Эр хоёр загал
Эхнээсээ салах нь ойлгомжтой байсан тэдний ган бат холбоо харин ч санаснаас хол явлаа. У.Хүрэлсүх эргэлт хийж нам засгийн эрхийг авмагцаа Х.Баттулгатай ойрхон ханилах болсон. Нам дотор уур нь дарагдаж, шарх нь илаашраагүй М.Энхболдын талынхан дээр гаднаасаа Ерөнхийлөгчийн институттэй зөрчилдөх шаардлага байгаагүй нь мэдээж.
Хүк Ерөнхий сайд болмогцоо Х.Баттулгын маш их хүсэлтийг ёсоор болгосон. Төмөр замын төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүслээр шийдэв. Тавантолгойн бүтэн жилийн ашиг 750 тэрбум төгрөгийг хойшоо тавигдах төмөр замд гаргаж өглөө. Майдар хотод 3.2 их наяд төгрөг зоов. Урьд өмнө ямар ч Ерөнхий сайд Ерөнхийлөгчид ингэж найр тавьж явсангүй. Өдгөө шинэ төмөр зам төслийн хөрөнгө санхүү, туслан гүйцэгтэгч компаниудыг Засаг мэдэхээ байсан. Бүгд Ерөнхийлөгч Х.Баттулгын хяналтанд байдаг гэж ярьдаг. Хөрөнгө мөнгө ихээр шаардсан төслүүдээс гадна албан тушаалын томилгоонд ч Ерөнхийлөгч Х.Баттулга хүчтэй оролцож байв. Одоогийн зам тээвэр, хүнс хөдөө аж ахуй, соёлын сайд нарыг Эцэг загалмайлж томилсон ч гэдэг. Уул уурхай, эрүүл мэнд, сангийн яам гэх мэт олон яам агентлагт эцгээр загалмайлуулсан газар хэлтсийн дарга нар ч бий. Эрдэнэт, тавантолгой, оюутолгойн орлогч, төмөр зам, үндэсний дата төв, хөдөө аж ахуйн биржийн дарга нар гээд товчхондоо эцэг МАН-ын аль нэг фракцаас ч илүү олон хүнийг томилуулж чадсан.
Цаашлаад эцгийн хашаанд хууль хяналтынхныг тууж оруулахад У.Хүрэлсүх стратегийн туслалцаа үзүүлсэн. Ц.Элбэгдоржийн батлуулсан хуулийн дагуу шүүх, прокурор, АТГ-ын даргыг өөрчлөхөд хүнд байлаа. Ил далд янз бүрийн шахалт хийсэн ч өнөө хэд нь гүрэлзэнэ. Ц.Элбэгдоржийг шалга гэж үүрэг өгөхөд “хэн нэгний захиалгаар хүн шалгаж чадахгүй” гэж Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлээд бусад нь алга ташин эцгийг тавласан бичлэг цахим ертөнцөөс одоо ч арилаагүй. Хэзээ хэнээс урваж хэнд хэрэгтэй дүрд хувирахаа сайн мэддэг Ц.Нямдорж эрүүдэн шүүлтийн аймар кино дэлгэж тус болов. Нэгэн цагт “Х.Баттулга бол жижиг гарын наймаачин” гэж Эбид хэрэгтэй дүр явсан хашир өвгөн эргээд Эбигийн эсрэг эцэгт хэрэгтэй дүр болж хувирав. УИХ-ын гишүүдэд +18 ангиллын аймшгийн кино үзүүлэн байж ҮАБЗ-өөр шүүгч, прокурор, АТГ-ын даргыг чөлөөлөх хуулийг батлуулж эцэгт туслав. Сэлэм гялс толгой бөндгөс болж нэг амьсгаараар хуулийнхан Ерөнхийлөгчийн гарт ороод ирсэн.
