Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1911 онд энэхүү өдрөөр Монгол улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний дарангуйллыг эцэс болгон тусгаар тогтнолоо зарласан билээ. Эл өдөр түүхийн хуудсыг сөхөх зорилгоор МУИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор Н.Алтантөгстэй ярилцлаа.
-Сайн байна уу. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож байна. Монголчуудын хувьд ямар учиртай өдөр вэ?
-Монголчуудын төрт ёсны уламжлал 2000 гаруй жилийн түүхтэй. Энэ 2000 гаруй жилийн хугацаанд арав гаруй төр улс оршин тогтнож байсан. 1206 онд байгуулагдсан Их Монгол улс нь одоогийн Монгол улсын үндэс суурь болсон.
Орчин үеийн үндэстэн үлс гэдэг утгаараа өнөөгийн бидний амьдарч буй Монгол улс 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан. Одоогийн ОХУ, АНУ, Франц улс, БНХАУ бүгдээрээ үндэстэн улс. Тусгаар тогтнолыг нь дэлхийн бусад улс хүлээн зөвшөөрдөг, өөрийн гэсэн хууль, төр засаг, шүүх, цэрэг арми, гадаад бодлоготой улсыг үндэстэн улс гэдэг. Энэ улсын иргэд нь өөрсдөө бие биетэйгээ ижилсэж нэгдмэл ард түмнийг бий болгодог. 1911 оноос өмнө Монголд үндэстэн улс гэдэг ойлголт дундад зууныхнаараа байсан. Олон аймаг, хошууд харийн хааныг өөрсдийн хаанаараа тооцдог байсан. Товчхондоо 1911 оны энэ өдөр Монгол гэх үндэстэн улсыг сэргээн байгуулах эхлэл болсон. Өөрөөр хэлбэл одоо байгаа улсынхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж байна гэсэн үг.
-Тухайн үед энэ өдөр яг ямар үйл явдал болж, хэрхэн тусгаар тогтнолоо сэргээсэн бэ?
-12 сарын 29-ний өдөр төрийн их ёслол болсон байдаг. Тухайн үеийн Шар ордон буюу одоогийн засгийн газрын ордонд Богд хаан, Дондогдулам хатны хамт заларч ирсэн. Ийн ирэхэд нь замын хоёр талаар буутай цэргүүд жагсаж, олон ард цугласан байсан. Богд хаан олон лам, ноёдын хамт төрийн ордонд орсон. Богд хааныг хоёр талаас нь түшиж эрдэнийн сууринд залсан. Эрдэнийн суурь гэдэг нь хаан ширээг хэлж байгаа юм. Түүнд наран гэрэлт түмэн наст Богд хаан цолыг өргөмжилж, Дондогдулам хатанд улсын эх дагина цол өргөмжилсөн. Хаан өргөмжлөгдмөгцөө “Хишиг тархаах” зарлиг гаргасан. Тулгар төрийг байгуулахад идэвхийлэн зүтгэсэн хүмүүсийг шагнасан байдаг.
Түүний дараагаар таван яам байгуулах зарлиг гаргаж сайдуудыг томилсон. Таван яам бүхий засгийн газарт Дотоод, Гадаад, Сангийн, Цэргийн, Шүүх яамд багтаж байсан. Эдгээр яамны үндсэн бүтэц нь өнөөгийн засгийн газар, шүүх засаглалын суурь болсон. Түүнээс Монголчуудад Манжийн төрөөс залгамжилж авсан засаглалын хэлбэр байхгүй. Богд хааны зарлигаар 12 сарын 29 нд байгуулсан Гадаад яам нь одоогийн Гадаад харилцааны яам, Сангийн яам нь одоо ч байгаа. харин цэргийн яам нь одоогийн Батлан хамгаалахын яам юм.
Үүний дараагаар Улс тунхагласан зарлиг бичиг гаргасан. Тэрхүү зарлиг бичигт “Олон монгол овогтон нэгдэн Богдыг улсын эзэн хаанд өргөмжиллөө. Улмаар умард дахины уугуул газар нутгаа хураан авч захирч байна. Хөрш болон дэлхийн бусад улсуудтай харилцаа тогтоож оршино” гэх утга агуулагдаж байсан. Мөн энэ өдөр улсын нэрийг Монгол хэмээн зарлаж, зарлиг гарган тогтоосон байдаг.
Тэгэхээр 1911 оны энэ өдөр маш олон түүхэн үйл явдал болсон байгаа юм. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл харийн эрхшээлд олон жилийн турш байсан Монголчууд нэгдэн нийлээд тусгаар тогтносон, өөртөө эзэрхсэн, өөрийн хаантай улс болох их ёслолыг энэ өдөр хийж байжээ.
-11 дүгээр сарын 26-ны өдрийг, тусгаар тогтнолын өдөртэй андуурах тохиолдол их байдаг. Эдгээр түүхэн өдрүүд нь ямар ялгаатай вэ?
-11 дүгээр сарын 26-ны өдөр бол улс тунхагласны өдөр биш харин бүгд найрамдах засаг явуулах болсон өдөр юм. Өөрөөр хэлбэл үндсэн хууль баталсан өдөр гэсэн үг. 11 дүгээр сарын 2-ны өдрийг нийгмийн байгуулал өөрчлөгдсөн өдөр ч гэж болох юм.
