтдээ 33.3 тэрбумын чанаргүй зээлтэй болж ихэнх нь эргэн төлөлтөөр зээл гаргах боломжгүй болсон байна. Шинжлэх ухаан технологийн сангийн асуудлыг ч орхиж болохгүй. Тус сангийн талаар боловсролын сайд Л.Энх-Амгалан “байгуулагдсан цагаасаа хойш 190 тэрбум төгрөг зарцуулаад 5,000 судалгаа санхүүжүүлсэн гэж байгаа боловч нэг нь ч амьдралд хэрэгжээгүй. Нэг судалгааны нэрийг гурван удаа өөрчлөөд гурван удаа зээл авсан тохиолдол ч байна” гэж хэлж байсан удаатай.
Манай эрх мэдэлтнүүд жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, хувийн хэвшлээ дэмжинэ, иргэдээ ажилтай орлоготой болгоно гэх мэтээр ард түмний нэрийг барьж элдэв сан, банк байгуулдаг. Гэтэл амьдрал дээр яг эсрэгээрээ ард түмэнд юу ч оногдохгүй, харин эрх мэдэлтнүүд шавхруу ч үлдээлгүй тонон дээрэмддэг ёс тогтлоо. Тонон дээрэмддэг гэж бичихийн учир нь энд дараах нийтлэг шинжүүд ажиглагдаж байгаа юм.
Нэгдүгээрт: Иргэд банкнаас зээл авах гэж байгаа бүхнээ барьцаанд тавьж, өндөр шалгуур давдаг. Гэтэл эрх мэдэлтнүүд бараг барьцаагүй шахам зээл авч байна.
Хоёрдугаарт: Их хэмжээний зээл авсан атлаа эхнийхээ графикын эргэн төлөлтийг хийгээгүй тохиолдол ч байна. Энэ нь анхнаасаа эргэн төлөх сонирхолгүй зориудаар зохион байгуулагдсан системтэй залилангийн шинж мөн.
Гуравдугаарт: Эдгээр төрийн сан, банкнаас зээл авсан эрх мэдэлтнүүдийн мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй. Жирийн иргэн гар утасны төлбөрөө хоцрооход л хугацаа хэтэрсэн зээлтэй гэж бүртгэгдэж байхад хэдэн зуун тэрбумаар нь авсан зээлийн мэдээлэл огт бүртгэгдэхгүй байна.
Дөрөвдүгээрт: Татвар төлөгчдийг хэдэн зуун тэрбум, их наядаар хохироосон хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага гомдмоор хөнгөн, шударга ёсонд нийцэхгүй байна. Эрх мэдлээ урвуулсан албан тушаалтны учруулсан хохирол 50 саяас хэдэн зуун тэрбумын хооронд байсан ч ялгаагүй нэг зүйл заалтаар таслагддаг. Дээд тал нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял эдлэх зохицуулалттай боловч практикт авлигийн хэрэгт 2-3 жилийн ял оноож 1-1.5 жил орчим суугаад гардаг жишиг хэдийн тогтсон. \Улсад 345 тэрбумын хохирол учруулсан Б.Ундармаа 2.5 жилийн ял авсан бол ЖДҮХС-гаас зээл авсан Г.Солтан, Б.Дамба-Очир нар 3 жилийн ял сонссон\
Тавдугаарт: Хууль шүүхийн систем хуйвалдаанд оролцдог гэж хардах үндэстэй. Ихэнх зээлийн хэргүүд шүүх дээр очоод хэдэн жилээр гацдаг. Чанаргүй зээл олгосон албан тушаалтан хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Зээл нь маргаж шалгагдах хугацаанд холбогдох этгээд өөрийн өмч хөрөнгөө нуун далдалж амждаг. Жишээ нь “Жаст”-ын Ш.Батхүү шалгагдаж байх хугацаандаа 98 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 190 орчим өмч хөрөнгөө бусдад бэлэглэх замаар шилжүүлсэн. Хууль хяналтын байгууллага эдгээр өмч хөрөнгийг авсан талаас нь хурааж зарж борлуулах замаар улсыг хохиролгүй болгоно гэж байсан ч удалгүй нам гүм болсон.
Одоо мэдэгдэж байгаа дээрх тоог нэгтгэхэд Монгол Улс татвар төлөгчдийн болон гадаадаас авсан зээл бондын 2.3 их наяд төгрөгийг дээрэм тонуулд алджээ. Энэ бол Монголын нийт ахмадын тэтгэврийг 2 жил тавих мөнгө. 400 сургууль барих мөнгө. 80 сая төгрөгөөр бодоход 26 мянган айлыг орон сууцтай болгох, 30 сая төгрөгийн ипотекийн урьдчилгаа өгвөл нийслэлийн 200 мянган гэр хорооллын өрхийн гуравны нэгийг буюу 70 мянгыг нь байртай болгох хөрөнгө. Жинхнээсээ ЖДҮ эрхэлдэг хувийн хэвшлийн 1579 аж ахуй нэгж 239 тэрбум зээлийг 2020 онд төрөөсөө хүсчээ. Гэтэл тэдний ердөө 249 нь 22 тэрбумын зээл авч чадсан юм билээ. Тэгвэл эдгээр жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд 10 дахин их зээл олгох хэмжээний мөнгийг "хар нүх" сороод авчээ.