Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Архинаас “хямдхан” амь нас гэж байх ёсгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 36 секунд

Арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцэн баярын уур амьсгалд “согтож” эхэлдэг. Харин энэ үед нийслэл хотын хаа ч хөл нь дэлхийгээ онохгүй, хэл нь тагнайгаа олохгүй тонгочих олны нийтлэг дүр зургийг харж болно. Энэ хэрээр баяраа хэтрүүлэгсэд гэр лүүгээ бус ГССҮТ-ийг зорих нь олширдог талаар албаныхан анхааруулдаг. Тэр дундаа арванхоёрдугаар сар гарсаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж ирж буй үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн аж. Харамсалтай магадгүй хариуцлагагүй үйлдэл гэхэд ч багадах буй. “Архиа тааруулж уусан бол”, “Согтсон нэгнээ гэрт нь хүргээд өгчихсөн бол”, “Тэрхэн зуурт уураа барьсан бол” гэх мэт бодол өнөөдөр ГССҮТ-ийн коридорт хэчнээн хүнийг шаналгаж байгааг хэлж мэдэхгүй.

“Зургаан өдрийн дотор 9 хүн осгож, амиа алдав”

Баяр хэмээх шалтгааныг тодотгохын сацуу хүйтний эрч чангарсан, дэн өвлийн хүйтнээр цугтаа баярлаж цэнгэсэн хэр бие биенээ орхидог байдлаас үүдэн осгох нөхцөл байдал үүсч байгааг хэлэхгүй өнгөрөөж болохгүй. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас 2021 оны арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 тохиолдолд "Хэргийн газрын үзлэг" хийхэд урьдчилсан байдлаар осгож, хөлдөж нас барсан 9, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс 6 тохиолдол бүртгэгджээ. Нэг хүний амь ч бидэнд үнэтэй. Гэтэл ердөө зургаахан өдрийн дотор 9 иргэн осгож хөлдөж нас барсан гэх.

Хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй. Эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз жаргал, амжилт, бүтээлийн төлөө гэж хундага тулгах бүрт, уусангүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдож, тунирхаж, шөнө оройн цагаар нэгнийгээ хяналтгүй явуулж байгаа нь золгүй явдлаар төгсөж байна.

ГССҮТ: Гурван хүн тутмын нэг нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэл авч, хандаж байна

Тэгвэл баяр, ёслолын эл өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал, нөхцөл байдал хэр байгаа талаар тус эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболдоос тодрууллаа.

-Баярын өдрүүд үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгийн ачаалал хэр зэрэг байна вэ?

-ГССҮТ-ийн яаралтай тусламжийн хүлээн авах тасгаар хоногт 350-450 хүн ирж үйлчлүүлж, тусламж авч байна. Үүнээс 25-30 орчим нь эмнэлэгт хэвтэж дараагийн шатлалын тусламж үйлчилгээг авах байдлаар үйл ажиллагаа явагдаж байгаа. Арванхоёрдугаар сарын эхний хагаст архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж, гэмтээд ирэх иргэдийн тоо харьцангуй цөөн байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд энэ тоо ихсэж байна. Хоногт 350 орчим хүн үйлчлүүлэхэд түүний 135 орчим нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирж байгаа юм. Үүнийг нийт үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдтэй харьцуулж авч үзвэл гурван хүн тутмын нэг нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ямар нэгэн байдлаар гэмтэж, ГССҮТ-д хандаж байна гэсэн үг.

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд дийлэнхдээ ямар төрлийн гэмтэл авсан байх нь элбэг байна вэ?

-Бүх төрлийн гэмтэл авсан иргэд их байгаа. Согтууруулах ундаа тээврийн хэрэгсэл жолоодсоноос гаргасан авто осол, бусдын биед гэмтэл учруулах, осгох хөлдөх, явганаас унаж мөчдийн болон тархины гэмтэл авах гэх мэт тохиолдлууд ирж байна.

-Сальюттай холбоотой бэртэл, гэмтэл авсан тохиолдол хандах нь хэр байгаа вэ?

-Хэдэн жилийн өмнө сальюттай холбоотой бэртэл, гэмтэл авсан иргэд их ирдэг байсан шүү дээ. Нэг үеэ бодоход олон нийтийн сальютны хэрэглээ зохистой хэмжээнд болчихсон учраас бэртэл, гэмтэл авч ГССҮТ-д хандаж тохиолдол ч буурсан.

-Иргэд олон нийтэд хандаж ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Баяр ёслолын өдрүүд таарч буйтай холбогдуулан архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах аль эсвэл тохируулж хэрэглэх нь чухал байна. Санамсар болгоомжгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулъя.

Архинаас “хямдхан” амь нас гэж байх ёсгүй

Нөгөөтээгүүр, иргэд өөрсдийн амь насаа архинаас илүү үздэг баймаар байна. Нэг л жишээг татъя. Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 тусгай дугаарын утсанд ......... дүүргийн...хорооны ...тоотод ...... /э../..нас/ нь архины хордлого, татаад гэх дуудлагаар ирэхэд нас барсан байна” гэх мэдээллийг бүртгэгджээ. Мэдээллийн дагуу цагдаагийн хэлтэс шалгахад амь хохирогч хааяа архи уудаг, гурав хоногийн өмнө байгууллагын шинэ жил тэмдэглэж, үргэлжлүүлэн хоёр өдөр архи уусан, өнөө өглөө архи уугаагүй, гэртээ хэвтэж байгаад бөөлжсөн, мөн татаад байхаар нь эмнэлэг дуудсан. Урьдчилсан байдлаар архины хордлого. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдгийг харуулах нэг л жишээ энэ болов.

Гэмтэж ирж буй гурван хүн тутмын нэг нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг бол өндөр үзүүлэлт. Гэхдээ сайн бус муу талаараа. Үүнээс харахад, шинэ жилийн баяраа тэмдэглэсэн ААН, байгууллагууд эргээгээд ажилтан, алба хаагчдынхаа аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, нөгөөтэйгүүр иргэд өөрсдийн амь насаа хоромхон зуурын сэтгэл хөдлөлөөс илүүд тавих хэрэгтэй байна.

“Тоонот“ студийн артист, реппер Г.Уянгадарь оны онцлох хүүхдээр шалгарлаа
“Тоонот“ студийн артист, реппер Г.Уянгадарь оны онцлох хүүхдээр шалгарлаа
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.