Санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ.
“И-Билл үйлчилгээ” нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликэйшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээ юм. Уг үйлчилгээг ашигласнаар иргэд эрчим хүч, орон сууцны ус, дулааны төлбөр, СӨХ, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээ зэрэг тогтмол төлөх хэрэглээний төлбөрүүдээ гар утсаараа төлөх боломжтой байдаг. Хоёр банкны хамтын ажиллагааны хүрээнд “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд нэвтрүүлснээр Голомт банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө хялбар төлөх боломж тэллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Мөн хэрэглэгчид өөрийн сонгосон банк, төлбөрийн аппликейшнээс үл хамааран нэг төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Системийн нөлөө бүхий арилжааны банкнуудын төлөөлөл 2023 онд хамтын ажиллагааны хүрээнд АТМ-ны үйлчилгээг харилцагчдад илүү ойртуулах, үйлчилгээний зардал, шимтгэлийг бууруулах зорилгоор томоохон хамтралыг эхлүүлж байлаа. Энэхүү хамтрал маань харилцагчдадаа хамгийн боломжит үйлчилгээг бага зардлаар богино хугацаанд хүргэх чиглэлийн хүрээнд Голомт банкны SocialPay аппликэйшн болон Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-ээр дамжуулан үргэлжилж байгаа гэж хэлж болно.”
Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын банк санхүүгийн салбар анхлан нэвтрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд харилцагч, хамтрагч байгууллагууддаа Дижитал банк, Нээлттэй банк, Дэд бүтэц хуваалцах үйлчилгээ, Агент банк гэсэн үндсэн технологид суурилсан бизнес загварыг санал болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Дэлхийн жишиг Монголын банк
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!