Т.Мөнхсайхан гэж эрүүл мэндийн сайдын үед Монгол Улс дотооддоо Ковид-19 цар тахлын халдварыг алдсан. Хөл хорио тогтоож янз бүр болсноос хойш 3 сар өнгөрлөө. Гэтэл энэ хугацаанд халдвар огт хумигдсангүй харин ч газар авсаар байна. Бид бүхнийг хянаж байна гэж мэдээлдэг байсан эрүүл мэндийн яам сүүлдээ амь амиа бодоорой халдвар хаана ч илэрч магад гэж арьсаа хамгаалдаг болов.
Хамгийн сүүлд л гэхэд ямар нэг хавьтлын тугсаарлалтанд ороогүй Сүхбаатар дүүргийн 3-р хорооны иргэнээс ковид илэрчээ. Тэрбээр хөдөө орон нутаг явах зорилгоор PCR шинжилгээ өгөхөд ийнхүү илэрсэн гэх мэдээлэл байна. 20 сая хүн амтай Бээжин хот 2 сарын дотор цар тахлын эхний давалгааг зогсоосон байдаг. 25 сая хүн амтай Сөүл ч мөн адил. 7 сая хүн амтай Чин Дао хот 14 хоногт бүх хүндээ шинжилгээ хийж халдварыг барьсан гээд сайн жишээ олон. Гэтэл сая гаран хүнтэй Улаанбаатар хот алингаа алдаж, цар тахалтай тэмцэх үүрэгтэй эмнэлэгүүд нь голомт болж, эрүүл мэндийн яаманд нь ковид гарах жишээтэй. Мэргэжлийн гэгдэх хүмүүс нь өөрсдөө халдвар хамгааллаа сахиж чадахгүй байхад бусдыг яаж хамгаалах билээ. Энэ байдлын төлөө эрүүл мэндийн яам хариуцлага хүлээх ёстой баймаар.
Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн жагсаалын дараа шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөхөө мэдэгдсэн. Гэтэл тэр оройдоо эрүүл мэндийн сайдаа үлдээе гэдэг давалгаа цахим ертөнцөөр хөвөрч эхэллээ. Нэг зураг, хоёр посттой трол хаягуудаар бөөн давалгаа явлаа. Зарим эмч нар ч Т.Мөнхсайхныг үлдээхийг дэмжиж жагсаал хийхээ мэдэгдэв. Бүх нийтийг хамарсан жагсаал үймээн самуун болох, жагсаал цуглаанаар цар тахал тарах эрсдэлтэй байхад тангараг өргөсөн зарим эмч нэг албан тушаалтны төлөө жагсаж байгаа нь инээдтэй ч юм шиг эмнэлэгтэй юм ч шиг.
Тэдний жагсаалтай зэрэгцээд удалгүй засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцороод өгөв. Ингээд шинээр танхим бүрдэх болоход Т.Мөнхсайхан сайдаар үлдэх гэж улдан чичирсээр байгаа тухай тусгаар тогтнолын ордноос мэдээлж байна.
Албан тушаалдаа зууралдах хооронд түүний удирдсан салбар эх захаа алдаж ковидын хяналтаа алдаж байдаг. Гэтэл мань хүнийг “залуу хүн” “резидент эмч нарыг цалинтай болгосон хүн” гэх мэтээр өмгөөлөх хамгаалах давалгааг эмнэлгүүдийн үйлдвэрчний эвлэлүүд зохион байгуулалттай хийж байна. Уучлаарай ингэхэд тэр эмчийн цалин нэмэгдэх, энэ сайдын залуу байх иргэдийн эрүүл мэндэд яг ямар дэмтэй билээ. Эмч нарын цалинг нэмсэн, эмнэлэгүүдээ эрхлүүлсэн нь тэрэндээ л байдаг юм байгаа биз. Товчооны үүдэнд хүн нас барах, жирэмсэн эхийг нүцгэн зөөвөрлөх бүдүүлэг дадал зөрчил нь байсаар байх гэж үү. Магадгүй эмч нарын хамгийн их дэмжээд байгаа сайдыг солих нь эрүүл мэндийн салбарын эрс шинэчлэл байж болох юм.
Эрүүл мэндийн яам тойрсон шүүмжлэл тасрахгүй гарч байгаа. 118 сайт гацсан, 22-ын товчоон дээр тусламж авч чадалгүй хүн нас барсан, жирэмсэн эхийг хүнлэг бусаар зөөвөрлөсөн, эмнэлэгүүд голомт болсон, яамны ажилтан ковидоор өвчилсөн гээд тоолж барашгүй. Гэтэл сайд үүнийг далимдуулж хариуцлага тооцох, багаа шинэчлэх нэрийдлээр тус яам өдгөө мэргэшсэн 30 албан хаагчаа шилжүүлэх нэрээр халаад ихэнх нь шүүхдээд явж байна. Тэдний оронд яамны газар хэлтсийн даргаар төрийн албаны шалгуур хангахгүй хүмүүсийг томилж байгаа гэх гомдол тус яамаар нэг яригдах болов. Эрүүл мэнд яам дэрдэх биш улам дорджээ. Сайд нь эмнэлгийн даргаас өөр захиргааны ажил хийж үзээгүй, төрийн нарийн нь хэлтсийн даргаас шууд крандуулсан. Ийм яам салбараа удирдахад зангараг, туршлагийн аль аль нь дутагдаж байна.
Яг нарийндаа эмнэлэг дээр гарч байгаа асуудал УОК-т хамааралгүй эрүүл мэндийн яаманд хамаатай асуудал. УОК гадаадаас иргэдийг татах, тусгаарлах, орон даяар хөл хорио тогтоох цуцлах, эм тариа, хүнс, хөрөнгө санхүүг хариуцдаг харин эмчилгээ, тандалтыг эрүүл мэндийн яам хариуцах үүргийг цар тахлын хуулиар тодорхой болгосон байдаг. Гэтэл Т.Мөнхсайхан сайд шинэ Засгийн газарт үлдэхийн тулд лоббидсоор. Гэтэл шадар сайд Я.Содбаатар үлдэхгүй гэдгээ хэлэв.
Т.Мөнхсайхан анх сайд болохдоо л “хор найруулах” замаар буюу Б.Цогтбаатарыг нэг шөнийн дотор мөргөж гарч ирсэн. Одоо албан тушаалдаа үхэн хатан зууралдаад байгаа нь төрийн хүний зарчимч чанар байхгүйгийн л илэрхийлэл бус уу. Зүгээр л явчихад яанам? Юм нэгээр дуусахгүй шүү дээ.