АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг бүлгээс хөөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Батсууриас өөрөөс нь тодрууллаа.
-Таныг намаас хасах шийдвэр гаргаж буйгаа АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Намаас хассан гэж хэдхэн минутын өмнө мэдээлэл хийсэн байна. Би 1996 оноос хойш 7 удаа сонгуульд оролцож, 7 удаа ялалт байгуулсан. АН-ын нэр хүндийг өндөрт өргөж явж байсан. АН-ын бүлгийн доторх 13 гишүүн дотор аймгаасаа хоёр тойрогтоо ялалт байгуулсан, ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн хүмүүсийг ямар нэгэн байдлаар хөөж байгаа нь АН хаашаа явж байна вэ гэж гайхаж байна. Улстөрийн нам гэдэг бол ялах зорилготой. Ялсныхаа дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэгтэй хамт олон. Энэ зорилгыг 100 хувь биелүүлж байгаа, бүлгийн шийдвэрийг огт зөрчиж үзээгүй хүмүүсийг хөөж байгаа нь ирэх сард болох АН-ын эв нэгдлийн хурлаас айсан алхам юм болов уу гэж харж байна.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар толгойлогчтой хэсэг хүмүүстэй манай бүлгийн дарга эвсэн нэгдэж, бүлгийн гишүүдийн гарын үсэг худалдан наймаалцах замаар нийгэмд буруу мессеж өгч байна.
-Чуулганы хуралдаанд таныг удаа дараа согтуугаар үг хэлсэн гэж мэдэгдэж байсан?
-Тэр бол УИХ-ын дарга Г.Занданшатартай холбоотой асуудал. Би Г.Занданшатарыг УИХ-ыг удирдаж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Тэгэнгүүт намайг өөртэйгээ адилтгаж бодож байна. Өнгөрсөн хавар бид талбайд жагсаж байхад Г.Занданшатар гарч ирэхдээ шал согтуу. "Хэл нь тагнайгаа олохгүй, хөл нь талбайгаа олохгүй" явж байсан. Мөн Ерөнхийлөгчийн тангарагийн үеэр "ярьж чадахгүй" сольж холиод "Халтмаагийн Хүрэлсүх" гэх мэт Монгол оронд шившигээ дэлгэсэн. Үүнийг нь хэлэнгүүт намайг өөртэйгээ адилтгаж, согтуу байна чуулганыг хаахдаа хэлсэн. Тэр өдрийн бичлэгийг үзвэл би хамгийн түрүүнд ирсэн. Нэг ч гараагүй. Өдөр хамт олонтойгоо хамт хоол идсэн. Би угаасаа архи уудаггүй. Тэгээд ч ковид тусчихаад эдгээд гам барьж байсан. УИХ-ын танхимд согтуу орж ирсэн түүх байхгүй. Харин Г.Занданшатар өөрөө бол дандаа согтуу байдаг.