УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг хуралдааны эхэнд сонслоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дээрх асуултын хүрээнд хөндсөн гурван зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явц: Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, төслийн менежментийн зөвлөх компанитай зөвшилцөн технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа юм байна.
“Технологийн бус барилга байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгууд, үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын бэлтгэлийг 2021 оны 1 дүгээр сараас хангаж, газар шорооны ажлын ухмалын хэсэг бүрэн дуусаж, суурийн хэв хашмал, арматурчлалын ажил, ус дамжуулах хоолой, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын газар шорооны ажлууд үргэлжилж байгаа гэв.
Үйлдвэрийн иргэний барилга байгууламжууд болох угтах байр-1, угтах байр-2, лаборатори, анхны тусламжийн төв, хоолны газар, оффис, сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилгын зураг төслийн ажил нь 86 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд газар шорооны ажил бүрэн дуусаж, бүтээцийн ажлууд явагдаж байна. Үйлдвэрийн технологийн усыг Бор хөөврийн говиос хангахаар шийдвэрлэсний дагуу 11 худаг, 100м3-ын ус цуглуулагч сав, ус дамжуулах 88 км урттай хоолой, өргөх насос станцын ажил 17 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрийн талбайд байрлах 30000м3 багтаамжтай усан сангийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй хийгдээд байгаа аж.
Үйлдвэрийн зам талбайн үерийн ус зайлуулах суваг шуудуу болон цуглуулах савны газар шороо, сувагчлалын суурь бетоны ажил 50 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн талбайд 2021.07.30-ны өдрийн байдлаар төслийн менежментийн зөвлөх компанийн 5, “JMC Projects India” компанийн 121 энэтхэг, дотоодын туслан гүйцэтгэгч 8 компанийн 280 монгол ажилчин ажиллаж байгаа талаар Шадар сайд танилцууллаа.