12 дугаар сарын 29-ний өдөр бол Монгол гэх улсыг байгуулж, тусгаар тогтнолоо зарлаж, улсын он тоолол эхэлсэн.
-Социализмын үед энэхүү түүхэн өдрийг төдийлөн ойшоодоггүй байсан нь ямар шалтгаантай вэ?
-Социализмын үед тусгаар тогтнолын өдрийг чухалчилдаггүй байсан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт 1911 оны 12 дугаар сарын 29-нд байгуулагдсан Монгол улс 1915 онд Хятадын эзэн эрхийн дор автономит болж хувирсан. Түүний дараагаар 1911 оны гол удирдагчид нь улс төрийн аллагат өртөж, өөд болсон. Үлдсэн хүмүүс нь 1919 онд Хятад улсад хандан автономит засаглалыг устгах бичиг өргөн барьсан. Ингэснээр 1920 оны турш нэг жил гаруй хугацаанд Монголчууд Хятадын хязгаарын цэргийн эрхтний дарлалд байсан. 1921 оны Ардын хувьсгалаар монгол улсыг сэргээн байгуулсан түүхтэй
Тухайн үеийн Монголын ард түмэн автономи устгасанд маш их дургүйцэж, жигшиж байсан. Тийм ч учраас энэхүү үеийг автономид үе хэмээн нэрлэж, энэ түүхэндээ таагүй хандаж эхэлсэн. Хожим 1930-аад оны үеэс эхлэн 1921 оны үйл явдлын үүрэг ач холбогдлыг дөвийлгөхийн тулд 1911 оны үйл явдал бол хөдөлгөөн байсан. Энэ бол феодал, лам нарын өөрсдийн эрх мэдлийг хадгалах үлдэхийн тулд хийсэн үйл явдал гэж үздэг байсан. Харин гагцхүү 1921 оны хувьсгал бол Монголын ард түмнийг жинхэнэ эрх чөлөөнд хүргэсэн хувьсгал гэж нэрлэсэн.
-Хэрэв тухайн үеийн хувьсгал болоогүй бол өнөөдөр Монгол улс байх болов уу?
-Тодорхой аргачлал ашиглан төсөөлж болно. тухайн үед Монголтой адил нөхцөл байдалд байсан олон улс байгаа. Жишээлбэл Төвд, Уйгар зэрэг улсууд байна. Төвдүүд манжуудын эсрэг босож хөдөлсөн ч амжилтад хүрээгүй. Босож хөдөлсөн улсууд нь чадаагүй байхад босож хөдлөөгүй бол тусгаар тогтнох ямар ч боломжгүй. Тухайн үед тэмцэж байсан олон улсууд 50, 60 жилийн турш тэмцсэн ч одоогийн хятадын нутаг дэвсгэрт харьяалагдах болсон. Эндээс харахад хэрэв босож хөдлөөгүй бол монгол гэж байхгүй байх байсан.
-Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа гэж юуг хэлж байна вэ?
-Монголчуудын тусгаар тогтнолын баталгаа бол монгол хүн. Монгол хүн гэдэг нь Монгол гэх нэрийн дор хоорондоо ижилссэн хүмүүсийг хэлж байгаа юм. Эдгээр хүмүүсийн дунд оршин байгаа ухамсар, ижилсэл бидний баталгаа юм. Хэрэв энэ ижилсэлд ямар нэг ан цав суувал тусгаар тогтнол ганхах юм.
-Ижилсэл гэж юуг хэлж байна вэ?
-Ижилслийг олон талаар тайлбарлаж болох ч дан ганц ухамсрын бүтээгдэхүүн гэж үзэх нь учир дутагдалтай. Ижилсэл бодит амьдралаас үүсэж байдаг. бид нэгдмэл эдийн засагтай, дотроо гаальгүй, тээвэр харилцаа холбооны нэгдмэл тогтолцоотой. Эдгээр нь биднийг ижилсэхээс өөр аргагүй болгодог. Монгол хүн гэх ойлголтыг үүсгэж буй эдийн засаг, аж ахуй, нутаг дэвсгэрийн нийтлэг нь сул байвал ижилслийн хөгжил нь сул байна. Монгол улсын хувьд өргөн уудам нутаг дэвсгэр, олон засаг захиргааны нэгж, төмөр замын ганц шугамтай дэд бүтэц сул хөгжсөн. Ижилсэлийг зам дагасан газруудад илүү хүчтэй байна гэж харж болно.
-Оюутнуудын хувьд 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 29-ны өдрийн талаар ямар ойлголттой байдаг вэ?
-Нийтлэг ажиглагддаг зүйл нь улс тунхаглах гэдэг үгийг л ойлгохгүй байгаа юм. Улс тунхаглана гэдэг нь улс байгуулна гэсэн үг. Тусгаар тогтнолоо байлдан олж байгаа ард түмэн улс байгуулж, тунхаг бичиг гаргаж тунхагладаг. Өөрөөр хэлбэл улс тунхагласан өдрийг тусгаар тогтнолын өдөр хэмээн нэрийдэж байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.