Хонгилын түлхүүрийн атгасан эцэг ч махны машинаа яруу тодоор ажиллууллаа. Урьд өмнө ямар ч эзэн тээрэмдэж байгаагүйгээр яс үйрүүлж эхлэв. Нэн түрүүнд АН-ын бүлэглэл фракц болгоны толгойлогч нарыг махан таташ болгож араас МАН-ынхнаар чанамал хиам хийж эхэллээ.
Араар тавилт
Үе үеийн Ерөнхийлөгч аль нэг намын тэр тусмаа үнэмлэхүй ялалтыг хүсдэггүй. Намууд тэнцэж хайнаад УИХ бүрдвэл хамгийн хүчтэй хүн нь Ерөнхийлөгч болдог. Энэ жамаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад МАН үнэмлэхүй ялах нь ашиггүй байлаа. АН-ыг өөрөөс нь өөр хэн ч аврахын аргагүй болтол дэлбэлэх хэрэгтэй байлаа. Тэгж ч чадсан. Сонгууль ид явагдаж байх үед С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Болор, Д.Эрдэнэбат зэрэг АН-ын нэр дэвшигчдэд чөдөр зүүлээ. АН-ын зарим эх сурвалж “эцэг намаа ялагдуулахын тулд хуучин эхнэрээсээ авхуулаад 600 гаруй хүн бие даалгаж санал хуваасан” гэж гомдолдог.
Эцэг МАН-д ч бас сюрприз барьсан. Бүрэн эрх нь хэрэгжиж явсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг бариад хийчих нь гэж хэн ч төсөөлөөгүй. Товчхондоо сонгууль шоронгийн сюрпризээр дүүрэн явагдаж өнгөрөв. Гэвч МАН дахиад үнэмлэхүй яллаа. Байдал бишдэв. Ерөнхийлөгчийн сонгууль ч хаяанд ирлээ. Намаа үнэмлэхүй ялалтанд хүргэсэн бөөн повертой Хүкийг одоо намнах хэрэгтэй. Гэвч ил цагаан байлдаад унаж болохгүй. Өөрөөс нь илүү нэр хүндтэйн дээр АН доторх партизаны хөдөлгөөнүүд Хүкийг битүүхэн дэмжих аюултай.
2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН их тэнгэрийн аманд хүлээн авалт хийхэд экс дарга С.Баяр хоолой зангируулан баярын хундага өргөж У.Хүрэлсүхтэй нэлээд удаан ярилцсан гэдэг. Уулзалт дууссаны дараа У.Хүрэлсүх нулимс цээлэгнүүлэн гарч ирсэн ч гэх яриа бий. Удалгүй С.Баяр ч баяртай боллоо. АН-ыг тээрэмдсэн эцэг одоо МАН-ыг тээрэмдэж эхэлжээ. Яг дүрмийн дагуу намын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүсийг он дарааллаар нь. М.Энхболдын 60 тэрбумын хэргийг сэргээж, С.Батболдод өөрт нь ч танилцах боломж олгохгүйгээр иргэний хэрэг нээжээ.
У.Хүрэлсүх, Х.Баттулгын ган бат найрамдлын хөшөө доороосоо эмтэрч эхлэх нь тэр. Сангийн сайдын өрөөнөөс олдсон чагнах төхөөрөмжийн хэрэг тэгс хийгээд таг чиг болов. Гэтэл У.Хүрэлсүхээс өөр хэнд ч хэрэггүй шахуу хэвлэлийн ажилтных нь өрөөнөөс чагнах төхөөрөмж илрэв. Сэжиг авсан Ерөнхий сайдын ажлын албаныхан бусад өрөөндөө үзлэг хийсэнд нэлээд юм илэрсэн гэх мэдээлэл бий. У.Хүрэлсүхийг У.Хүрэлсүх чагнахгүй нь ойлгомжтой. Суганд нь суугаа Г.Занданшатар бол бүр зүрх нь хүрэхгүй. У.Хүрэлсүхтэй хуурга захиалах хэмжээний эрх бэнчинтэй хүнийг нэг их холоос хайгаад хэрэггүй нь ойлгомжтой.
