Дэлхийн тэргүүн баячуудын нэг, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 27 жилийн дараа эхнэр Мелинда Гейтсээс салахаар шийдсэнээ тавдугаар сарын 4-ны өдөр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Сайн үйлсийн аянд их хэмжээний мөнгө хандивладаг гэдгээрээ алдартай ажил хэрэгч хосууд ийнхүү хоёр тийш болж байгаа нь бизнесийн ертөнцөд шуугиан дэгдээсэн юм. Иймд Билл Гейтс болон Мелинда Гейтс нарын хайрын түүхийг фото зургийн хамт хүргэж байна.
1987 он: “Microsoft” доторх учрал
Билл Гейтс 1975 онд “Microsoft” компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 1987 онд тус компанийн ажилтан байсан Мелинда Францтай компанийнхаа томоохон арга хэмжээний үеэр танилцжээ. Тухайн үед Билл Гейтс компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд Мелинда бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр ажилладаг байв. Арга хэмжээ дууссанаас хэд хоногийн дараа Билл Гейтс Мелиндатай машины зогсоол дээр санамсаргүй тааралдаж, түүнээс болзохыг асуужээ.
1993 он: Сүй тавьсан хосууд кола хувааж уусан нь
Билл Мелиндад 1993 онд гэрлэх санал тавьжээ. Сүй тавиад удаагүй байсан хосууд Сиэтлд зохиогдсон сагсан бөмбөгийн тэмцээний үеэр “Coca-Cola” хувааж уусан нь хэвлэлийнхний хараанд өртөв.
1994 он: Хавайд нууцлаг хурим хийв
Хосууд 1994 оны шинэ жилийн өдөр Хавайд байрлах Ланай арал дээр хуримаа хийжээ. Зочдын дунд алдартай бизнесмен Уоррен Баффет уригджээ. Тэд хуримаа нууцлахыг хүссэн тул зочид буудлын хоосон өрөөнүүдийг захиалж, арлын бүх нисдэг тэргийг хөлсөлсөн байна.
1995 он: “Microsoft” компани “Windows 95” үйлдлийг эхлүүлжээ
1995 оны наймдугаар сарын 24-нд “Microsoft” компани технологийн хувьсгал хийсэн “Windows 95” үйлдлийн системийг гаргав. "Бид ертөнцийг өөрчилж байгаагаа мэдэж байсан" гэж Мелинда "Inside Bill's Brain: Decoding Bill Gates" номондоо дурссан байдаг. Мелинда өөрийн хэрэгжүүлж байсан төслийнхөө “Microsoft Bob” нэртэй танилцуулгыг хийжээ. Энэ нь виртуал тэмдэгт бүхий програм хангамжийн бүтээгдэхүүн байв. Тухайн үед ихэнх хүмүүс илүү хүчирхэг компьютер хэрэгтэй гэж үзсэн ч олон шүүмжлэгчид тэмдэгтийг хэтэрхий хөөрхөн гэжээ. Эцэст нь төсөл цуцлагдсан боловч онцлог шинж чанарууд нь бусад “Microsoft” корпорацийн бүтээгдэхүүнүүдэд нөлөөлсөн юм.
1996 он: Тэдний ууган охин мэндэлжээ
Билл, Мелинда нарын анхны охин Женнифер 1996 онд төржээ. Өдгөө 25 настай Женнифер Нью Йорк хотын Синай ууланд байрлах Айкагийн Анагаахын сургуульд сурдаг. Гейтсийн охин Женнефер морин уралдаанд орох болсонтой холбогдуулан хосууд 2013 онд Флорида мужийн Веллингтонд байх 20 зүчээ, саравч болон өндөрлөг тавцантай тансаг харшийг 8.7 сая доллараар худалдан авсан байна.
1999: Хүүтэй боллоо
Тэдний хүү Рори Жон 1999 онд төрсөн бөгөөд өдгөө 22 настай. Мелинда 2017 онд “TIME” сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Рори бол маш гайхалтай хүү, сайн ах. Гэвч үүнээс илүүтэйгээр түүний феминист үзэл миний бахархлыг төрүүлдэг" хэмээн ярисан байдаг. Харин Билл Гейтс хүүтэйгээ хамт танин мэдэхүйн аялал хийх дуртай аж. Тэд өмнө нь олон уурхай, цахилгаан станц, пуужингийн газар доорхи суурин чингэлэг, Женев дэх дэлхийн хамгийн том эгэл бөөмсийн хурдасгуурт хүртэл очиж байжээ.
