Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Одгарьд: Их дүйчэн өдөр нийтээрээ 10 хар нүглийг тэвчин өнгөрүүлэх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 18 секунд

Бурхан багшийн Их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Тэгвэл Бурхан багшийн Их дүйчэн өдрийн тухай болон иргэд энэ өдөр юу хийж өнгөрүүлэх нь зохистой болохыг Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдтай уулзаж ярилцаа.

-ЭНЭ ӨДӨР БИ ГЭХ ОМГИЙГ ДАРЖ, ЧИМЭГ ЗҮҮЛТЭЭР ГАНГАРАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Бурхан багшийн Их дүйчэн өдрийг бүх нийтээр тэмдэглээд хэдийн хоёр жил өнгөрчээ. Энэхүү өдрийн тухай дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Буддын шашинтай дэлхийн бүх улс орнууд зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг Бурхан багшийн Их дүйчэн өдөр хэмээн тэмдэглэдэг. Дүйчэн гэдэг нь Түвд хэлнээ Их цаг гэсэн утгатай үг. НҮБ-ын Ерөнхий ассемблей дорнын ард түмний тооллоор 1999 оноос жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Их дүйчин өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж байх уриалга гаргасан. Монголчуудын дунд 2000 гаруй жилийн түүхтэй буддын шашны хувьд энэхүү өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон байна. Бүх нийтээр нэг шашинтай байсан 1500-1800 онуудад илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг байсан. Харин орчин үе буюу 21-р зууны ардчилсан нийгэмд Бурхан багшийн Их дүйчэн өдрийг бүх нийтээр амрах өдөр болгон тогтоогоод хоёр жил өнгөрсөн байна. Энэ өдөр хүн өөрийгөө олж авах, таньж мэдэх, гадаад ертөнцтэй хэрхэн харьцахаа тогтоох өдөр юм. Жилийн 365 өдрийг хүн санаатай санамсаргүй алдаа хийж, нүгэл үйлдэн өнгөрүүлдэг байна. Энэ өдрийн зорилго нь нэг өдөр ч болов сайн үйл хийхэд оршино.

-Иргэд энэ өдөр юуг тэвчин өнгөрүүлвэл зохистой вэ?

-Энэхүү өдөр тэргүүн хийдийн лам нар сахил санваар хүртээдэг. Ард түмэн телевиз болон цахим орчин ашиглан энэхүү өдрийг хэрхэн өнгөрүүлэхээ сонсох боломжтой. Эл өдөр найман зүйлийг тэвчих хэрэгтэй байдаг. Тухайлбал, амьтны амь хөнөөхийг тэвчих, хулгай хийхийг тэвчих, атаа хорслыг тэвчих, архи мансууруулах бодис хэрэглэхийг тэвчих, махан хоол зооглохыг тэвчих, өндөр суудалд суух буюу би гэх омгийг дарах, хэрэгтэй хэрэггүй чимэг зүүлтээр гангарахыг тэвчих ёстой.

-НЭГ ӨДӨР 10 ХАР НҮГЛИЙГ ТЭВЧИЖ, ЁС СУРТАХУУНТАЙ ӨНГӨРӨӨХ НЬ ЦААШДЫН АМАР АМГАЛАН ӨДРҮҮДИЙН ЭХЛЭЛ БАЙХ БОЛНО-

-Дүйчэн өдөр зул асаах, нохой хооллох, мод тарих гэх мэт иргэд олон янзаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Ямар үйл хийх хэрэгтэй байдаг вэ?

-Аль аль нь буянтай үйлд орно. Далай лам Их дүйчэн өдөрт зориулан айлдвар айлдана. Нэг өдөр 10 хар нүглийг тэвчиж, ёс суртахуунтай өнгөрөөх нь цаашдын амар амгалан өдрүүдийн эхлэл байх болно. Бурхан багшийн айлдсанаар хүн төрөлхтний хүсдэг аз жаргал амар тайван байдал гадаад юмс үзэгдлээс шалтгаалахгүй. Дотоод сэтгэлийн боловсролоос шалгаалдаг хэмээн заасан. Хүмүүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хүссэнээрээ сайхан болгож бас сүйтгэх хүчтэй байдаг. Ийм учраас хүнд сэтгэлийн боловсрол хэрэгтэй.

-НҮБ-ын гишүүн орнууд энэхүү өдрийг Энэрэлээр нэгдэж, эрүүл мэндээ хичээе уриан дор зохион байгуулж байна. Бусад улс орнуудад Их дүйчэн өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Өөр өөрсдийн уламжлал соёлтой холбоотой байна. Жишээ нь азийн Солонгос, Япон улсууд гэр бүлийн хүрээнд гэртээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Халдварт өвчингүй байхад баярын парад хийх нь бий. Тайван, Тайландад сая саяаараа суугаад бясалгал, хүмүүнлэгийн ажлууд хийдэг. Европын улсуудад буддын шашин 1900-аад оны эхэн үеэс хүчтэй дэлгэрч эхэлсэн. Олон улсууд буддын шашны байгууллагатай болсон тул энэхүү өдөр цугларч, өглөг өгөх, буян хураах, бясалгал хийдэг. Христийн шашинтай хүн байсан ч Бурхан багшийн Их дүйчэн өдөр хүүхдийн асрах газарт хандив өгсөн тохиолдол байна. Тэгэхээр энэ өдрийг шашин гэхээс илүүтэй хүн төрөлхтний энэрэх сэтгэлийг түгээх байдлаар тэмдэглэх нь чухал.

- Энэ жилийн хувьд өмнөх жилээс юугаараа онцлог тэмдэглэж байна вэ?

- Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа энэ өдөр бусад дүйчэн өдрөөс онцлог болж байгаа юм. Коронавирусийн тархалт их байгаа тул дүйчэн өдрийг өргөн хүрээнд тэмдэглэж болохгүй байна. Сүүлийн хоёр жил гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж буй. Иймд сүсэгтэн ард түмэн гэртээ ёс суртахуунаа сахиж, эцэг эхээ хүндэтгэн 10 хар нүглийг тэвчиж өнгөрүүлээсэй хэмээн хүсэж байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ч бас баярлаж байна.

С.Хонгорзул

Гэрэл зургийг: Г.Цэнд-Аюуш

ФОТО ЗУРГУУД:

С.Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ
С.Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.