У.Хүрэлсүх хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулах талаар Засаг дээрээ яритал хэдхэн хоногийн дараа телевизийн шууд эфирээр энэ санаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгынх болчихсон орон даяар цацагдаж гарчээ. Тэр байтугай У.Хүрэлсүхийн танхимын соёлын сайд С.Чулуун, Хотын дарга Д.Сумьяабазар нар нэгдчихсэн тууж явлаа. Үүнээс болж МАН дотор бөөн хэрүүл гарсан байдаг. Соёлын сайд С.Чулуун нь МАН-ын батлахгүй, батлах ч авахгүй гэж томордог тэмээнээс том тэмдэгтэй Ерөнхийлөгчийн хүн л дээ.
Энэ мэт наанаа найрамдлын тугтай цаанаа зандалчны заазууртай эцгийн хоёр нүүрт тоглоомоос Хүк залхжээ. “Дулаан цахилгаан тэглэсэн манай Хүк мундаг, Үндэсний аюулгүй зөвлөлийн хоёр гишүүндээ хайртай шүү” гэх атлаа алсуураа шоглоод байгаа нь огт таалагдсангүй. Эцэгт өөрт нь таарсан хариуг ч удалгүй барьж эхлэх нь тэр. Юуны төлөө үнэмлэхүй олонх болсны хэргээ гаргаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу шүүхийн хуулийг шинэчилж шүүгчдийн томилгоог Ерөнхийлөгчөөс холдуулав. АТГ-ын даргыг Ерөнхий сайдын саналаар УИХ-аас томилуулахаар хууль батлав. Одоо эцэг жинхэнэ утгаараа шүдгүй арслан боллоо.
Херолог зохиол ёсоор бол Хүк бага багаар мэрүүлэх ёстой байлаа. Шадар сайд, эрүүл мэндийн сайдаас нь эхлээд сайд нарыг ээлж ээлжээр "шүд сугалах" намын экс дарга нарыг нь ээлж дарааллан хонгилдож Хүкийг ганцаардуулах, нам дотор нь хагаралдуулах, сонгууль хүртэл өөрөө гэмгүй нөхөрлөсөн царай гаргаад өрөөлөөр балбуулаад Хүкийг турж эцсэн морь шиг болгож аваад өрсөлдөх нь эцгийн тактик байлаа. Гэвч тэр сайн тактикч болохоос сайн стратегич байж чадсангүй. Өөрөөс нь өрсөж У.Хүрэлсүх зангиагаа тайлаад энгэрээ задлаад өрөлтөө авчихна гэж яаж мэдэх билээ.
МАН-ын үе үеийн дарга нар хүчээ нэгтгэлээ
Зохиолоос нь гажсан Хүкийг Эцэг байранд нь оруулахын тулд нэлээд хөөцөлдсөн ажээ. Огцрох өргөдлөө өгөх мэдээ дуулмагцаа хэд хэдэн удаа залгасан байна. Засгийн газрын хурал тарж хэвлэлийн хурал хийхээс өмнө тамгын газраараа дамжуулан дуудуулсан ч Ерөнхий сайд очсонгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарлахад ирсэнгүй. Арай болоогүй байхад зохиолоос нь гажаад явчихсанд эцэг нэлээд тэвджээ. Ингээд арга буюу юм л болбол бөөсөө ярьдаг аргаараа "Засгийн газар огцрохыг дэмжихгүй, Би яагаачгүй, С.Батболд төрийн эргэлт хийлээ" гэж сүржин мэдэгдэв. Ийнхүү Хүк, Эцэг хоёр нэг мөр хоёр талдаа гарч авлаа. МАН-ын байраар дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх яриа өрнөх болж, Харин Х.Баттулга шинэ төлөвлөгөө гаргах ажилтай болох нь тэр.
