Улсын хэмжээнд өнөөдөр коронавируст халдварын 1131 тохиолдол батлагдаж, 6146 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Гэвч халдвараар өвдөөд эдгэрсний дараа шинж тэмдгүүд нь урт хугацаанд үргэлжилж байгаа талаар эрдэмтэд судлаачид, иргэд хэлж буй юм.
Тэгвэл урт хугацааны ковид19 ба зүрх судасны өвчлөлийн талаар УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий "Судалгаануудыг харахад, зүрх дэлсэх гэх мэт зүрх судасны системийн талаас зовиур шинж тэмдгүүд зонхилон илэрч байна. Коронавирус нь эсийг гэмтээх аль эсвэл вирусийн үед явагдаж буй үрэвслийн улмаас үүсч буй бодисуудын нөлөөнд бие хордох, зүрх гэмтэх зэрэг асуудлыг ярьж эхэлж байгаа. Зүрх судасны талаас олон тооны өвчлөлүүдийг үүсгэж болох талаар судлагдаж эхэлсэн. Дэлхийн 20 гаруй орны 70 орчим эрүүл мэндийн байгууллагуудад ковидын шалтгаант хэвтэн эмчлүүлсэн иргэдийг хамруулсан судалгаагаар нийт эмчлүүлэгсдийн 10 гаруй хувьд нь зүрх судасны ямар нэгэн өөрчлөлт илэрсэн. Ковид19 нь зүрх судасны системийг гэмтээх боломжтой. Ингэхдээ зүрх судасны суурь өвчинтэй бол илүү хүндрэх магадлалтай гэдгийг эдгээр судалгаа харуулж байгаа. Зүрх судасны хүндрэлийн тохиолдолд хэм алдагдал, булчингийн үрэвсэл, зүрхний ишеми, дутагдал зэрэг өөрчлөлтүүд үүсч байна.
Ковид19-ийн үед дэлхий даяар зүрхний шигдээсээр эмнэлэгт хэвтэлт, судсан доогуурх эмчилгээ буурч мөн хяналтын үзлэгийн тоо буурсан байна. Суурь өвчтэй хүмүүс эмнэлэгт хандах нь буурсанаас болж илүү хүндрэх магадлалууд байгаа юм. Үүнээс дүгнэхэд, ковид19 нь зүрх судасны өөрчлөлт, хүндрэлүүдийг үүсгэж байгаа юм.
Ковид19 халдвар аваад эдгэрсэн иргэдийн дунд шинж тэмдэг, зовиур нь удаан хугацаагаар үргэлжилж байгаа талаар хэлж байна. Урт хугацааны ковидын үед маш их ядрах, амьсгаадах, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, бачуурах, бачуурах, ой санамж муудаж, анхаарал төвлөрөлт багасах зэрэг шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжлэх тохиолдол байгаа.
Энэ нь ковидын эсрэг үүссэн дархлаа нь өөрийн биеийн эд, эсийг гэмтээх асуудал байж болох юм. Аль эсвэл хэдийгээр бусдад халдварлуулахгүй боловч биед вирусийн үлдэц байгаагаас шалтгаалж байх талтай. Иймд шинж тэмдэг, зовиур нь үүсгэж болох бусад эрхтэн системийн өвчлөлийг ялган оношилж байж ковид19 үргэлжилж байгаа эсэхийг таних боломжтой" гэлээ.
Тэгвэл урт хугацааны ковид буюу эдгэрсний дараах шинж тэмдэг, зовиурын үед дараах эмчилгээг хийж болохыг зөвлөлөө. Үүнд:
-Эрүүл тэжээллэг хооллох
-Ой санамж сайжруулах дасгал тогтмол хийх
-Эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинж тэмдгийн эсрэг эмчилгээг бичүүлж авах
-Ковид тусаагүй байх үеийнх шигээ ажлын идэвхээр ажиллаж боломжгүй. Өдөр өдрийн ажлын ачааллаа аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй.