Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдээ хамгаалдаггүй БНСУ-д суугаа Элчин сайдыг эргүүлэн татья

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 27 секунд

Харийн нутагт 13-хан настай Монгол охин бусдад дээрэлхүүлж, бие мах бодь, сэтгэл санааны хувьд асар их дарамтад орж суухад ганган дээл өмсөж, гадаад харилцаагаа мянгантаа сурталчилаад нэмэр байгаа юм уу, Б.Батцэцэг сайд аа. Өчигдөржингөө гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шуугиж, цахим "индэр"-тэй хэн бүхний уур бухимдал, дургүйцэл эцэстээ тулж байхад ГХЯ нь "Өнөөдөр л хэвлэлээс олж мэдлээ" гэх хариуцлагагүй үг унагааж байх юм. Амтай бүхэн "шуурч" байхад Гадаад харилцааны яамныхан мэдээгүй суугаа нь дэндүү харамсалтай. Эл хэрэг дээр дэндүү гэхэд, дэндүү хариуцлагагүй, сэтгэлгүй ажиллаж байна, ГХЯ.

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон энэ хэрэг өнгөрөгч долдугаар сард гарчээ. Цаг хугацааны хувьд аваад үзэхэд ч, аль таван сарын өмнө болсон асуудал шүү дээ. Нөгөөтээгүүр, БНСУ-д суух Элчин сайдын яам тус хэрэг прокурорын байгууллагад шилжсэн байхад яагаад өдийг хүртэл нүд нь балай, чих нь дүлий мэт байв. Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа гэгч эрхэм өөрөө эх хүн мөртлөө дунд сургуулийн хүүхэд хүчирхийлүүлж, бусдадаа дээрэлхүүлэн доромжлуулж байхад ач холбогдол өгөх нь бүү хэл хойрго хандаж байгаад гайхаж байна. Ер нь Элчин сайдын яам гэх сүржин тодотголтой байгууллага чинь юуны тулд, хэний эрх ашгийг хамгаалах гэж байдаг юм. Товчхондоо, ямар ч асуудлыг бодлогын хүрээнд л хардаг гэмгүй цагаан захтанууд төрийн ажлыг цалгардуулахаа болимоор байна. Монгол иргэд Солонгос улсын төрийн байгууллагын үйлчилгээ авахаас илүү Элчин сайдын яамтайгаа харилцахад хүндрэлтэй байдаг тухай гомдолсоор л байна.

Бид эх орныхоо эд эс болсон жаахан охиныг харийн нутагт бусдад дээрэлхүүлж байхад хүний эрх гэж цээжээ дэлдээд яах юм. Гадаадад ажиллаж амьдрахаар очсон иргэдийн эрх хэр их зөрчигддөг болохыг бид бодитоор ч сайн мэдэхгүй. Эл хэргээс гадна тус улсад хэчнээн Монгол хүүхэд үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж, эрх нь хязгаарлагдаж байгааг таашгүй. Яам нь ч, холбогдох мэргэжлийн албад нь ч энэ мэт асуудалд хариуцлагатай хандахыг олон нийт шаардаж байна.

Төр хүчгүйнх үү аль эсвэл төрийн ажил хэрэгжих шатдаа цалгардаад байна уу. Монгол охиныг манай элчин биш Солонгосын цагдаа хамгаалж байгаа юм билээ. Солонгос онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн гэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Одбаярын асуудалд улс даяараа яаж эгдүүцэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл хүчирхийлэл үйлдсэн нь бус зодуулсан охин нь өөрөө хэрэг хийсэн мэт сэтгэгдэл төрж, сургуульдаа ч явж чадахгүй байгаа гэх. Одоо ч сүрдүүлгүүд ирсээр байгаа гэдгийг хохирогч охины ээж ярьжээ.

Таван сарын хугацаанд тоолгүй өнгөрөөсөн энэ асуудал яван явсаар хохирогч охины сэтгэл санаа, эрүүл мэнд, аюулгүй байдалд ямар аюул учруулсаныг, учруулж болохыг бодолцоогүйд бүх учир байна. Дахиад асууя. Басхүү хариуцлага нэхье. Тамхи татаж байсан ишээ идүүлж, архи хүчээр уулгаж, зодож 6 цаг хорьсон нь зүгээр л сэвээд орхих сэдэв үү. Эцэст нь хэлэхэд, олон нийтийг цочроосон эл асуудалд Монгол Улс иргэнээ хамгаалж чаддаг улс мөн үү гэдгийг л харах үлдлээ.

Ц.Ийнгаа

Гэрээрээ вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай иргэд рүү баг илгээн ДАРХЛААЖУУЛЖ байна
Гэрээрээ вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай иргэд рүү баг илгээн ДАРХЛААЖУУЛЖ байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.