Энэ хооронд У.Хүрэлсүхийн санаачилгаар МАН-ын үе үеийн дарга нар уулзах болжээ. С.Батболд, М.Энхболд зэрэг Х.Баттулгын ачаар "хужаа" "оффшорчин" болсон хувийн тооцоотой хүмүүс У.Хүрэлсүхийг үлэмж ихээр дэмжих болов. МАН-ын дарга шадар асан Ө.Энхтүвшин У.Хүрэлсүхийн ойрын дасгалжуулагч болжээ. Урьд өмнө нэгдээгүйгээр МАН-ын дарга нар У.Хүрэлсүхийн төлөө нэгджээ. “Олон журмын нөхдийг маань хонгилдлоо одоо цаашаа тэвчээд сууж чадахгүй нэгийгээ үзэлцэнэ” гэж У.Хүрэлсүх намынхаа ойрын хүрээлэл дунд ярьсан гэх мэдээлэл ч бий. Ямартай ч МАН фронтын бүх хүчээ У.Хүрэлсүх гэдэг хүндээ төвлөрүүлж одоо л Х.Баттулгыг дарахгүй бол дийлдэхгүй дарангуйлагч гарч ирэх нь гэсэн яриа тусгаар тогтнолын ордноор нэг хадах болов.
Хоёр фронтоор байлдвал ялагдана гэж Ж.Сталины хэлсэн алдарт үг бий. Гэтэл Х.Баттулга өдгөө хорин фронтоор тулалдах боллоо. Намаа хяналтандаа авахын тулд С.Эрдэнэтэй тамга булаалдаж, Ерөнхийлөгчид дэвшихийн тулд цэцтэй учраа олж, эргээд АН-аас дэвшихийн тулд амин найз Ц.Элбэгдоржоо царайчлах гээд түүнд ажил мундахгүй их. Дээрээс нь цагаасаа өмнө ринг дээр гараад ирсэн У.Хүрэлсүхтэй яаж тулах аргаа олдоггүй С.Батболдын бүлэглэл гэх үнэмшил муутай сериалаар дэмий л бөмбөгдөнө.
"Тэрийг хараа!" гээд эргэх хооронд зодолдохгүй зугтдаг хүүхэд байдаг. Эцэг яг ийм технологиор өөрт нь хаягласан сенсацийг өөрөөсөө зайлуулахдаа мастер. Төмөр замын нь хэрэг мандахад Мүүний кино үзүүлчихнэ. Өөрийнх нь зөвлөх Ч.Ганбат ""Либерти Партнерс" компаниараа тендергүй 4.0 сая доллар угаасан хэрэг сөхөгдөхөд ирвэс хамгаалагчийн баримтат кино гаргаад ирсэн. Энэ хооронд зөвлөх жолооч хоёр нь гадагшаа зугтчихсан байх жишээтэй. Одоо өөрийнх нь оффшорын асуудал сөхөгдмөгц илүү онц сонирхолтой С.Батболдын оффшор гэж кино гаргаад ирлээ. Түүний энэ уран мэдрэмж Монголын улс төрийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх нь гарцаагүй.
Төгсгөл: Х.Баттулгаас бусад нь бүгд хулгайч
2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдсаны дараа сайд асан Ё.Отгонбаярын эхнэр 300 тэрбумын хадгаламжтай болж, эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар сейф дүүрэн мөнгөтэй хуулийнханд баригдсан тухай шинэ сериал гарч эхэлсэн. Гэвч удалгүй худлаа болж хэрэг нь хаагдсан түүхтэй. МАН дотроо шударга сайн имижтэй эднийг л онилж шоглох ёстой гэдэг херолог санааг амин найздаа тэр зөвлөж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ингэж л ялах нигуртайг ойлгуулсан ч гэдэг. Шударгууд нь ийм байхад бусад нь бүр бузрын сав гэж ойлгуулах хэний санаанд багтамгүй уран сайханлаг тоглолтыг эцэг л тавьж чаддаг гэх. Ер нь эцэг зөвхөн өрсөлдөгчөө намнадаггүй, өөрт нь саад болж мэдэх стратегийн өрсөлдөгчөө гэмгүй, танихгүй байсан ч мэрдэг зантай гэж АН-ынхан ярьдаг. Цус урсгах нь хувийн тооцоогоор биш улс төрийн тооцооллоор хийгдэх ёстой. Өөртэй нь эн тэнцүү хүн байж болохгүй учраас тодорч товойх, ирээдүйтэй улс төрч гэж харагдах нь намнуулах үндэслэл болдог ч гэх.
