УИХ-ын нэр бүхий гишүүний өргөн барьсан Ломбардын тухай хууль УИХ-аар батлагдаад байгаа. Энэхүү хуулиар 2021 оны долдугаар сарын 1 хүртэл ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, алданги өдөрт 0,2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг долдугаар сарын 1 хүртэл зарж борлуулахгүй байхаар зохицуулалт хийсэн.
Энэхүү түр хууль ломбард эрхлэгчдийн эрх ашгийг хохироож байгаа тул "Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо"-ноос Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүллээ.
Энэ тухай барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчид:
“Төрөөс ломбардуудыг ашиггүй ажиллах ч биш бүр алдагдалтай ажиллах хууль баталсан. Иймд бид бүхэн шаардах бичиг хүргүүлж байна. Цар тахлын үед хүүгээ бууруулаад 3 хувьд хүргэвэл түрээсээ ч төлж дийлэхгүй нөхцөлд хүрээд байна. Хүмүүс долдугаар сар хүртэл хөрөнгийг нь зарж борлуулахгүйг мэдээд зээлээ төлөхөө больсон.
Ломбардууд хуучин барааны зах зээл дээр ажилладаг тул барьцаа хөрөнгө зарахгүй гэдэг нь шууд алдагдалд ор гэсэнтэй ялгаагүй байна. Жд зүйлсийн ханш өдрөөс өдөрт хэлбэлзэж, буурч байгаа энэ үед зах зээлийн хамгийн бага нэгжид хүнд ачаагаа үүрүүлж байгааш шударга бус гэж бодож байгаа. Одоогийн байдлаар манай улсад 1000 гаруй ломбард ажиллаж байгаагаас 20 хувь нь хаалгаа барьсан байна. Цаашид ч энэ тоо өсөх төлөвтэй байгаа” хэмээв.