Монгол Улс усан цахилгаан станц барих асуудал дээр хоёр, гурван ч удаа маргаан дэгдээж улмаар өнөөдрийг хүртэл барих нь зөв, буруу хэмээн тэмцэлдсээр л байна. Хамгийн сүүлд л гэхэд Эгийн голын УЦС барих асуудлыг ОХУ-ын дэд сайд манайд айлчлахдаа таалаагүй. Гэтэл Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудлыг малчид, зарим нэр бүхий хүмүүс эсэргүүцсээр л байна. Тэгвэл УЦС барих нь зөв үү буруу юу?
Эхлээд бид эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсох нь зүйн хэрэг биз ээ. Тиймээс Дэд профессор, судлаач Д.Батсүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу, Усан цахилгаан станц барьснаараа манай улсад ямар ашигтай байх талаар яриагаа эхэлье?
-Усан цахилгаан станцыг барьснаараа бага зардлаар цахилгаан гарган авч эдийн засагт зардлын хэмнэлт авчрах ач холбогдолтой. Манай улсын хувьд цахилгааныхаа тодорхой хувийг ОХУ-аас импортоор авдаг. Энэ нь өндөр өртөгтэй байдаг бөгөөд зарим бүс, аймаг, сумын хөгжил дэвшилд ч тодорхой нөлөө үзүүлдэг. Тусгаар тогтносон улсын хувьд эрчим хүчний хараат бус байх нь эдийн засаг, улс төр, цаашлаад геополитикийн хувьд чухал ач холбогдолтой юм.
-Усан цахилгаан станц бүтээн байгуулах нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Хугацааны эхэн үе буюу усан цахилгаан станцын (УЦС) даланд ус хуримтлуулах богинохон хугацаанд бага зэргийн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэхдээ үүнийг сайн тооцож, хяналттай сайн хийж чадвал ямар ч асуудалгүй. Урт хугацаандаа байгаль орчинд харин ч олон эерэг нөлөөлөл авчрах боломжтой.
-Арай дэлгэрэнгүй тайлбарлаж хэлбэл УЦС-ыг барихын тулд эхлээд хаалт, далан бий болгож тэндээ тодорхой хэмжээний усыг хуримтлуулдаг. Ус хуримтлуулах явцад хуучин гольдорлоороо урсдаг байсан усны урсац буурна гэсэн үг. Энэ үеийг маш мэдрэмтгий тооцож, хуучин гольдорлын усыг таслахгүйгээр урсгаж тэнд байх биологийн болон янз байдал болон хүмүүсийн аж амьдралд сөрөг нөлөөлөхгүй байхаар тооцох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцүүлэн ус хуримтлуулж чадвал ямар ч асуудал гарахгүй. Ялангуяа хаврын шар усны үер, хүчтэй хур борооны үеийн усны илүүдэлтэй байх үед нь илүү хуримтлал үүсгэх хэрэгтэй.
-Тэгвэл УЦС барихад байгаль орчинд ямар эерэг нөлөөлөл гарах вэ?
-УЦС-н шинэ далан барьж тэнд тодорхой хэмжээний ус хуримтлуулж хиймэл нуур бий болгох нь байгаль орчин талаасаа маш чухал ач холбогдолтой. Тэр хэсэгт шинэ усан гадаргуу, хиймэл нуур цөөрөм, шинэ экосистем, шинэ орчин үүснэ. Цаашлаад тухайн хэсэгт шинэ биологийн зүйлүүд нутагшиж, хуурайшилт буурч, экосистемийн хувьд эерэг олон өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл манайх шиг хуурай, гандуу бүс нутагт шинэ усан орчин бий болох нь маш чухал ач холбогдолтой юм.
-УЦС барихдаа далан бий болгож томоохон бассейн байгуулдаг юм байна. Түүндээ ус хуримтлуулах хугацаанд л тухайн голын урсцаас ус авч, бассейн бүрэн байгуулагдсан дараа голын урсцад нөлөөлөхөө болино гэж ойлгож болох уу?