Х.Баттулга гэж хүн 2004 оны сонгуулиар Эх орон намаас сонгогдож Монголын улс төрд хөл тавьж байлаа. Улмаар АН-д орж МоАХ-ны тэргүүн болсон. Гурван удаа УИХ-ын гишүүн, хоёр удаа сайд, нэг удаа төрийн тэргүүн гээд ёстой л С.Баярын хэлдэгээр хорвоо түүнд өгөөмөр хандсан. Гэвч тэр хэнд ч өгөөмөр хандсангүй. Эргээд хартал Х.Баттулгын намын нөхөд, багтаа оруулж явсан Ерөнхий сайд нараас авхуулаад амин найз хүртэл цөм хулгайч болчихжээ. Тэднийг цоллох Херолог, Мөнхбаясаалаг технологи одоо ч ажилласаар. “Тангарагийн буга” Г.Батхүү агсан, “Тайваны тагнуул” М.Батчимэг агсан, “Мүүнчин” Л.Гантөмөр, “Сайн ах” Х.Тэмүүжин, “Дэнзэнчин” Н.Алтанхуяг, “7 хаус” С.Баяр, “Оффшорчин” С.Баярцогт “60 тэрбумчин” М.Энхболд, “Хонгилчин” Ц.Элбэгдорж, , “Дубайчин” Б.Бямбасайхан, "Тендерчин” Э.Бат-Үүл, “888-чин” Д.Эрдэнэбат “Тавантолгойчин” М.Энхсайхан “Оюутолгойчин” С.Батболд “Дөчин есчин” Ч.Сайханбилэг Д.Ганболд, Б.Болор, "Эрүүдэн шүүгч" Б.Хурц, Г.Эрдэнэбат гээд херолог мөнхбаясаалаг дүрүүд уртаа үргэлжилнэ. Тэднээс цөөнгүй нь ч шоронд оржээ.
Үзэгчдээ баясгах Оюутолгойчин С.Батболд гэх шинэ кино ойрноос гарч эхэллээ. Зохиол нэг л стилийнх. Эхлээд гадаадын аль нэг жижигхэн шар хэвлэл, блогоор Манай улс төрчийн оффшор, хаусны тухай мэдээ гарна. Аль нэг Цэрэн гадаадын хуулийн байгууллагад гомдол гаргана. Дараа нь гадаадын аль нэг шүүх, прокурор шалгаж эхэлсэн тухай өгүүлнэ. Улмаар Монголын хуулийнхан давхар шалгаж эхэлнэ. Эцэст нь шоронд хийнэ. Гэтэл гадааддаа тэр нь гэмт хэрэг биш болж хаагдана. Долоон хаусаар эхлээд шатахуун шахсан хэргээр дуусна. Тавантолгойг зарах гэсэн хэрэг үнэтэй жип шахсан болж таслагдана. Үр дүнтэй технологи. Ард түмний дуртай кино.
Харин эцэг өөр кинонд дуртай. Аллага хүчирхийлэл, цусаар дүүрэн Загалмайлсан эцэг гэж. Тэнд гардаг хамгийн том мафи болох Женко гэдэг нэрээр вант улсаа нэрлэсэн байх жишээтэй. Энэ киног хөгжингүй орнуудад хууль бус наймаа, авлига, мафиозын үзлийг сурталчилдаг гэсэн үндэслэлээр гаргахыг хориглосон байх нь элбэг. Ихэнх оронд өдрийн цагаар гаргаж болохгүй. Гэтэл түүний гол дүрийн мафийн эзнээр өөрийгөө төсөөлдөг хүнээ бид хааны суудалдаа залчихсан. Бас л хийморьтой ард түмэн л дээ.
О.Цагариг