Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөрдөн шалгах нэгжүүдээс хүнийг алах 19, залилах 217, хүчиндэх 48 хэргийг шуурхай шалган шийдвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 39 секунд

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас зохион байгуулж буй цаг үеийн шинжтэй арга хэмжээний талаар тус албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Алтангэрэлээс тодрууллаа.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас харъяа нэгжийн хэмжээнд шалгагдаж байгаа гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлэх, хэргийн бодит байдлыг тогтоон гэмт хэргийн улмаас хохирсон иргэд, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, хохирол өндөртэй, ажиллагаа ихтэй ээдрээ төвөгтэй хэргүүдийг илрүүлэх, шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Шийдвэрлэлт-2” хэсэгчилсэн арга хэмжээг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд Монгол улсын хэмжээнд зохион явуулж байна.

-Арга хэмжээний явц үр дүн болон нөхцөл байдал ямар байгаа вэ?

Тус арга хэмжээний хүрээнд харьяа нэгжүүдээс өнөөдрийн байдлаар:

  • Гэмт хэргийн шинжтэй 3035 гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн, хариу өгч ажилласан.
  • Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргээс шүүхэд шилжүүлсэн 1624, хэрэгсэхгүй болгосон 31, бусад хэрэгт нэгтгэн шалгасан 502, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 941, нийт 3098 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд мөрдөн байцаалтын шатанд 12.348.659.242 /арван хоёр тэрбум гурван зуун дөчин найман сая зургаан зуун тавин есөн мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 297.973.678 /хоёр зуун ерэн долоон сая есөн зуун далан гурван мянга зургаан зуун далан найм/ төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн.

Арга хэмжээний үр дүнд:

Одоогийн тоон үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гомдол, мэдээлэл 865 нэгжээр буюу 37.7 хувь, хэрэг бүртгэлтийн хэрэг 651 нэгжээр буюу 13.6 хувь, мөрдөн байцаалтын хэрэг 200 нэгжээр буюу 17.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна.

Мөрдөн шалгах нэгжүүдээс арга хэмжээний хүрээнд хүнийг алах 19, залилах 217, хүчиндэх 48, үүнээс бага насны хүүхэд хохирсон 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж дуусган прокурорт шилжүүлэн ажилласан байна.

Хохирол ихтэй олны анхаарлыг татсан хэргүүдээс дурьдвал?

Арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлох хэргүүдээс дурьдвал:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилчдын байранд 2021 оны 08 дугаар сард тус компанид жолооч ажилтай “Н” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн “А”-ийн амь насыг хохироосон.

2. Өсвөр насны “А” нарын 18 этгээд бүлэглэн Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 180 иргэний эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн.

3. Сүхбаатар дүүргийн харъяат “Б” гэгч нь 2021 оны 07 дугаар сард иргэн “Б”-г бусдын захиалгаар алахаар завдаж 8 удаа хутгалж гэмтэл учруулсан, мөн бага насны хохирогч “О”-г хүчирхийлсэн.

4. Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сард иргэн “С” гэгчийг “Б” нарын 4 этгээд бүлэглэн хүч хэрэглэж барьцаалсан.

5. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “Г” нь бусадтай цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөлд заасан банкны төлбөр төлөх төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, 1.987.057.000 /нэг тэрбум есөн зуун наян долоон сая тавин долоон мянга/ төгрөгийг залилсан.

6. Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн хувийн хувьцаа эзэмшигч “С” нь бусадтай бүлэглэн “Ханбогд Оюу” ХХК-ний ХААН банк дахь харилцах данснуудаас удаа дараагийн үйлдлээр гүйлгээ хийж мөнгө угаасан.

7. Иргэн “Б” нь бусадтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тусгайлсан байр бэлтгэн цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдийг хуурч мэхлэн 9.519.053.824 /есөн тэрбум таван зуун арван есөн сая тавин гурван мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан гэх мэт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн дүүрэн явуулсны үндсэн дээр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна.

Ямар нэгэн гэмт хэргийг илүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага оролцоо маш чухал байдаг. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж буй болон үйлдсэн талаарх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллаж байхыг хүсье.

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав
 
АГААРЫН ЧАНАР: Хайлааст, 1-р хороолол орчимд ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ зааж байна
АГААРЫН ЧАНАР: Хайлааст, 1-р хороолол орчимд ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.