
Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгийн элсэлттэй холбоотой гомдол, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин "Хичээл сургуулийн элсэлттэй холбоотой 103 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэн байна. Үүнээс 24 өргөдөл гомдол нь нэгдүгээр анги, цэцэрлэгтэй холбоотой гомдол байна. Нийтлэг агуулгаар нь харвал дийлэнх нь түр оршин суугчтай холбоотой. Үндсэн оршин суугчид хаягаараа асуудалгүй бүртгүүлээд явж байгаа.
Гэвч түр оршин суугчдыг оршин суугаагаа нотлох нэмэлт бичиг баримт шаардсанаас үүдэж гомдол гарч байна. Эдгээр гомдол нь 1, 141, 187, 189 зэрэг 7-8 сургууль дээр илүү төвлөрчээ. Гомдол санал дээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхдөө сургуулиудад тодорхой чиглэл өгч байна. Үүнд түр оршин суугчдаас заавал ордер шаардахыг хориглож байгаа. Тухайн айл заавал ордероо үзүүлэх шаардлагагүй гэсэн чиглэлийг сургуулиудад өгч ажиллаж байна. Оронд нь түр оршин суугч гэдгээ нотолсон бусад бичиг баримтаа үзүүлэх шаардлагатай. Өргөдөл, гомдлуудыг шалгахад тодорхой зөрчлүүд илэрлээ. Тухайлбал, зарим нэг хаяг дээр хэдхэн хоногийн дотор маш олон хүүхэд бүртгүүлжээ. Нөхцөл байдал хоёр талтай байгаа учир сургуулийн ажлын хэсэг асуудлыг хурдан шуурхай нягтлан шийдвэрлэж байна" гэлээ.
Р.УУГАНБАЯР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!