ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, хомсдол бий болгохоос урьдчилан сэргийлэх үнийн төвшинг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Майндтеч ХХК-ийн үйлдвэрлэдэг ургамлын тосны нөөц, үйлдвэрлэх хүчин чадалтай танилцлаа.
“Хүн амын хоол тэжээлийн физиологийн нормыг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дугаар тушаалаар баталсан нормын дагуу хоногт хэрэглэх хүнсний тосны хэмжээ 20 гр гэснийг үндэслэн тооцоход манай улсын нийт хүн амын жилийн хэрэгцээ 2020 онд 19.3 мян.тн байна.
2019 онд 22.0 мян.тн ургамлын гаралтай тос (21.6 сая.ам.дол) тос зах зээлд нийлүүлэгдсэн байна.
Импортын нийт ургамлын тосны 40-50 хувийг наранцэцгийн тос, 20-30 хувийг дал модны тос, 20 гаруй хувийг шар буурцгийн тос, 3-5 хувийг рапсын тос эзэлдэг бөгөөд наранцэцгийн тосны 90 гаруй хувийг ОХУ, дал модны тосны 80 гаруй хувийг Малайз, шар буурцгийн тосны 50 гаруй хувийг ОХУ, рапсын тосны 90 гаруй хувийг ОХУ, ХБНГУ-аас тус тус импортлодог байна. Одоогийн байдлаар импортын ургамлын тосны зах зээлийн үнэ 3445 төг/л байна. /ҮСХ-ны 2020 оны 03 дугаар сарын 13-ны мэдээгээр/ . Мөн 2020 оны 1-р сарын байдлаар 2.2 мян тонн ургамлын гаралтай тос импортлосон байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Одоогийн байдлаар ургамлын тосны 2,5 сарын нөөцтэй байна. Импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Импортын гааль болон нэмүү өртөгийн албан татварыг бүрэн чөлөөлсөн. Татварын хуулиуд хэлэлцэн батлагдах хүртэл орж ирсэн импортын татварыг 2 сараар хойшлуулан тооцно. Хууль батлагдсаны дараа чөлөөлөөд явна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд яамны бодлого чиглэгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашид нөхцөл байдалтайгаа уялдуулж хүнсний хангамжийг тогтвортой байлгах, аюулгүйн нөөцөө бүрдүүлэх тал дээр хамтран ажиллах учиртай, салбар яам үйлдвэрлэгчидтэйгээ хамтарч аль болох дотоод нөөц бололцоогоо дайчлах учиртай гэлээ.