Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2021.08.04/ ээлжит хуралдаанаа хийж байгаа ба хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр мэдээлэл өгч байхдаа гадаадад суралцаж буй оюутан залуусын хичээл сургалтын талаарх мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,
"Одоогоор ОХУ-д найман мянга гаруй оюутан суралцаж байгаа бол БНХАУ-д 13 мянган оюутан суралцаж байна. Засгийн газрын тэтгэлэг болон хувиараа гадаадад суралцаж байгаа оюутнуудыг энэ жил ахин суралцах боломжоо алдахгүй байх тал дээр анхаарч ажиллана. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг өнгөрсөн сард БНХАУ-д ажлын айлчлал хийхдээ тус улсын гадаад хэргийн сайдад уг асуудлыг уламжилсан. Ингээд өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 03-ны өдрөөс эхлээд манай БШУЯ болон БНХАУ-ын боловсролын яамтай хамтран тодорхой хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Ингээд БНХАУ, ОХУ-д суралцаж байгаа мөн Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр гадаадад суралцаж буй оюутнуудаа аль болохоор цаг алдуулалгүйгээр тухайн оронд нь сургана" гэлээ.