УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Эдийн засгийн хөгжлийн сайд Шадар сайдын түвшинд байвал зүгээр байна. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн хүн Засгийн газрын гишүүн байх боломжтой. Эдийн засгийн хөгжлийн сайд хууль эрх зүйн хүрээнд дан дээлтэй байвал ажил явахад хүндрэлтэй. Давхар дээлтэй Сангийн сайд дан дээлтэй ЭЗХ-ийн сайдынхаа үгийг сонсох уу. Үүнийг ажлын хэсэг юу гэж үзэж байна вэ.
Хоёрдугаарт ЭЗХ-ийн яамны дэргэд агентлаг байх хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байх шаардлага бий. Агентлаг байгуулах боломжтой юу"
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүтцийн асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайдын саналыг харгалзаж үзэхээс өөр аргагүй. С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан хуульд Шадар сайд Эдийн засгийн хөгжлийн сайдаар хавсарч ажиллах санал орж ирсэн. Үүнийг Ерөнхий сайд дэмжихгүй байгаа"
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Яам байгуулж болно. Үндсэн хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ өнөөдрийн байдлаар яамдуудын бодит төрх нь салбарыг мэргэжилтнүүд удирддаг болсон. Мэргэжлийн сайд гэж зүйл байхгүй болсон. Мэргэжлийн бус сайд мэргэжилтнүүдийнхээ аятайхан сонсогдсон үгийг сонсдог. Мэргэжлийн бус учраас шийдэл, шийдвэр гаргаж чаддаггүй. Сайд болно гээд улайраад л гүйцгээхээс биш мэдэхгүй, чадахгүй байгаагаа мэддэггүй нь харамсалтай. Ямар ч диплом мэргэжилтэй юм бүү мэд. Гол нь сайд болно гэдэг асар том хүсэлтэй. Үүнээс болж яамд бүтэлгүйтдэг. Өмнө нь бид Үндэсний хөгжлийн яам байгуулсан. Гэтэл нөгөөх нь барилга байшин, замын уулзвар барьсаар байгаад дууссан. Иймэрхүү байдлаар яамд нэмбэл төсвийн үрэлгэн зардал болж өнгөрсөн. Бодлого төлөвлөлтийн асуудлыг хариуцаад явчих хүн хэр байгаа бол гэж бодож байна. Тиймээс яам байгуулбал, салбарын шилдэгүүд нь очиж ажилладаг байх хэрэгтэй"
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Шинээр тавигдах яамдын сайд нар мэргэжлийн хүмүүс бий. Эдийн засаг, хөгжлийн яам нь бодлого төлөвлөлтийн яам байна. Салбар дундын зохицуулалт хийнэ. Үндсэн чиг үүргийнх. Мөн одоо мөрдөгдөж буй Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар энэ яам дэргэдээ эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн хүрээлэнтэй байна"
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Эдийн засгийн хөгжлийн яам байгуулаад юу сайжрах юм бэ. Яамны орон тоо, төрийн албан хаагчдын орон тоог нэмээд байдаг. Үүний ард татвар төлөгчдийн, уул уурхайгаас орж ирж буй мөнгө л бий. Сайжирна гэсэн баталгаа бий юу. Хэдэн жилийн өмнө Соёлын яам байгуулаад соёл сайхан болно гээд ярьж байсан. Тийм зүйл алга. Хөгжмөөр байгаа бол Тавантолгойн цахилгаан станцаа барих хэрэгтэй. Нарийн царигтай төмөр замаа барих хэрэгтэй. Энэ замыг бид туулаад гарсан.
Энэ улс орон та бүхний ах дүү нараа дарга болгох гэсэн энэ олон яамны дарга нарын тоог дийлэхгүй болж байна. ААН-ийнхээ тоог нэмж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн цалинг нэмж байж л хөгжинө. Социализм руугаа эргээд л яваад байна"
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эдийн засгийн хөгжлөө тодорхойлох жишгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Бидний өнгөрсөн 30 жилийн алдаа бол төрийн бодлого тогтворгүй байснаас болсон. Үүнийг төлөвлөдөг болъё гэж байгаа. Бодлого, төлөвлөгөөгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил. Бодлого, төлөвлөлтийг нэг газар хийгээд, хэрэгжүүлэлт, зохион байгуулалтыг салбар яам хариуцахаар тооцож бодлогын цаасны яам байхаар оруулж ирсэн"
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ээлжит цаасны яам нэмэгдэж байгаа юм байна. Ангарскд очоод бензинээ авчих чадвартай сайд бий болох уу. Урд хил дээр очоод нүүрсээ яаж гаргах зэрэг бүх зүйлээ тохирч чадах хүн бий болох уу. Өмнө ийм хүн байгаагүй юм уу. ЭЗХ-ийн яам байгуулаад бид цэнгэлийн манлайд хүрэх үү"
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Цаасны гэж хэлж байгаа нь бодлого тодорхойлж, төлөвлөлт хийх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэлж байгаа юм. Салбарын яамдууд бодлогыг хэрэгжүүлнэ"
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах гэж байна. Үүнийг дэмжинэ. Гэхдээ нэг том чухал асуудал орхигдоод байна. Эдийн засгийн хөгжлийн яаманд хүний хөгжлийн асуудлаа яаж оруулж байгаа вэ. Манай улсад хүний хөгжлийн бодлого маш их алдагдаж байгаа. Хүнээрээ хүн хийдэг ардын ухаан, уламжлалт зан заншлаа сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд алдаж байна. Ингэснээр ёсзүйн асуудал, чадваргүй мэргэжилтнүүд бий болж байна. Хүний хөгжлийн бодлогыг боловсруулдаг, түүнийгээ авч явдаг ямар ч институци байхгүй. Монгол Улс ямар хүнтэй, ямар иргэнтэй байх нь хүний хөгжлийн бодлогоос шууд хамаарна. Тиймээс шинээр байгуулагдах яаманд үүнийг тусгах уу"
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газраас орж ирсэн төсөлд ЭЗХЯ-нд дан ганц эдийн засгийн асуудлыг хариуцуулахаар чиг үүрэг нь орж ирсэн. Ажлын хэсэг ярилцаж байгаад энэ яаманд эдийн засгийн асуудлаас гадна хүний хөгжлийн бодлогын асуудлыг оруулахаар болсон. Хүний хөгжилтэй холбоотой бодлогын асуудлыг ЭЗХЯ тодорхойлох ч хэрэгжүүлэхийг ХНХЯ хариуцна.
Мөн хүн амын нутагших, суурьшлын асуудлыг ч ЭЗХЯ-нд хариуцуулахаар болсон"
УИХ-ын гишүүн Э.Батшугар "Хоёр яам байгуулахыг дэмжиж байна. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам. Эдийн засаг гэдэг чинь томъёон дээр тогтсон онолтой шинжлэх ухаан юм. Яг цөмийн энергитэй адилхан. Жишээлбэл, мөнгөний өсөлт нэмэгдэхээр зээл ханшинд яаж нөлөөлөх вэ, аль эсвэл Засгийн газар төсвөө санхүүжүүлэх гэж Засгийн газрын бонд гаргавал бодит секторт ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэтчилэн янз бүрийн бодит нөлөөнүүд байдаг. Энэ бүгдийг нэг том зургаар харах нь зүйтэй байдаг юм. Макро түвшинд мөн урьдчилж төлөвлөгөө боловсруулах нь маш чухал. Жишээ нь, өнөөдөр Хятадын хил хаасантай холбогдуулан орлого нь хомстсон ААН-үүдээ яаж хамгаалах вэ, ямар бодлого баримтлах вэ гэх мэтчилэн. Үүнтэй холбогдуулан хоёр асуулт байна.
Төв банкны хараат бус байдлыг яаж хангасан байдлаар Эдийн засгийн хөгжлийн яам харилцаа уялдаа холбоогоо нийлүүлэх вэ.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд яамны сайд орох уу. Хэрвээ орвол хэн даргалах вэ. 4 гишүүнтэй болчихвол санал хураавал санал тэнцээд байвал энэ байдлыг хэрхэн яаж шийдэх вэ"
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг газар. Засгийн газрын тухай хууль болон Монголбанкны тухай хуулиар харилцааг нь зохицуулж өгсөн байгаа.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж бий. Хуулинд нь өөрчлөлт орох болов уу. Цаашдаа энэ зөвлөлд ЭЗХ-ийн сайдыг багтаах болов уу гэж бодож байна" хэмээлээ.
Ингээд санал хураалт явуулахад 73.6 хувийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.