Засгийн газраас эдийн засгийг сэргээх зорилгоор 10 их наяд төгрөгийн дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан. Энэхүү хөтөлбөрт тусгасан 8 их наяд орчим төгрөгийг Монголбанк гаргах юм. Энэ асуудалтай холбогдуулж, төв банкны удирдлагууд өнөөдөр /2021.02.25/ мэдээлэл хийлээ.
10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд:
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
- Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
- Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/ хэмээн тусгав.
Төв банк энэхүү хөтөлбөрийг боловсруулахад хамтран ажилласан болохыг тус банкны ерөнхийлөгч онцлов. Репо санхүүжилт өнгөрсөн оны сүүлийн улиралд эхэлж, одоогоор 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа. Өмнө нь өндөр хүүтэй зээл авсан аж ахуй нэгжүүдэд энэ зээл ихээхэн үр дүнтэй хэрэгжиж байна. Зээлийн дундаж хүү 14.5 хувь байгааг буурууллаа. Энэ онд 2 их наяд төгрөгийг зарцуулах юм.
Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өмнө нь жил бүр 300-400 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг байсан. Энэ нь өмнөх зээлдэгч нарын эргүүлэн төлсөн зээлийн нийт эргэн төлөлт юм. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 2021 онд 700 тэрбум төгрөг болж, өсч байна.
Ажлын байрыг хадгалахад зориулж, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгоно. Төв банкны бодлогын хүү одоо 6 хувь байна. Үүнээс ч бага хүүтэй зээл олгоно. Төв банкинд банкуудын хадгалуулж байгаа 8 их наяд төгрөгөөс энэ санхүүжилтийг олгоно. Хүүний зөрүүг улсын төсвөөс гаргана” гэв.
Монголбанк өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Covid-19 цар тахлаас улбаатай эдийн засгийг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн бус экспортлогчдод 10.5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээл олгож эхэлжээ.
Арга хэмжээний хүрээнд 2020 оны арванхоёрдугаар сард олгосон 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн эх үүсвэрийг банкууд нийт 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид шинээр зээл олгох болон зээлийг дахин санхүүжүүлэх хэлбэрээр ашиглажээ. Энэ онд санхүүжилтийг нь нэмэгдүүлж, , хоёр их наяд төгрөг хүртэл репо санхүүлжилт олгох боломжтой гэж үзжээ. Учир нь, репо санхүүжилтийн хүү 10.5 хувь байгаа нь зээлийн дундаж хүүнээс 4-5 нэгж хувиар бага байна.