-Эхлээд голоос бассейндаа ус хуримтлуулна. Бассейнаас гарч байгаа ус усны турбинаар орж түүнийг эргүүлэн механик энергиэс генератораар дамжин цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд эндээс гарсан ус буцаад л үндсэн гол руугаа ороод ирнэ шүү дээ. Үндсэндээ тэнд 2-3 км-ын орон зайд усыг салбарлуулаад буцаагаад нийлуулчихэж байгаа асуудал юм. Түүнээс голын усыг, эсвэл УЦС-н даланд хуримтлагдсан усыг хэн нэгэн ховх сороод авч байгаа юм огт биш. Тиймээс энэ нь тухайн голын системд хүчтэй сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг юмаа.
-УЦС нь бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс давуу болон сул тал нь юу вэ?
-Монгол орны хувьд жилийн дөрвөн улиралтай, улирлуудын ялгаа тод илэрдэг бөгөөд энэ нь сэргээгдэх эрчим хүчний төрлүүдэд өөр өөрөөр нөлөөлдөг онцлогтой. Давуу тал нь хүн өөрөө тохируулга хийдэг болохоор ямар нэгэн цахилгааны үелзэл гарахгүй. Жишээ нь салхин цахилгаан станц салхи их бол их энерги гаргана. Харин бага бол бага энерги гаргана. Нарны эрчим хүч бол үүл болон нар тусах хугацаанаас хамаараад хэлбэлзэлтэй байдаг бол УЦС нь бусдыгаа бодвол цахилгааны үелзэл багатай хүн зөв удирдаж л чадвал найдвартай эрчим хүчний эх үүсвэр гэж хэлж болно. Сул талын хувьд жижиг, дунд хэмжээний станцууд нь хүйтний улиралд ус гүн хөлдөх учир тэр үед ажиллахгүй байх талтай.
-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц дээр судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ? Барих нь зөв үү, буруу юу?
-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг харахад тухайн байгалийн тогтоц үнэхээр УЦС барихад тохиромжтой өвөрмөц тогтоцтой байна гэж харж байгаа. Зарим улс орнуудын хувьд УЦС барихад их төвөгтэй байдаг. Жишээ нь Хятад, Европын орнуудаар явж байхад байгалийн өгөгдөл нь хэцүү учраас өндөр зардлаар УЦС барьж байгуулдаг юм билээ. Усаа хуримтлуулах гэж, бассейн бий болгох гэж их өртөг, хугацаа шаарддаг. Эрдэнэбүрэнгийн УЦС ерөнхий тогтоц байдлыг нь харахад байгалийн хувьд их тохиромжтой гэж хэлж болно.
-Байгалийн тогтоц бас нөлөөлдөг байх нь ээ?
- Байгалийн тогтоц их нөлөөтэй шүү дээ жишээ нь тухайн бүс нутгийн цаг уур, уур амьсгал, усны урсац, газарзүйн тогтоц, иж бүрдлүүдийн нөхцөл, хөрс, хурдас чулуулгийн нөхцөл, гадаргын хэвгийн зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.
-Анхнаасаа тооцоо судалгаагаа зөв хийсэн байхад голын экосистем, сав газар нутагладаг малчид тариаланчдад сөрөг нөлөөлөл учрахгүй гэж ойлгож болох уу?
-Яг зөв. Зөвхөн УЦС –н далан барих, ус хуримтлуулах явцад л сөрөг нөлөө гарч болзошгүй. Гэхдээ зөв, сайн тооцоолоод хийчихвэл ямар ч асуудалгүй. Томоор нь харвал бага зэрэг салбарлуулаад буцаагаад л тухайн гол руугаа усыг нь нийлүүлчихнэ гэсэн үг юм даа. Тухайн гол урсдагаараа урсаж л байна шүү дээ. Хүмүүсийн болгоомжилж байгаа асуудал нь УЦС барих үед сөрөг нөлөөлөл гарах бий дээ л эсэн болгоомжлол байгаа байх.
-Монгол Улсад УЦС хэд байхад цахилгаан хэрэглээгээ хангаж бусдаас хараат бус байх боломжтой вэ?
-Энэ бол харьцангуй ойлголт. Эхлээд манай улс өөрөө дотооддоо янз бүрийн эх үүсвэрээс цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээгээ хангадаг байх ёстой. Магадгүй цаашлаад илүү цахилгаан гаргаж чадаж байвал бусад улс орон луу экспортолж бас болно. Хамгийн чухал асуудал бол дотоодын хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Цахилгааны шаардлага их байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.