Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Энэ жил дотоодын хүнсний ногооны 60 хувийг хангах боломж харагдаж байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 19 секунд

Намрын ургац хураалтын ажил хаяанд ирлээ. Үүнтэй холбогдуулан бид ургац хураалтын бэлтгэл ажлын талаар болон хаврын тариалангийн ажлын зохион байгуулалт, үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

-Энэ жилийн хаврын тариалалтын ажил хэрхэн зохион байгуулагдсан бэ?

-Энэ жил ургац тариалангийн хувьд онцлог жил байсан. Хаврын тариалалт эхлэх үед коронавирусийн халдварын нөхцөл байдал хүнд байсан. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд байсан энэ үеэр хөл хориотой холбоотой асуудлууд гарч, хаврын тариалалт эхлэхэд хүндрэл гарсан. Гэхдээ яамны зүгээс тариаланчидтайгаа хамтраад технологийнхоо хугацаанд амжин энэ жилийн тариалалтыг бүрэн зохион байгуулж чадсан.

Импортын улаан буудайн үрийг 30 хувиар хөнгөлсөн. Төмсний үрийг хаврын тариалалтад зориулж 50 хувиар, хүнсний ногоо хүлэмжийн тарималын үрийг 80 хувиар тус тус хөнгөлсөн. Бидний гол зорилт нь хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах юм.

-Энэ жилийн тариалалт өмнөх онтой харьцуулахад ямар хэмжээнд байгаа вэ?

-Энэ хаврын хувьд урьд өмнө байгаагүй хөнгөлөлтийг Засгийн газар үзүүлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн онтой харьцуулахад улаан буудайн тариалалт 26.7 мянга га-гаар, төмс 1.6 мянга, хүнсний ногоог 877 га, тэжээлийн тарималыг 51.2 мянган га-гаар ахиу тариалж чадсан нь цар тахлын үед бид хүнсний үндсэн нөөцөө бүрдүүлэх технологийн ажлаа амжилттай хийж авсан гэж дүгнэж байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр батлагдсан гаалийн албан татвар болон НӨАТ-аас хөнгөлөх хуулийг Засгийн газраас санаачилж УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбогдуулан импортоор орж ирж буй шинэ трактор техник хэрэгслүүдийн 18 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлтийг эдэлсэн байна. Хаврын тариалалтад зориулж Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 390 гаруй аж ахуй нэгжид нийт 12.5 мянган тонн улаан буудайн үр олгосон.

-Манай улсын газар тариалангийн хувьд үр шинэчлэлт нэн даруй шаардлагатай байгаа билээ. Энэ жил үр тарианы шинэчлэлт хийсэн үү?

-Бидэнд тулгараад байгаа нэг асуудал бол үрийн хөгшрөлтийн асуудал юм. Энэ жил нийт үрний 30 хувийг шинэчилж авсан амжилттай байлаа. Үүний үр дүн ч харагдаж байгаа. 485 тонн тэжээлийн тарималын үр, 43.3 тонн ургамал хамгааллын бодис, 890.2 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр хаврын тариалалтад дэмжлэг болгож үзүүллээ. "Хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариалан хөдөлгөөнийг орон даяар өрнүүллээ. Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийн 80 хувь хөнгөлсөн. Үүнийг нийт 10.1 мянган иргэн ААН-үүдэд олгосон байна. Энэ нь хүнсний ногооны дотоодын хангамжийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлсэн гэж үзэж байгаа.

-Хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн талаараа түрүүн дурдсан. Энэ жил дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангах төлөвлөгөөтэй байна вэ?

-Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр бид дотоодын хүнсний ногооны 45 хувийг хангасан. Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 60 хувийг хангах боломж харагдаж байна. Үүний Засгийн газар болон ХХААХҮЯ-ны зохион байгуулсан ажлын үр дүн гэж харж байгаа.

-Тариаланчид гурван хувийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан уу?

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж, ахуй газар тариалангийн зээлүүдийг гаргалаа. Нийт 526 ААН-д 32.3 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Хаврын тариалалт хийхэд технологийн асуудал дутагдахаас урьдчилан сэргийлсэн үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэхүү зээл нь 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл байсан.

-Ургац хураалтын ажил эхлэх гэж байна. Нэн түрүүнд юуг анхаарах шаардлагатай байна вэ?

-Энэ жилийн ургац хураалтад ажиллах тариаланчдын эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Хэдийгээр бид вакцины хоёр тунд хамрагдсан ч гэлээ вирусийн дараагийн хувилбар санаа зовоож байна. Эхний ээлжинд гуравдугаар тунд хамруулах ажлыг орон нутгийн удирдлагууд үр дүнтэй зохион байгуулах асуудал байна. Ургац хураалтын ажилтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд УОК-оос гаргасан заавар, журам, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллахгүй бол зохион байгуулалтын алдаанаас болж ургацаа хурааж авч чадахгүй нөхцөлд хүрч болзошгүй.

Хураалтын үеийн цаг үеийн төлөв байдалтай холбогдуулан техник, хүн хүч, авто болон төмөр замын тээврийн завсарын ажлыг шуурхайлан бэлэн болгох ажлыг бид Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран мэдээллээ солилцож ажиллаж байгаа. Нийт 310 орчим орон нутгийн шинж чанартай зам засвар, гүүр засварын ажил байгаа. ЗТХЯ-наас засварын ажлыг эхлүүлсэн талаар мэдээллийг өгсөн.

-Төмс, хүнсний ногоо хадгалах агуулах, зоорины асуудал бий юу?

Төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг тогтворжуулан, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар агуулах зоорь бүхий ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлэхгүй бол ургацаа хурааж автал хадгалах тал дээр иргэд, тариаланчид маань хүндрэл учрал эрсдэл байгаа. Үүнд аймгийн хөдөө аж ахуйн газар болон аймгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахгүй бол хүнсний ногоогоо хадгалан борлуулах боломжгүй байдалд хүрэх эрсдэл байна. Яамны зүгээс ч мөн бодлого гаргаж ажиллаж байгаа. Бид Польшийн хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар агуулахын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр саналаа Польшийн талд хүргүүлсэн. Гэрээнд Польшийн талаас удахгүй хариу өгөхөө албан ёсоор мэдэгдсэн. Ирэх хавар гэхэд гол газар тариалангийн бүс нутагтаа 8000 тонн орчмын агуулахыг бий болгохоор төлөвлөж байна. Цаашдаа бидний гол анхаарах зүйл бол хүнсний ногоог хадгалах агуулах, савны асуудал байна.

ҮАБЗ: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг дэмжлээ
ҮАБЗ: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг дэмжлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.