2000 он: “Bill&Melinda Gates” хандивын сан байгуулжээ
“Bill&Melinda Gates” хандивын сангаа нээснээр, Мелинда ажлаа өгч, буяны ажилд түлхүү оролцох боллоо. Тус сан 2000 онд байгуулагдсан бөгөөд Уоррен Баффет хамтран санхүүжүүлдэг гэнэ. 2000 оноос хойш энэхүү сан дэлхийн эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, үүнээс хойших олон чиглэлээр олон санаачлагыг хэрэгжүүлэхэд бараг 54 тэрбум доллар зарцуулсан гэж цахим хуудастаа мэдээлжээ.
2002 он: Хоёр дахь охин мэндлэв
Тэдний хоёр дахь охин Фиби Адель 2002 онд АНУ-ын Вашингтон хотод мэндэлжээ. Өдгөө 18 настай Фиби усанд сэлэх, баллет бүжиглэх, аялах зэрэг шинжлэх ухаанаас илүү урлаг, спортын сонирхолтой гэнэ.
2005 он: “Time” сэтгүүлээс оны шилдэг хүмүүсээр тодруулав
2005 оны арванхоёрдугаар сард “Time” сэтгүүлийн зүгээс Билл, Мелинда Гейтс нарыг оны шилдэг хүмүүсээр тодруулжээ. Тухайн жилийн нэгдүгээр сард тэдний сан хүүхэд дархлаажуулалтын хүртээмжийг сайжруулах, шинэ вакцин нэвтрүүлэх ажлыг хурдасгахад 750 сая доллар зарцуулсан байна. Хосууд “Бид бизнесийн салбарт азтай байснаа ухамсарлаж, хүмүүст сайн сайхныг хүртээхийг хүсэж байна. Мөнгө хандив гэхээс илүүтэй хэрэгцээтэй зүйлсээр туслахыг илүүд үзэж байна” хэмээн ярьжээ.
2010 он: Сайн үйлсэд их хэмжээний хандив төсөвлөжээ
Гейтсийн сан ирэх 10 жилийн хугацаанд зөвхөн вакцины судалгаанд зориулж 10 тэрбум доллар хандивлажээ. Дэлхийн хамгийн ядуу орнуудад вакцин хүртээх, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авахад нь туслахаа мэдэгдэв. Харин 2020 онд коронавирус дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан Гейтсийн сан 1.7 тэрбум гаруй долларыг Ковид-19-той тэмцэх багаж хэрэгсэл болох туршилт, эмчилгээ, вакцин зэргийн үйлдвэрлэлийг дэмжихэд зориулжээ.
2015 он: Мелинда “Pivotal Ventures” компаниа нээлээ
Мелинда Гейтс 2015 онд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Pivotal Ventures” компаниа нээлээ. Тус компани нь эмэгтэйчүүдийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг арилгахад онцгой анхаардаг байна. 2019 онд тэрбээр эмэгтэйчүүдийн эрх мэдэл, нөлөөг өргөжүүлэх зорилгоор нэг тэрбум доллар зарцуулсан байна.
2021 он: Харилцаагаа цэглэв
Билл Гейтс эхнэрээсээ салахаар шийдсэнээ тавдугаар сарын 4-ны өдөр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр, “Бид харилцаагаа сайтар бодож тунгаасны эцэст гэрлэлтээ цуцлуулахаар шийдлээ. Бид сангийнхаа үйл ажиллагааг зогсоохгүй, цаашид хамтран ажиллах болно. Гэхдээ амьдралынхаа үлдсэн хугацааг хамт өнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ. Бидэнд хэн хэнд нь хувийн орон зай, нууцлал байх ёстой” гэв. Ийнхүү хосууд 27 жилийн дараа хамтын амьдралдаа цэг тавьжээ.
Тэдний ховор зургуудаас: