Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв. Тэрбээр "Сүүлийн байдлаар инфляци 9.5 хувь байна. Нийслэлд 9.1 хувьтай байгаа. Манай улсын энэ удаагийн инфляцын голлох шалтгаан нь гадаад сектор юм. Дэлхийн гол цөм болсон улсуудын инфляц өнгөрсөн зургаадугаар сараас хойш хөдөлгөөн орж, нэмэгдсэн. Урд хөршийн инфляц ч нэмэгдсэн. АНУ-ынх хоёр дахин, Япон улсынх 2.5 дахин нэмэгдсэн байх жишээтэй.
Инфляцын асуудал дээр гадаад улсын нийтлэг арга хэмжээ нь хүлээсэн, ажигласан байдалтай байна. Бидний хувьд мөн адил одоо байгаа энэ инфляц нь бусад улс орнуудтай ижилхэн шалтгаантай. Бид нэгдүгээрт эдийн засгийн өсөлт, тэлэлтийг чухалчилна. Хувийн секторын бизнесийн өргөжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар дамжин ДНБ-ээ тэлэх боломжуудыг чухалчилна.
Биднээс шалтгаалахгүй зүйл байх ч Засгийн газар, Төв банк хамтран инфляцыг нам дор байлгах боломжит бүхий л арга хэмжээг авна.
Түүнчлэн бид нэг үеэ бодвол дотооддоо сайн нөөцөлдөг болжээ. Харин зарим бүтээгдэхүүн хурдан муудах асуудал үүсэж байна. 2022 онд гадаад худалдааг хэвийн байдалд оруулахаар бүхий л бололцоогоо дайчлан зохион байгуулалт хийн ажиллаж байна. Хилийн асуудал дээр оролцоогүй яам гэж байхгүй. Бүх түвшинд хамтран ажиллаж байгаа” гэв.