Монголын боксын холбооны удирдах зөвлөл өчигдөр(2021.01.28) хуралдаж, ээлжит ерөнхийлөгчөө сонгожээ. Тодруулбал, хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар Эрдэнэс Силвер Ресурс ТӨХК-ийн захирал Т.Мөнхбаяр 73 жилийн түүхт тус спортын 14 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Т.Мөнхбаяр нь 2013-2016 онуудын хооронд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.
Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч Т.Мөнхбаяр холбоондоо тулгамдаад буй асуудлууд болох шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт, хяналтын зөвлөл байгуулах, ирэх зуны Токиогийн олимпийн наадмын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаан “Бага хурал”-ыг зохион байгуулах зэргийг шийдсэн анхны тушаалаа гаргажээ.
Монголын боксын холбооны өмнөх ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ 2017 онд улиран ажиллаж байсан бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших болсон тул өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ гардуулсан байна.